Киотогийн протокол сонирхол татахаа больжээ

Хуучирсан мэдээ: 2011.12.08-нд нийтлэгдсэн

Киотогийн протокол сонирхол татахаа больжээ

Киотогийн протоколд гарын үсгээ тавьсан орнуудын хүчин зүтгэл байгаа ч дэлхийн хэмжээгээр агаар мандалд хаягдах хүлэмжийн хийн хэмжээ дээд хурдаар өсч байна. Хийн хаягдалд тэргүүлэх орнуудын эдийн засгийн уналт, дэлхийн санхүүгийн хямрал нөлөөлсөнгүйг Америкийн хэвлэлээр бичжээ. Киотогийн хязгаарлалт ийм тааруу үр дүнтэй байгаа нь ирээдүйн экологийн шийдлийг тойрсон маргааны галд тос нэмж байна. Үүний зэрэгцээ Орос, Канад ба зарим орнууд Киотогийн хуучирсан протоколоос гарах улс төрийн  аятайхан арга замыг сонгосон нь байгаль хамгаалагч нарын гайхлыг төрүүлж байна.

Даваа гаригт Өмнөд Африкийн Дурбан хотноо цаг уурын өөрчлөлт ба Киотогийн протоколд зориулсан НҮБ-ын бага хурлын хоёр дахь долоо хоног гараагаа эхлэв.  Яриа хэлцэлд бараг 200 орчим орны төлөөлөгчид оролцож байна. Хурлын дэгд Киотогийн протоколын бүрэн эрх төгсөх 2012 оны дараах дэлхийн экологийн байдлын асуудал орсон байгаа. Протокол нь 1997 онд батлагдсан ба хүн төрөлхтний түүхэн дэх гарын үсгээ зурсан орнууд нь заавал биелүүлэн мөрдөх хуульзүйн цорын ганц экологийн баримт юм. Түүнд дэлхийн ихэнх орон нэгдсэн байгаа. Киотогийн протокол нь улс орнуудыг хүлэмжийн хийн хаягдлаа бууруулах үүрэг хүлээлгэсэн байдаг. Түүнд гарын үсгээ зураагүй орнуудын тоонд АНУ багтдаг. Суурь төвшнөөр нь 1990 оныг сонгосон байдаг.

Global Carbon Project байгууллагын шинжээчдийн судалгаагаар 1990 оноос эхлэн дэлхийн хорт хийн хаягдлын хэмжээ суурь төвшнөөсөө буурсангүй. Харин ч эсрэгээр 50 хувиар нэмэгдсэн байна. Сүүлийн арван жилүүдэд хийн хаягдал жилд гурван хувиар өссөн нь 1990 оныхоос гурав дахин хурдтай байна. Энэ хандлагыг даяарчлалын санхүүгийн хямрал ч бууруулсангүй. Хүрээлэн буй орчны бохирдолд хамгийн их хувь нэмрээ оруулж байгаа орнууд нь Хятад, Энэтхэг, АНУ, ОХУ, Европын холбоо болж байна. Одоо дэлхийн хамтын нийгэмлэг нь Киотогийн протоколоо сунган үргэлжлүүлэх үү эсвэл олон улсын цоо шинэ экологийн баримт батлан гаргах уу гэсэн хоёр сонголтын өмнө ирээд байна. Улс төрийн боловсон замаар Киотогийн хязгаарлалтаас гараад тодорхойгүй хугацаанд асуудлын шийдзвэрийг хойш тавих гэсэн гурав дахь сонголт ч байна. Тэр замыг зарим нэг улс орон шилэхээр шийдээд байгаа бололтой.

Киотогийн гэрээнээс гарч магадгүй гэдгээ Канад үгүйсгээгүй гэж өмнө нь гадаадын хэвлэлээр бичиж байлаа. Экологийн шаардлагыг биелүүлэхгүй байгаа улс орнууд үлдэж байхад агаар мандлын хаягдлын талаарх ямар ч шинэ баримтад гарын үсэг зурах нь утгагүй гэсэн тайлбарыг Канадын Засгийн газар хийжээ. Киотогтйн протоколд хамгийн үнэнч нь Европын холбоо хэвээр байгаа. Европ 2050 он гэхэд хүлэмжийн хийн хаягдлаа 80 хувиар бууруулахаар  үүрэг хүлээгээжээ. Гэхдээ хөгжиж буй эдийн засгийн хувьд хаягдлыг цаашид бууруулах нь том ачаалал юм. Тухайлбал, Хятад хүрээ­лэн буй орчны бохирдолтоор дэл­хийд тэргүүлж байгаа ба түүнийг дагаад АНУ, Энэтхэг, зарим нэг мэдээл­лээр Орос явж байна. Хятад ба хөгжиж буй орнууд өөрсдөд хатуу тодорхой шийдвэр гаргуулахын  эсрэг байгаа нь мэдээж. Яриа хэлцэлд ойр эх сурвалжуудын үнэлгээгээр Оросын тал ч ажил хэрэгч яриа хэлцэлд дургүй байгаа гэнэ.

Орос ил биш улс төрийн тог­лоом явуулж байна хэмээн байгаль хам­гаалагчид үзэх болов. Оросууд цаг дэмий алдан Киотогийн протоколоос үйлдвэрлэлийн экологийн шинэчлэл хийх ашиг гаргаж чадахгүй байна. Киотогийн протоколын үйл ажиллагаа­ны цагаар Орос цаг алдсанаас гадна экологийн ямар нэгэн нэвтрэлт хийж чадсангүй хэмээн “Оросын Гринпис” гэх эрчим хүчний хэмнэлтийн хөтөл­бөрийн удирдагч  Игорь Подгорный хэлж байна. Эрх баригчид аж үйлд­вэрлэлийн шинэчлэлийн талаар ихээхэн ярих боловч тус оронд эрчим хүчний хэмнэлт ба сэргээдэх эрчим хүчний хөгжлийн талаар хэрэгжүүлж болох төслийн тооны бүтэлгүй квота байгааг тэр санууллаа. “Өнөөдөр Оросын эрх баригчид Киотогийн протоколыг хэрэг­жүүлэх хүрээнд олон тооны төсөл бүрт­гэгдсэн гэж ярьдаг. Гэтэл тэр төслүү­дийг хэрэгжүүлэх маш ээдрээтэй ме­ха­низм нь ирээдүйн хөрөнгө оруулагч нарыг айлгаж байна” гэдгийг бас нэг өөр мэргэжилтэн хэлэв. Одоогоор үйлдвэрлэлийн экологийн шинэчлэл гэхээр хэдэн арван төсөл хэрэгжүүлсэн гэж Подгорный хэлэхдээ жишээ болгон Оросын хойд хэсгийн модны үйлдвэрүүдийг нэрлэв. Үйлдвэрүүд өөрсдийн хаягдлыг био хий болгон өөрсдийгөө эрчим хүчээр хангаж байгаа гэнэ. Гэтэл Воскресенский гэх мэргэжилтний хэлснээр Киотогийн протоколын хүрээнд үйлдвэрлэлийн эко­логийн шинэчлэлийн ганцхан төслийг хэрэгжүүлсэн байх юм. “Газпром нефть” өөрийн ордоос дахин боловсруулах үйлдвэрлүүгээ хоо­лой татсан нь замд хийн шаталт гаргахгүй болгожээ. Үүний урамшилд нь “Газпром нефть” Японы Mitsubishi ба Nippon Oil компаниудаас технологи болон тоног төхөөрөмж авсан байна.

Одоо Орос ямар нэгэн хүчин зүт­гэлгүйгээр хийн хаягдлыг 1990 оны­хоос 35 хувиар бууруулсаныг “Эко­защита!” байгууллагын дарга нарын нэг Владимир Сливяк сануулж бай­на. Копенгагены бага хурал дээр ерөн­хийлөгч Дмитрий Медведев нь 2020 он гэхэд агаар мандалд хаягдах хүлэмжийн хийн хэмжээг 1990 оныхоос 25 хувиар багасгана гэж мэдэгдсэн байв. Энэ бүгдээс харахад бууруулалт гэх нэрийн дорүнэн хэрэгтээ 10 хувийн нэмэгдлийг гаргаж байна хэмээн Сливяк хэлжээ. “Албан ёсны тоо баримтаар бол Орос хийн хаягдлын бодит бууралтыг хийх оролдлого хүсэлгүй” гэж тэр дүгнэв.

Киотогийн протоколоор хаягдлын квотийн наймаа хийх механизм үйлчилдэг.  Агаар мандлын бохирдлын хэмжээг буулгасан орнууд хаягдал гаргах эрхээ бусад орнуудад худалддаг. Энэ механизм нь ерөнхийдөө үйлчилж агаарын бохирдлыг бууруулж чад­сан­гүй. Механизм үр дүнгүй бол­сон нь албан тушаалтнуудын ал­сын хараагүйгээс үүдэлтэй гэж мэргэжилт­нүүд үзэж байна.

Ш.Мягмар

Эх сурвалж: "Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж