Н.Энхбаярын туслахыг хорих ёстой гэв

Хуучирсан мэдээ: 2011.12.07-нд нийтлэгдсэн

Н.Энхбаярын туслахыг хорих ёстой гэв

МАХН-ын дарга Н.Энхбаярын туслах Б.Тулгыг  “Өргөө” зочид буудал, Улаанбаатар хэвлэх үйлдвэрийн хувьчлалын хэрэгт холбогдуулан өнгөрөгч сарын 22-ны  өдөр баривчилсан.  Харин Сүхбаатар дүүргийн шүүхээс уг асуудлыг өчигдөр хэлэлцээд  Б.Тулгыг үргэлжлүүлэн хорих шаардлагагүй хэмээн үзэж батлан даалтад гаргасан юм.

Үүнийг нийслэлийн прокурорын газраас эсэргүүцэж, Б.Тулгыг үргэлжлүүлэн хорих ёстой гэх албан бичгийг Сүхбаатар дүүргийн шүүхэд өгсөн байна. Үүнээс болоод УМБГ, нийслэлийн Прокурорын газрын гадаа Б.Тулгыг суллахыг шаардсан иргэд дахин жагслаа. Тэд Б.Тулгыг суллаж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахаа зогсоохыг шаардаж байгаа аж. Улмаар уг хэрэгт хяналт тавьж буй хяналтын Прокурор О.Мөнхбаатарын биед халдаж, чирч гулдарсан байна. Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан нийслэлийн Прокурорын газрын орлогч дарга Ё.Сагсай өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Мэдээлэл хийхэд Б.Тулгыг баривчилсныг эсэргүүцсэн иргэд Монгол ньюс мэдээллийн төвд хүрэлцэн ирсэн байв. Прокурорын байгууллагын зүгээс  “Б.Тулгыг хуулийн хүрээнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Гэтэл иргэдийн зүгээс хууль бус шаардлага тавьж, мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулж байна. Тиймээс энэхүү үйлдлээ нэн  даруй зогсоохыг жагсагчдаас хүсье” гэв.

Нийслэлийн Прокурорын газрын орлогч дарга Ё.Сагсай “Аливаа хэргийг шалгахад мөрдөн байцаалтын нууц гэж бий. Тэр нууцыг задруулбал эрүүгийн хариуцлага хүлээнэ. Б.Тулгад холбоотой хэргийн мөрдөн  шалгах ажиллагаа дуусаагүй учир энэ талаар мэдээлэх боломжгүй. Мөн эрүүгийн байцаан шийтгэх хуулинд сэжигтэн яллагдагчид таслан сэргийлэх арга хэмжээг төрлөөр нь тодорхой заасан. Үүний нэг төрөл нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ. Сэжигтнийг цагдан хорих үндэслэл нь Эрүүгийн  байцаан шийтгэх хуулинд бий. Энэ үндэслэлээр Б.Тулгын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэн авах ёстой гэж үзэж байгаа. Энэ үндэслэлээ Сүхбаатар дүүргийн шүүхэд албан ёсоор өгсөн” гэв. Сүхбаатар дүүргийн шүүх Прокурорын байгууллагаас ирүүлсэн эсэргүүцлийг маргааш хэлэлцээд, Б.Тулгыг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх аж.

 
С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж