АНУ-д ажлын хувцас экспортолж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.12.07-нд нийтлэгдсэн

АНУ-д ажлын хувцас экспортолж эхэллээ

“Цогт рршихуй” ХХК нь Улаанбаатар хотын захын гэр хороололд оёдлын жижиг бизнесийн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг. Тус ком­пани 2009 оны есдүгээр сараас эхлэн “Оюутолгой” ХХК-тай хамтран ажиллаж ажлын хув­цас нийлүүлж эхэлснээр бизнесийн ор­логоо гурав дахин өсгөх боломжтой болсон байна.  Тус компанийнхан өнгөрсөн арваннэгдүгээр сараас эхлэн дэлхийд томоохонд тооцогдох зэс үйлдвэрлэгчдийн нэг  “Рио Тинто” компанийн АНУ дахь Кеннекот Ютагийн зэсийн уурхайн ажилчдад зориулан өвлийн улиралд хэрэглэхэд тохиромжтой аж­лын хувцсыг  экспортолж эхэллээ. Тэд эх­ний удаагийн захиалгаар 215 ширхэг аж­лын хүрэм үйлд­вэрлэн 8.5 сая төгрөгийн  бараа бү­тээгдэхүүн нийлүүлсэн аж.  Энэ талаар “Цогт оршихуй” компанийн эзэн Н.Баясгалан “Оюутолгой” компанитай хамт­ран ажилласнаар ажилч­дын маань амьдрал ахуй сай­жирч, улсад 30 орчим сая төгрөгийн татвар төлж байгаадаа бид баяртай байна.

Бизнес маань улам сайжирч бүх зээлээ төлж дууслаа. Ирэх жилээс бид үйлдвэрээ улам өргөжүүлэхээр төлөвлөөд байна” хэмээн ярилаа.

“Цогт оршихуй” компани нь анх гурван ажилчинтайгаар үйл ажиллагаа явуулдаг бай­сан бол “Оюутолгой” ХХК-тай хамтран ажиллах болс­ноор ажлын байрны тоог нэмэгдүүлэн есөн ажилтантай болжээ. Түүнчлэн  тоног тө­хөө­рөмжөө сайжруулан ши­нээр дөрвөн оёдлын машин нэмж авсан байна. Ийнхүү гэр хорооллоос гараагаа эхэлсэн жижиг бизнес эрхлэгчийн хувьд дэлхийн хэмжээний том уурхайн нэгэнд бүтээгдэхүүнээ нийлүүлж, олон улсын зах зээл дээр өрсөлдөнө гэдэг нь бахархууштай юм. “Оюутолгой” ХХК-ийн бичил бизнесийн хангамжийн үйл ажиллагаа хариуцсан ажилтан Б.Цэрэнчимэд “Монгол Улсын бичил бизнес эрхлэгчийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг АНУ-д нийлүүлэх тэр үе миний амьдралын мартагдашгүй мөчүүдийн нэг байсан” хэмээн ярьсан юм. Энэ талаар “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх ерөнхий захирал Камерон МакРей “Оюутолгой” ХХК-ийн Хангамжийн хэлтсийнхэн “Цогт оршихуй” компаниар бахархаж байна. Оюутолгойн уурхайгаас хүдэр олборлон экспортлохоос өмнө анхны бодит эскпортыг “Цогт оршихуй” ХХК-ийнхан хийлээ гэж бид хошигнон ярьж байгаа. Энэхүү анхны экспорт нь бичил бизнес эрхлэгчид болон манай компанийнханд ихээхэн өндөр ач холбогдолтой юм. Энэ бол гайхалтай амжилт. Миний бие “Цогт Оршихуй” компани болон Оюутолгой төслөөс дэмжин ажилладаг бүх бичил бизнес эрхлэгчдэд ажлын болон ашиг орлогын өндөр амжилтыг хүсэж байна. Бид улс орны бизнесийн хэтийн төлөвт томоохон өөрчлөлт оруулж байгаа. Цаашид ч Монголын ханган нийлүүлэгчдэд “Рио Тинто”-оор дамжуулан бизнесээ өргөжүүлэх олон боломж гарна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Одоогоор Кеннекот уурхай нь өвлийн хувцас авах нэмэлт захиалгыг ирүүлээд байгаа юм байна. Энэхүү захиалгыг Өмнөговь аймгийн бичил бизнес эрхлэгч ханган нийлүүлэгчид  бэлтгэн нийлүүлэх юм. Дашрамд дурьдахад өнгөрсөн сарын сүүлчээр “Оюутолгой” компанийн хангамжийн хэлтсийн Oрон нутгийн хангамжийн баг талархлын болон шинэ жилийн баярыг тохиолдуулан монгол гар урлалын үзэсгэлэн худалдааг зохион байгуулсан билээ. Уг үзэсгэлэн худалдааг орон нутгийн гар урчуудыг дэмжих, бүтээлийг нь нийтэд сурталчлах, бүтээгдэхүүний чанарыг сайжруулж, зах зээлд өрсөлдөхүйц бодит үнэ тогтоох, Оюутолгой төслийн талбайд ажиллаж байгаа гадаад, дотоодын иргэдэд хэрэгцээтэй бүтээгдэхүүнээ үйлдвэрлэгчээс нь шууд худалдан авах боломж зорилгоор зохион байгуулжээ. Энэ үеэр Өмнөговь аймгийн 20 урлаач эсгий эдлэл, арьсан урлал, үндэсний хувцас, мөнгө, үнэт эдлэл, чулуун болон модон сийлбэрийн төрлөөр их хэмжээний захиалга авсан аж.

Мөн нийслэлийн урчууд болон “Дорнын эсгий” ХХК-ийнхан эсгий зураг, хонины нарийн ноосоор урласан сүлд модны чимэглэлээр, Баян-Өлгий аймгийн төлөөлөл төрөл бүрийн уран хатгамал бүхий эдлэлээр үзэсгэлэн худалдаанд оролцож, есөн сая  төгрөгийн борлуулалт хийж, 360 мянган төгрөгийн захиалга авсан юм. Үзэсгэлэн худалдааны үеэр 10 мянган төгрөгийн бүтээгдэхүүн худалдан авсан үйлчлүүлэгч бүрт сугалаа олгож, 10 азтан шалгаруулан гар урчуудын бүтээлээр урам­шуулсан. “Оюутолгой” ХХК-ийн Орон нутгийн хангамжийн багийнхан  үзэсгэлэн худалдаанд оролцогчдын унаа, хоолны зардлыг дааж холбогдох мэдээлэл, зөвлөгөө өгөх ажлыг бүрэн хариуцсан байлаа. Үзэсгэлэн худалдаанд оролцсон гар урчууд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, цаашид тус тусдаа биш, хамтран ажиллахаар санал нэгдсэн юм. Тэд уул уурхайн бусад компанид үзэсгэлэнгээ гаргах боломжийн талаар ярилцахын зэрэгцээ “Үзэсгэлэн худалдаанд оролцох талаар туршлага судалсан нь ихээхэн үр дүнтэй боллоо” хэмээцгээж байлаа.

Л.Баярмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж