Хэдийгээр орон нутгийн хурал чуулганы бүрэн эрх хамгийн бага ч гэсэн Засгийн газрыг шүүмжлэгч нарыг сонгуулийн бүртгэлээс хасч байна. Гадаадын зарим шинжээчдийн үзэж байгаагаар 2012 онд тус орны лидерүүд солигдохоос өмнө эрх баригчид олон нийтэд тавих хяналтаа чангатгаж байгаа ажээ.
Таван жилд нэг удаа Дундад улсын сум, хошууд ба жижиг хотууд, хотын дүүргүүдийн Ардын төлөөлөгчдийн хурлаа сонгодог. Эдгээр хурлаас муж болон төвийн захиргааны хотуудын депутатуудыг сонгоно. Тэд нар нь Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн чуулган буюу парламентаа сонгоно.
Одоо хууль тогтоох байгууллагын доод шатны сонгуулийн кампанит ажил болж байна. Далайн эргийн зүүн мужуудад иргэний нийгмийн элемент болох дунд ангийнхан бүрэлдэн бие даасан нэр дэвшигчдийг гаргаж ирэх хандлага өсөн нэмэгджээ. Энэ талаар албан ёсны мэдээлэл байхгүй ч орон нутгийн засаг захиргаа нь энэ үйл ажиллагааг дургүй хүлээн авч байгаа нь ойлгомжтой болов.
Тус орны удирдлага ирэх жил болох Комммунист намын 18 дугаар их хурлын өмнө нийгмийн тогтвортой байдлыг хадгалж байхын тулд эрх баригчид түгшиж буй. Энэ их хурлаар удирдлагын жолоог шинэ хүмүүс авах ёстой.
Баян, хоосны ялгаа ихсэж байгаа явдал хүн амын дургүйцлийг гаргах бас нэг шалтгаан болоод эхлэв. Эдийн засгийн өсөлт удааширч, ажилгүйдлийн төвшин нэмэгдэх тохиолдолд олон нийтийн эсэргүүцлийг гаргуулахгүйн төлөө эрх баригчид хичээж байна.
Сонгуульд намын батламжаар биш, өөрөө нэр дэвших хүмүүс гарч буй нь Бээжингийн хувьд бас нэг ер бусын үзэгдэл болжээ. Тийм нэр дэвшигчдийн мандатыг хэрхэн хүчингүй болгодогийг New York Times сонин өгүүлж байна.
Бээжин хотын Олон улсын судалгааны их сургуулийн доцент Цяо Му, өөрийн районы хуралд нэрээ дэвшүүлэхээр шийдсэн байна. Түүнийг оюутнууд нь хүчтэй дэмжсэн аж. Тэрээр сонгогчидтойгоо нийгмийн сүлжээ болон интернэтийн бусад хэрэгслээр холбоо барьж байв. Цяогийн уриа нь энгийн байлаа. Оюутнуудыг хурдтай интернэтээр хангах, тэдний кафеторид биш чөлөөт танхимд хичээллүүлэх, муу усны нүх, хогийг оюутны байрнаас холдуулан зайлуулах гэх мэтийн уриатай байв.
Кампанид нь түүний эхнэр, охин оролцон Цяогийн өмнөөс зураг, ухуулах хуудсыг тараажээ. Цяо өөрөө бас хамаагүй дуугараад байх ёсгүй ч юм шиг байв. Гэрэл зургийн дор “Хэрэв санал өгөгдөхгүй бол би хэрхэн та нарыг хамгаалах билээ” гэсэн үг бичигджээ.
Цяогийн уриа нь улс төрийнх биш байсан ч тэр нэрээ дэвшүүлэхэд шаардлагатай 500 санал цуглуулсан байв. Гэвч түүнийг нэр дэвшигчдийн жагсаалаас хасан оронд нь их сургуулийн орлогч захирал бас нэг даргын нэрийг үлдээсэн байжээ. Албан тушаалтнууд оюутны эцэг эхэд утасдан тэдний хүүхдүүд доцентыг дэмжин хууль бус үйл ажиллагаа явуулж байна хэмээн сануулсан байв. Бас Цяо бол Америкийн Элчин сайдын яамны зэвсэг, гадаадын хэвлэл мэдээллийн гар хөл гэсэн цуу тараасан байна.
Энх тайван ба Хятадын Бээжингийн институтын мэдээгээр ийм зүйл Шанхай, Ухань хотуудад гарч байгаа гэнэ. Бие даан нэр дэвшигчид хуралд сонгогдохгүй болжээ. Ерөнхий сайд Вэнь Жябао ярихдаа Хятадад улс төрийн шинэчлэл хэрэгтэй гэсэн. Гэтэл тэр нь удаан хугацаагаар хойш тавигдаж байгаа бололтой. Нийгмийн аюулгүй байдлыг хангах хариуцлагыг хүлээсэн ХКН-ын Төв хорооны гишүүн Жоу Юнканийн үгээс тэр нь илт байна. Тэрээр “нийгмийн удирдлагыг” бэхжүүлэхээр уриалсан байлаа. Энэ уриан дор олон зүйл агуулагдаж байгаа. Интэрнетийн хяналтыг чангатгах, эсэргүүцлийн ажиллагааг цагдаагийн хүчээр урьдчилан зогсоох, хүн амын бага орлоготой давхаргад нийгмийн баталгааг олгох зэрэг энд орж буй.
Урьдчилан зогсоох сануулгын шаардлагыг зах зээлийн ээдрээтэй байдлын улмаас хийх ёстой гэж Жоу тайлбарлажээ. Даяарчлалын эдийн засгийн хямрал нь Хятадад үймээн самуун гаргана хэмээн Бээжин болгоомжилж байгаа. Хятадын лидерүүд эдийн засгийн өнөөгийн өсөлтийг байнга барьж чадахгүйгээ ойлгож байна. Хэрэв өсөлт нь эрс буурвал тэр нь хөдөлмөрийн зах зээлд нөлөөлнө. Үүнийг шийдэн туулах асуудалыг Хятадын удирдлага даван шийдэх ёстой болж буйг шинжээчид хэлж байна.
Эх сурвалж: "Ардын эрх" сонин