НИТХ-ын ээлжит хурал энэ сарын 23 нд хуралдах товыг НИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж гаргав. Мөн өнөөдрийн хурлаар Баянхошуу-Ус ОНӨҮГ-ыг ОСНААУГ-ын салбар болгохыг тэргүүлэгчид дэмжлээ. Баянхошуу-Ус ОНӨҮГ нь СХД-ийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр дэхь орон сууцны 15 байр 506 өрхийн 1441 хүн ам, 12 дамжин хэрэглэгч аж ахуйн нэгж байгууллагыг ус дулаанаар хангаж, инженерийн шугам сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажиллаж байна. 24 цагийн турш хэрэглэгчдийн эрэлт хүсэлтийг хүлээн авч барагдуулах ажлыг гүйцэтгэдэг ажээ. Байгууллагын орлого нь ус, дулааны борлуулалт, төлбөрт үйлчилгээнээс бүрддэг тус компанийн хувьд алдагдал жил ирэх тусам өсчээ. Баянхошуу-Ус НӨҮГ-ыг ОСНААУГ-ын салбар болгосноор удирдлагын зардал буурна. Энэхүү тогтоолын төслийг Тэргүүлэгчид дэмжснээр ирэх оны 1 дүгээр сарын 15 наас ОСНААУГ-ын салбар болох юм. Тэргүүлэгчдийн хуралдаанаар шашны зарим байгууллагын тухай, тогтоолд өөрчлөлт оруулах тухай асуудал орж шийдэгдэв. Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд байрлах Ататуркийн нэрэмжит 5 дугаар бүрэн дунд сургуулийн хөлбөмбөгийн талбайд 40 гаруй жил бэлтгэл хийж олон арван спортын алдартнуудыг төрүүлсэн Спортын мастер МУ-ын Гавьяат багш Ч.Шархүүгийн дурсгалын самбарыг тус сургуулийн спорт заалны баруун хананд, Монголын кино урлагийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Зандраагийн дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор түүний амьдарч байсан Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны 10 дугаар байрны хананд дурсгалын самбар тус тус байрлуулах саналыг Тэргүүлэгчид дэмжив.
Эх сурвалж: www.ulaanbaatar.mn