Томилолт авсан гишүүн

Хуучирсан мэдээ: 2011.12.07-нд нийтлэгдсэн

Томилолт авсан гишүүн

Aрдчилсан намын баярын өдрөөр УИХ-ын гишүүн З.Энхболд Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцүүлжээ. Түүнд Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн най­руулгын төслийн ажлын хэсгээс ийм “томилолт” өгсөн талаар твиттер хуудастаа бичсэн байна билээ. Төслийн гол агуулга нь ард нийтийн санал асуулга, Ерөнхийлөгч, УИХ, аймаг, нийслэлийн ИТХ-ын сон­гуулийн үед нэгээс дээш удаа санал өгөхийг оролдсон, ийм үйл ажиллагаанд татан оролцуулсан нөхцөлд гурваас дээш сарын хугацаагаар баривчлан саатуулах тухай юм. Бас уг ажлыг зохион байгуулсан, будилаантуулсан тө­рийн албан тушаалтныг төрийн албанд ажиллах эрхийг нь хоёр жилийн хугацаагаар түдгэлзүүлэх санал оруулжээ. З.Энхболд ги­шүүний энэхүү саналыг байнгын хорооны гишүүд ч дэмжиж УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхээр болсон байна. Харин гишүүний санал УИХ-ын нэгдсэн чуулганаар ороод хэрхэх бол гэдэг нь анхаарал татсан асуудал. Угтаа бол сонгогч өөрийнхөө итгэл үнэмшлээр нэг л удаа сонгууль өгдөг. Гэтэл зарим хүний нэрийг цаанаас нь зохион байгуулалттайгаар өөр хэсэг рүү гулгуулчихдаг тохиолдол мэр сэр байдаг. Харин түүний энэ са­наачилга Сонгуулийн тухай хуу­лийн шинэчлэлд шингэж чадвал мар­гаан дагуулсан нэг ч гэсэн асуудал шийдэгдэнэ гэсэн үг. Гэх­дээ монголчууд ч сонгууль бу­ди­лаантуулж сурсан хүмүүс. Ирэх жил арга нь бүр нарийссан байхыг З.Энхболд гишүүн тааварлах л хэрэгтэй дээ.

Б.Энхмөнх

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж