
Ардчиллын бэлгэдэл болсон цэнхэр өнгийн хивсийг Соёлын төв өргөөний төв хаалганы өмнө дэвсч анхдагч алтан хараацайнуудаа угтан ёсолсноор өчигдрийн арга хэмжээ эхэллээ. Хорин хоёр жилийн тэртээ 20,30-аад настай явсан ардчилагчид өдгөө үсэнд нь мөнгөн сор суусан, энгэрт нь Эрх чөлөөний одон гялалзсан буурьтай эрхмүүд болжээ. Ганцхан Москвагийн хараан дор байсан монголчуудад даяар ертөнцийн зүг цонх нээсний баярын эхлэл ийм байв.
Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг уур цан савссан, өвлийн жавар тачигнасан ийм цагаар ардчилагчид жагсаал цуглаанд нэгдэж ард олноо шинэ нийгмийн төлөө тэмцэлд уриалан дуудсаныг онцолсон бол УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг энэ баяр нэг нам, нэг хүний баяр биш, нийт Монголын ард түмний баяр гэдгийг цэнхэр хивсний ёслол дээр хэллээ.
Монголчууд нэг л биш амьдарч буйгаа ухаарч 1990 онд тоталитар дэглэмийг сөрөн социалист нийгмийг шинэ чөлөөт нийгмээр солихоор Хонхны дуутай жагсч байсан бол өдгөө Киргиз, Мьянмар зэрэг орон Монголын замаар ардчилсан замд хөл тавьж байна. Монголын ардчилалд хэдийнэ тэн даах тэнхээ сууж Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг хоёр жилийн хугацаанд даргалах үүргийг өнгөрсөн зун хүлээсэн. Эртний Грект аливаа хэргийг шийдэхдээ хар, цагаан чулууны аль нэгийг сонгон нийтээрээ саналаа өгдөг байснаас улбаатай ардчилал өнөөг хүрэхдээ амар хялбар зам туулаагүйг Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг онцолсон юм.
Монголын ардчилал өнөөдөр үндсэн гурван үзүүлэлтээр илэрч байгааг тэрбээр хэллээ. Энэ нь ардчилал, хүний эрх, эдийн засгийн эрх чөлөөний үзүүлэлт. Өнөөдөр Монгол Улс ардчиллын байдлаар дэлхийн 167 орноос 64-т, эдийн засгийн эрх чөлөөгөөр 179 орноос 94-т, харин хүний хөгжлөөр 165 орноос сүүл мушгиж яваа аж. Ядуурал, хорт хавдар, ажил эрхлэлтийн байдал зэрэг нь хүний хөгжлөөр Монголын үзүүлэлтийг ийнхүү “уруу” татжээ. Эдийн засгийн эрх чөлөөний байдлаар ч чамлалттай үзүүлэлттэй явна. Ардчилсан хувьсгалаа эдийн засгийн хувьсгалаар үргэлжлүүлнэ гэдгийг хуралд оролцогсод хэлж байсан юм.
Ардчилсан нам дэлхийн энтэй монгол хүнийг хөгжүүлэхээр “Монгол хүн-2020” хөтөлбөрийн шан татаж, аймгуудаар 28500 км зам туулан сурталчилж байна. Үүнийг Монголын түүхэнд байгаагүй олон түмний индэр боллоо хэмээн Ардчилсан намынхан дүгнэж байгаа юм. Дэлхийн ардчилсан холбооноос Ардчилсан намыг ажиглагчаас жинхэнэ гишүүн болгон авчээ. Үүнийг тус намынхан 22 жилийн тэмцлийн үр дүн хэмээн үзэж буй. Саяхан улс төрийн нэг нам байгуулах хэмжээний 801 залуус Сонгинохайрхан дүүргээс Ардчилсан намд элссэнийг Н.Алтанхуяг дарга онцлон хэлж байлаа.
УИХ-ын гишүүн, Монгол Улсын баатар Э.Бат-Үүл өөрт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн гардуулсан баатрын одонг ардчиллыг эхлүүлсэн мянга мянган хүний төлөөлөл болгон гардуулсныг хэлж, алтан хараацайнууд ч алга ташин угтсан юм. “Нэг нэг өдрөөр ээлжилж зүүе” гэж зарим нь хошигнож байлаа.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг социалист байсан орнуудыг 1990-ээд онд хамарсан ардчилсан хувьсгал гурван үе шат дамжсаныг хэллээ. Эхнийх нь 1990-ээд оны ардчилсан хувьсгал, дараагийнх нь өнгөт хувьсгалууд, тэгээд Арабын хавар. Монголын ардчилсан хувьсгал улс орны нэрийн хуудсыг өөрчилж чадсаныг, бусад орны 200 жилд туулсныг монголчууд 20-хон жилд хийснийг бахархалтай тэмдэглэлээ.
Монголд өнөөдөр ардчилал бүрэн төгс хөгжөөгүй, “өө сэвтэй” ардчилал гэсэн ангилалд багтаж дэлхийн орнуудаас 64 дүгээр байрт явна. Үүнийг засч залруулах ёстойг ч ярилцлаа. Хуралд ирсэн ардчилсан хувьсгалын “партизан”-ууд ардчиллын хэрэгжилтэд “дунд зэрэг” гэсэн үнэлэлт өгч байв.
Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат Ардчилсан нам анхнаасаа шинэчлэгчдийн нам байсныг тэмдэглээд туг барьж олхиогүй үг хэлж тэмцэж явдаг цаг өнгөрснийг сануулж бодит эдийн засгийн нөөцөө тодорхойлж эрчимтэй хөгжлийн замд орох хэрэгтэй гэсэн юм. Мөн бэлэн мөнгө хараад суух биш, ардчилал, хөдөлмөр хоёр хамт гэдгийг анхаарч явахад илүүдэхгүйг алтан хараацайнуудад зөвлөлөө. 2020 он гэхэд бүх иргэнээ чинээлэг болгохын төлөөх тэмцэлд гишүүдээ уриалснаар арга хэмжээ өндөрлөв.