Нөхөн сэргээх төв шинэ байртай болно

Хуучирсан мэдээ: 2011.12.07-нд нийтлэгдсэн

Нөхөн сэргээх төв шинэ байртай болно

Дорнод аймагт 2003 онд Английн хүүхдийг ивээх сангийн дэмжлэгтэйгээр Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн “Нөхөн сэргээх төв” байгуулагдсан. Нэг их эмч, нэг сувилагчтайгаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд эмчилгээ үйлчилгээ үзүүлж байгаа энэ нөхөн сэргээх төвийн үйл ажиллагааг өргөжүүлэхээр болжээ.  Ирэх онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 150 сая төгрөгөөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн нөхөн сэргээх төвийн байр барихаар болсон байна. Ингэснээр Дорнод аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн нөхөн сэргээх төв үйл ажиллагаагаа өргөжүүлж, шаардлагатай тоног төхөөрөмжтэй болж, тэдэнд үзүүлж буй эмчилгээний үр дүнд ихээхэн өөрчлөлт гарах нь ээ.

Тус төвөөр одоогийн байдлаар  730 гаруй  хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд тогтмол үйлчлүүлж, эмчилгээ авдаг гэнэ. Саяхан төвийн эмч мэргэжилтнүүд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоотой хамтран Дорнод аймгийн 13 сум, аймгийн төвийн 10 багт үзлэг оношлогоо хийж,  хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг эрт илрүүлэх судалгааг явуулжээ. Энэ судалгаанд 1100 гаруй хүүхэд хамрагдсанаас хөгжлийн бэрхшээлтэй 630 хүүхдийг бүртгэсэн байна. Хэл яриа, сонсгол, хөдөлгөөний сааталтай, сул хараатай, оюун ухааны хомсдолтой 200 гаруй хүүхдийг илрүүлж, эмчилгээ үйлчилгээндээ хамруулсан байна. Судалгаанд хамрагдсан хүүхдүүдээс тархины саажилттай хүүхдүүд ихэнх хувийг эзэлжээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нөхөн сэргээх төвд өнгөрсөн хугацаанд 700 гаруй хүүхдийг эмчилгээ сувилгаанд хамруулсны 18.2 хувь нь эдгэрч, 71.3 хувь нь сайжирч, үлдсэн нь сайжрал аваагүй байна.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж