В.Путиний “Ботокс” төлөвлөгөө ба МАНАН

Хуучирсан мэдээ: 2011.12.07-нд нийтлэгдсэн

В.Путиний “Ботокс” төлөвлөгөө ба МАНАН

В.Путиний “Ботокс” тө­лөвлөгөө амжилттай хэрэгжив. Д.Медведев тэргүүтэй Нэгд­сэн Орос намынхан түүнд 2012 онд тохиох 60 насных нь төрсөн өдрөөс урьтаж Тө­рийн тэргүүний сэнтийг да­хин “бэлэглэх” нь тэр. Москва, Санкт-Петербург хот­­ноо Төрийн Думын сон­гуу­лийн санал хураалтын дүнг эсэргүүцсэн олон ний­тийн цуглаан болж байгаа ч КГБ маягийн улс төрийн хү­чир­хийлэлд хүчин мөхөстөж бай­на. Учир нь В.Путин бол Оро­сын улс төрийн “чемодан” до­торхи цөмийн зэвсэг юм. Тэр­бээр Борис Ельцинээс Крем­­лийн эрх баригчийн түл­хүү­рийг 2000 онд хүлээн ав­сан бол өдгөө Ерөнхийлөгч Д.Мед­ведевээс эрх мэдлийн орд харшаа эргүүлэн авч бай­на.

Орос тагнуулч дүр төрхөө эрс өөрчилжээ. Эрүүл чийрэг бие бялдартай, загасны уур­га барин бардам зогсох В.Путин арьсандаа ботокс тариулж, өө сэвгүй толигор ца­райтай “залуу” В.Путин болж харагдах болов. Дүр төрх, улстөрчийн имиждээ ийн технологийн шинэчлэл хийсэн түүнийг Ерөнхийлөгч Д.Медведев өн­гөрсөн намар Нэгдсэн Орос на­мын их хурлын индэрт урьсан юм. КГБ “”школа”-той Ерөнхий сайдын нэр хүнд, ноёрхол тус намын оршин тогтнох амь тариа нь учраас арга ч үгүй биз. Д.Медведевийн удирдсан сонгуулийн шта­бынхан В.Путинийг Төрийн Ду­мын ээлжит сонгуульд ялалт байгуулах гол бэлгэдлээ болгосон нь ч талаар болсонгүй. Тэд засаглалыг 2016 он хүртэл хяналтдаа байлгаж, Кремлийг Владимир Владимировичийн мэдэлд дахин шилжүүлэх нь ойлгомжтой боллоо. Эрх баригчдад таатай ханддаг ард түмэн гэж үгүй. Харин эрх баригчид түүхийг өөрсдөдөө зориулан бичдэг нь ОХУ-ын Төрийн Думын сонгуулийн үр дүнгээс тодорхой харагдана. Эрхүү, Улаан-Үд… Өнгөрсөн ням гарагт болсон санал хураалтын үеэр эдгээр хотынхон Нэгдсэн Орос намд “Nо” гэсэн хариу өгсөн нь ажиглагчдын дуранд өртсөн. Гэвч бүс нутгуудыг хяналтдаа авсан эрх баригчид асар их үнээр биш, харин эрх мэдлийн хүчээр ялалтын тугаа мандуулж чадлаа. Төрийн Думын 450 суудлын 238 нь Нэгдсэн Орос намд, 92 нь Коммунист намд, 64 нь Шударга Орос намд, 56 нь Либераль ардчилсан намынханд оногдов. Энэ сарын 19-21-ний үед үйл ажиллагаагаа албан ёсоор эхлэх Төрийн Думд ийм баг бүрдлээ. Цагаан ордныхны зүгээс “Орост маш бүдүүлэг сонгууль боллоо” хэмээн мэдэгдэж, Борис Немцов тэргүүтэй “Бүгдийн эсрэг” хөдөлгөөнийхөн санал хураалтын дүнг эсэргүүцэж байгаа ч В.Путиний улс төрийн цаг зогсолтгүй урагшилж байна.

Төрийн Думын сонгуулийн кампанит ажлын үеэр В.Путин “Хэрэв би Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулбал Д.Медведевийг Ерөнхий сайд болгоно” хэмээсэн. Тэр ч атугай өөрийнх нь гарт Оросын нефть, байгалийн хийн зах зээл, харин Д.Медведевийн мэдэлд эдийн засгийг модернизацичлах төлөвлөгөө бийг мэдэгдсэн билээ. Борис Ельциний дотроос В.Путин, В.Путиний дотроос Д.Медведев… Ийнхүү матрёшка хэмээх модон хүүхэлдэйгээр улс төрийн тактик хийсэн тэд цагаа солилцож байна. Нэгдсэн Орос намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхмээр өөрийгөө зарлуулах хүсэлтийг нь Д.Медведев ёсоор болгосон. Харин В.Путин ОХУ-ын Ерөнхийлөгчийг Кремльд биш, Засгийн газрын ордон тийш нүүлгэхээ мэдэгдсэн… Оросын улс төрийн тавцнаа В.Путин, Д.Медведев хоёр ямар ч шүүгчгүйгээр ийнхүү шатар тоглож байна. Гэвч тэдний тоглолт хэзээ эцэслэх вэ. Ямартай ч мань хоёр эхний ялалтаа байгуулчихлаа. Харин ирэх сард В.Путин Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх мөрийн хөтөлбөрөө олон нийтэд танилцуулна. 2012 оны гуравдугаар сар. Тийм ээ, тэр үед В.Путин ялалт байгуулбал Кремльд зургаан жил эзэн сууна. Түүний дараа Д.Медведев ордондоо эргэн ирэх гэж үү. Эл үзэгдлийг өрнөдийнхөн “Ардчиллыг басамжлан дээрэлхсэн явдал” хэмээн үзэж байгаа бол Оросын жирийн иргэд “Энэ бол зүгээр л доромжлол” гэв.

Төрийн Думын сонгуулийн кампанит ажлын эхэн үеэр Москвад бүх зүйл хэвийн байсан. Нэр дэвшигчид сурталчилгаагаа телевизээр голдуу нэвтрүүлж, гудамж, талбайн хаа нэгтээ уриа лоозон бүхий хөрөг зургаа байршуулсан байв. Харин санал хураалт эхлэхээс хэдхэн хоногийн өмнө Нэгдсэн Орос намынхан тактикаа өөрчилж, сонгогчдыг худалдан авах, тэднийг санал хураалтын байр руу бөөнөөр нь зөөх, “Сонгуулийн автоматжуулсан машин найдваргүй” гэдгийг мэдсээр байж ашиглах, мужуудын амбан захирагч нарт элдэв хуйвалдаан, булхайг зохион байгуулах даалгавар өгсөн нь амжилттай хэрэгжсэн юм. В.Путиний дэглэм Москвагаас хязгаар нутаг хүртэл ноёрхож буй энэ цагт Монголд байдал ямар байна вэ.

Нэгдсэн Орос намынхан өнгөрсөн жил өөрсдийнхөө эсрэг хөдөлдөг үйлдвэрчний эвлэлийн холбоод, төрийн бус байгууллагуудад урилга илгээж, Ард түмний төлөөх фронтыг байгуулсан билээ. Тэр ч атугай хүн төвтэй хөгжил, инноваци, байгалийн баялаг, эдийн засгийн шинэчлэл гэх мэт үгсээр ард түмнийхээ тархийг угааж байна. Монгол Ардын намынхны хувьд ч ялгаагүй. Дуу дуулдаг, ном бичдэг, телевизийн нэвтрүүлэг хөтөлдөг, бүр алаг салат хийдэг эрхмийг хүртэл иргэний хөдөлгөөнүүдээс сорчлон “залгиж” байна. Харин О.Магнай тэргүүтэн тун удахгүй Хувьсгалт үндэсний зөвлөл байгуулахаар болжээ. Гэхдээ Н.Энхбаяргүйгээр шүү. Нэгдсэн Орос намынхан Үндсэн хууль, Сонгуулийн тухай хуульд өөрсдийнхөө хүссэнээр өөрчлөлт оруулж, засаглалын хойморт залрах хугацаагаа уртасгасан бол Монголд МАНАН нэгдэл яг ийм өөрчлөлтийг хийх гэж байна. Сонгуулийн тогтолцоог 48:28 болгон өөрчлөх тэдний төлөвлөгөө Үндсэн хуулийн Цэц дээр унах нь ойлгомжтой ч “Цэцийн дунд болон их суудлын хуралдааныг хийх гэсээр байтал УИХ-ын 2012 оны сонгууль эхэлнэ. Тиймээс МАНАН-ыг засгийн эрхэнд дахин залахад хэн ч саад болохгүй” гэдгийг Ардын нам болон Ардчилсан намынхны аль, аль нь тооцоолсон билээ. Орост В.Путин, Монголд МАНАН. Москва, Улаанбаатарт ойрын хэдэн жилд ийм л романс үргэлжлэх нь. Ноён В.Путин нүүрнийхээ арьсанд, бас Кремлийн улс төрд ийнхүү “Ботокс” тарьсан бол МАНАН дайснуудаа өөртөө нэгтгэх төлөвлөгөөгөө Сонгуулийн тухайн хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр халхавчлан хийж байна. Гэхдээ ирэх жил Монголын улс төрийн индэрт хэн гээч эрхэм гарч ирэх бол. “Хүсвэл сонгуулийн дараа дахин хамтарч ч болно шүү дээ” хэмээн саяхан мэдэгдсэн экс Ерөнхий сайд С.Баяр энэ үгээ хэнд хандаж хэлэв. Тэрбээр арай С.Батболдтой ээлж солилцох юм биш биз. Яг одоо МАНАН-ын стратегийг боловсруулаад маш завгүй байгаа түүнд ийм бодол байж болох л юм. Тэгээд ч Ардын намын дарга С.Батболд түүний дотроос гарч ирсэн нэгэн “Матрёшка” шүү дээ. Харин Ардчилсан намын дарга Н.Алтанхуягийн дотроос хэн гарч ирэх бол. Хэн нэгнийг дотроосоо гаргаж ирэх гэсээр байтал намынхан нь түүнийг урьтаад “Хагалчих” вий. Бас “Долоодугаар сарын 1”-ний хэрэг явдал Ардын намын шинэ байрны өмнө давтагдвал яана. 

С.Баттулга

"Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж