”Ёс зүйн дүрмийг зөрчвөл дэмжлэг үзүүлэхгүй”

Хуучирсан мэдээ: 2011.12.07-нд нийтлэгдсэн

”Ёс зүйн дүрмийг зөрчвөл дэмжлэг үзүүлэхгүй”

Ардын намын нарийн бичгийн дарга Я.Содбаатарыг “Ярилцах танхим”-ынхаа зочноор урьж ярилцлаа.


-Ардын нам саяхан Бага хурлаа хийсэн. Хурлын үеэр намын Ёс зүйн дүрэмдээ чухам ямар өөрчлөлт оруулав?

– Манай намын Бага хурлын хоёр­дугаар хуралдаанаар на­мын даргын улс төрийн илтгэлийг хэлэлцэж намын Ёс зүйн дүрмийг батлан нийгэмд сахилга хариуцлагыг дээшлүүлэх тус­гайлсан тог­тоол гарган, зохион бай­гуулалтын асууд­лын хүрээнд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэн, на­мын нарийн бичгийн дарга Бага хурлын гишүүдээ нөхөн сонголоо. Улс тө­рийн илтгэлдээ намын сонгуулийн мөрийн хө­төлбөрийн биелэлтийг 80 гаруй хувьтай байгааг онц­лон “Ард түмнээ сонсъё” аяныхаа үйл явцыг дүгнэж ирэх 20 жилийн хөгжлийн стратегийг бодлогын баримт бичгийг боловсруулж байгаа асуудлаа хөндлөө. Ер нь ард иргэдийн зүгээс шударга ёс, нийгмийн хариуцлагыг хүсэмжилж байна. Намаас сонгогдож томилогдсон ал­бан тушаалтнуудад ёс зүйн асуудал, хариуцлагын тогтолцоог бид онцгойлон авч үзлээ. Иймээс Ёс зүйн дүрмийг гаргасан юм. Ардын намаас томилогдсон улс төрийн албан тушаалтан ямар ёс зүйн хэм хэмжээнд байх ёстой юм бэ, хэрэв зөрчвөл ямар хариуцлага хүлээх вэ гэдгийг нь мөн тодорхой заалаа.

-Тухайлбал, ямар ха­риуцлага хүлээлгэх вэ?

-Ёс зүйн дүрэм зөрчвөл сануулах, албан тушаалаас нь эгүүлэн татах, намын зүгээс улс төрийн дэмжлэг үзүү­лэхгүй гэхмэтчилэн ха­риуц­лагын асуудлыг тус­гасан.

-Намын даргаа огцруулах тухай дуугарч байсан нэр бүхий дөрвөн гишүүнд хариуцлага тооцох уу?

-Бага хурлаар дөрвөн гишүүний талаар яриагүй. Бага хурлын чиг үүргийг намын дүрэмд тодорхой заасан байдаг.

-Тэгвэл ямар үйлдэл гаргасан гишүүнийг ёс зүйгүй гэж үзэх юм бэ?

-Ёс зүйн хэм хэмжээ гэж юу байх вэ гэдэг олон улсын нийтлэг жишгийг үндэслэн Ёс зүйн дүрмийнхээ зарчмыг гаргасан. Тухайлбал, намын гишүүн нь албаны болон сонгуульт ажлынхаа гүйцэтгэл, үр дүнгийн талаар холбогдох байгууллагад тайлагнахыг мөрдлөг болгон хэрэгжүүлэх, ёс зүйн хэм хэмжээнээс гадна баримтлах зарчмуудыг тодорхой заасан эрхэлсэн ажилдаа гэр бүл болон найз нөхдийнхөө нөлөөнд автахгүй байх тухай тусгасан юм. Харин олон ургальч үзэл байх тухай асуудал өөр хэрэг. Гэхдээ нэгэнт олонхиороо асуудлыг шийдвэрлэчихсэн байхад түүний эсрэг байна гэдэг эв нэгдэлтэй байх зарчим биш л дээ.

-Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг парламентаар хэлэлцэж байна. Хоёр намын бүлгийн хувьд 48:28 дээр тохиролцсон боловч үүнийгээ хэрхэн задлах талаар хараахан зөвшилцөөгүй байна. Танай намын хувьд ямар байр суурьтай байгаа вэ?

-”Сонгуулийн тухай хуулийг шинэчлэх ёстой” гэсэн байр суурийг анхлан манай нам гаргасан. Ингээд 2007 онд тухайн үеийн намын дарга С.Баяр “Сонгуулийг төгөлдөршүүлье” гэдэг санаачилга гаргаж эхлүүлсэн. Тэгээд 2008 оны сонгуулийн дараа хамтарсан Засгийн газар байгуулж, юун түрүүнд Сонгуулийн тухай хуулийг шинэчлэх зорилт тавьсан юм. Энэ утгаараа уг хуулийг шинэчлэхдээ сонгуулийн үйл явцыг нарийвчлан хуульчлах, тогтолцооны асуудлыг шийдэх ёстой гэж үзсэн. Шинэчилсэн найруулгын төсөлд эрх, үүргийн зохицуулалтыг сайн тусгасан байгаа. Харин тогтолцоог сонгохдоо хэд, хэдэн зүйлийг анхаарах шаардлага тулгарсан юм. Бид 20 жилийн хугацаанд мажоритари системээр сонгууль явуулсан. Энэхүү тогтолцооны хамгийн том сул тал нь сонгогчдын санал гээгддэгт оршиж байлаа. Жишээ нь улс төрийн аль нэг хүчин 30, 40 хувийн санал авлаа гэхэд үүнтэй дүйцэх хэмжээний суудлыг парламентад авч чаддаггүй. Энэ нь санал өгсөн иргэдийг бухимдуулдаг талтай. Харин үүнийг нөхөх элемент нь пропорциональ тогтолцоо юм. Хэрэв бүрэн пропорциональ тогтолцоог авбал намуудын оролцоо давамгайлах хандлагатай болно. Тэгвэл өнөөдөр намуудын төлөвшил ямар байна вэ. Ард иргэдийн намд итгэх итгэл ямар байна вэ гээд олон асуудал босож ирсэн. Тиймээс л энэ удаа холимог тогтолцоог авах нь зүйтэй гэж үзээд байгаа юм. Мажоритари, пропорциональ тогтолцоонд хоёуланд нь сөрөг болон давуу тал бий.

-Гэхдээ пропорциональ систем давамгайлахгүй бол шинэчлэл болж чадахгүй гэж ярих хүн байдаг?

-Монгол төрийг урлан байгуулах суурь хууль эрх зүйн орчныг, боловсронгуй болгох, шинэчлэх бодлого нь алдаа, эрсдэл багатай, аажмаар явагдах ёстой. Нөгөө талаас үзэл баримтлал, үнэт зүйлс, бүтэц зохион байгуулалт гээд шаардлага хангасан, ард иргэдийн итгэлийг дааж, ачаа үүрч чадах улс төрийн хүчнүүдийн төлөвшил бий болсон уу гэдэг асуултыг дахин тавимаар байна. Өнгөрсөн 20 жилийг харахад  ард иргэд  Ардын нам, Ардчилсан намд илүү итгэл хүлээлгэж ирсэн байна. Энэ 20 жилийн 16 жилд ард иргэдийнхээ олонхийн санал авсан манай нам энэ асуудалд  тулхтай, хариуцлагатай хандах ёстой гэж үзэж байна. Бусад намын хувьд хэцүү шүү дээ. Тухайлбал, намын удирдлага нь өөрчлөгдөхөд нам нь алга болдог, нэг компани  түшиглэсэн нам гээд л олон парадокс байна шүү дээ.

-Холимог тогтолцоо буюу 48:28-ын хооронд шилжиж болох тухай ярилцаж буй. Ингэснээр мажоритариар ялж чадаагүй нэр дэвшигч хэрэв намдаа нэр хүндтэй бол гарч ирэх боломж нь нээлттэй болоод байгаа юм биш үү?

-Мажоритариар сонгогдох гишүүд тоо, тойргийн хуваарилалт хийхдээ хүн амын тоо, нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгжийн төлөөлөл зэргийг харгалзан үзэх ёстой. Мажоритари буюу 48 хүний 34 нь орон нутгаас, 14 нь хотоос сонгогдоно. Хөдөө, орон нутаг өмнө нь 56 тойрогтой байсан бол одоо 22-оор багасгасан. Харин хотод 20 тойрог байснаас зургаагаар буурууллаа. Сүүлийн жилүүдэд нийслэлийн хүн ам ихэсч буй учир тойргийн тоог нь нэг их багасгахгүй байхаар хоёр намын бүлэг тохиролцлоо. Харин пропорциональ болох 28-ыг сонгохдоо ямар зарчим баримтлах вэ гэдэг дээр зөвшилцөж байна. Гэтэл Ардчилсан нам мажоритариар өрсөлдөөд ялагдсан ч пропорциональ руу оруулж болохоор шилжье гэдэг санал гаргасан. Үүнийг нь манай нам хүлээж авах сонирхол бага байсан ч хоёр намын бүлэг зөвшилцөж буй учир хүлээж авсан.

-Тэгвэл танай намын хувьд хэдэн хувиар оруулах бодолтой байгаа юм бэ?

-Төдөн хувь байя гэхээс илүүтэй 48-аас 28 руу оруулж буй нэр дэвшигч нь маш тодорхой байдлаар шилжих ёстой. Тэгэхгүй бол шилжих ёстой гээд л бүгд шилжвэл 28-аар пропорциональ тогтолцоо оруулах ямар хэрэг байна вэ.

-Хот, хөдөөгийн тойрог цөөрч байгаа. Тэгэхээр танай намаас тойроггүй хоцрох гишүүд бий. Эдгээр гишүүнээ яах вэ?

-Сонгуульд нэр дэвшинэ гэдэг хувь хүний асуудал биш. Сонгуулийн үеэр сонгогчдод ард түмний элч төлөөлөгчийг сонгож төлөөллийн ардчиллаа хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх учиртай. Мөн аливаа улс төрийн хүчин сонгуульд ялж, өөрсдийн бодлогоо хэрэгжүүлэх гэж оролцдог. Тийм учраас дээрх хоёр эрх ашгийг хувь улстөрч бодох ёстой. Нэр дэвших асуудлыг Сонгуулийн тухай хуулийг шинэчилсний дараа намын дүрэм, дотоод журмын дагуу шийдвэрлэнэ.

-Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталж амжихгүй бол хуучин тогтолцоогоор явахаас өөр аргагүй болно. Ийм байдалд хүрэх юм биш биз?

-Батлагдана гэдэгт итгэлтэй бай­на.

-Нөгөөтэйгүүр парламентаас гадуурх нам, иргэний хөдөл­гөөнүүдийн хэлсэн саналаар Мон­гол Улс нэг тойрог байх нь хамгийн зөв арга биш гэж үү. Та юу гэж бодож байна вэ?

-Парламентад суудалгүй жижиг нам, иргэний хөдөлгөөний саналыг хоёр намын бүлгийн хамтарсан ажлын хэсэг судлан тусгаж байгаа гэж бодож байна. Улс нэг тойрог байх тухай хуулийн төслийг Д.Лүндээжанцан нарын гишүүд өргөн барьж парламентаар хэлэлцэж байсан. Нэг үгээр хэлбэл тэдний тавьсан уг саналыг судалж, хэлэлцсэн гэсэн үг.

-“Намын хатуу гишүүнчлэлийг халж, хэн зөв ярьж буйг нь дэмждэг байх хэрэгтэй” гэж УИХ-ын зарим гишүүн хуулийн төсөл өргөн барьчихсан байгаа. Танай намын Бага хурлыг удирдлагуудынхаа үгээр гар өргөж, нам гүмхэн болсон хэмээх шүүмжлэл гарсан. Үүнийг намын хатуу гишүүнчлэлтэй холбон тайлбарлаж болох юм. Тиймээс таны хувьд хатуу гишүүнчлэлийг халах хэрэгтэй гэдэгтээ санал нийлэх үү?

-Бага хурлын үеэр гишүүд санал шүүмжлэлээ хэлж, Ардчилсан зарчмаар л хурал явагдсан. Дотроо ардчилалтай байна гээд бид хоорондоо маргалдаж, зодолдох шаардлага байхгүй. Намын хатуу гишүүнчлэлийн тухайд хувийн бодлоо хэлье. Минийхээр нам хатуу гишүүнчлэлтэй байх эсэх нь цаг хугацааны л асуудал. Нэг хэсэг нь ухаантай хүн болоод шинэ зүйл хийх гээд байгаа юм биш. Өнөөдрийн хувьд улс төрийн нам бол парламентын засаглалыг бүрдүүлдэг, төлөөллийн ардчиллыг хангадаг гүүр нь болж байна. Манай улсын хувьд улс төрийн хүчнүүдийн төлөвшил хатуу гишүүнчлэлийг халах хэмжээнд төлөвшсөн үү гэдэгт асуудал бий. Тиймээс үүнд мониторинг хийх ёстой. Гэхдээ хатуу гишүүнчлэлгүй байх цаг хугацаа нь мөн үү, үгүй юү. Сайн мэдэхгүй юм. Ер нь манай намаас өөр үзэл баримтлал, үнэт зүйл хоёроо баримталж буй нам байхгүй болов уу. Өөрөөр хэлбэл бүх нам олон нийтэд таалагдах гэж манай намын үнэт зүйлийг яриад байна. Ардчилсан нам гэхэд зүүний нам болчихсон шүү дээ.    

-МАХН-ын дарга Н.Энхбаяр Ардын намын хууччуултай “үзэлцэж” байгааг та хэрхэн хүлээж авч байна вэ?

-Хүний хорвоод амьдрахдаа хүн өөрийн гэсэн үнэт зүйл, алтан зарчим, мөн чанартай байх ёстой юм. Ямар ч улстөрч үүнийг л баримталж, зарчимтай амьдрах хэрэгтэй. Мөн ахмад үеийнхэн хойч үедээ үлгэр дуурайлтай амьдарч байж хүндлэл хүлээдэг гэж ойлгодог. Тийм учраас таны хэлсэн үйл явцыг хараад хүндлэл хүлээдэг ах нар байгаасай гэж бодож байгаа. Өөр юу хэлэх вэ. “Би хар бол бүгд адилхан хар” гэсэн зарчим баримтлах гэж буй бол маш буруу. Энэ нь иргэдийн төрд итгэх итгэл рүү ус цацаж байгаатай адил. Ардчилсан нийгэмд амьдарч байгаа л бол бүх хүн хуулийн өмнө тэгш эрхтэй байх ёстой. Хууль дээдлэх ёс бол ардчиллын тулгуур. Хэрэв ийм ёс байхгүй болбол ардчилал үгүй болно. Тэгэхээр өөрсдийгөө МАХН-ынхан гэж буй хүмүүс хууль дээдэлж, зарчимтай амьдраасай гэж хүсэж байна.

-Ардын намын удирдлагууд МАХН-ынхантай эвсэх талаар уулзаж, ярилцаж байна гэсэн яриа үнэн үү. Танайх МАХН-тай эвсэх үү?

-Үгүй биз дээ. Эвсэнэ гэдэг үнэт зүйл зарчим, зорилго нь нэгдмэл, ойролцоо байж явагддаг процесс байх.

-МАХН-ын удирдлагууд “Сум, багийн иргэд нэр өөрчлөгдсөнийг мэдэхгүй байна лээ” гэж ярьж байсан. Энэ нь эргээд танай намд нөлөөлөх болов уу?

-Ямар ч улс төрийн хүчин ард түмнийг доромжилж болохгүй. Хөдөөгийн иргэдийг юу ч мэдээгүй, бодоогүй гэж бодох хэрэггүй. Харин ч улстөрчдөөс илүү мэдээлэлтэй, өөрсдийн гэсэн философи, бодолтой хүмүүс шүү.

-Сонгуульд намын нэр ямар нэг нөлөө үзүүлж мэдэх юм. Таныхаар яах бол?

-”Ардын нам бол МАХН-ын зүй ёсны эхлэл бөгөөд үргэлжлэл” гэж бид намын дүрэмдээ заасан байгаа. Үүнийг нь Улсын дээд шүүх баталгаажуулсан. Намын нэр нэг талдаа нүүр царай болдог боловч цаад мөн чанарыг нь Монголын ард түмэн ойлгосон болов уу.  Сүүлийн үед явагдаж буй нөхөн сонгуулиудад Ардын намын нэр дэвшигчид ялалт байгуулж, МАХН буюу 19 дэх намаас нэр дэвшигчид ойролцоогоор нэг хувийн санал авч байгаагаас харагдаж байгаа байх.

-Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг хэвлэлийнхэнд мэ­дээлэл хийх үеэрээ “Ардын на­мынхан 20 жилийн төлөвлөгөө баталж байгаа бол бид 10 жилийн дотор улсаа хөгжүүлж, илүү хурдтай ажиллана” гэсэн байна лээ?

-Ардчилсан нам яг 10 жил ч биш шүү дээ. Үнэндээ бол 2012-2020 гээд найман жилийн асуудал бий. Дэлхий нийт хэтийн төлөвлөлтөө 20 жилээр хийдэг жишиг байдаг. Харин дунд хугацааны хөтөлбөр нь 10 жил юм. Манай нам улс хөгжлөө 20 жилээр төлөвлөж явъя, хөгжлөө төлөвлөлттэй болгоё гэж санаачилга гаргаж байна. Гаргаж ирж буй бодлого нь хэнийх нь  сайн байна вэ гэдгийг ард түмэн л дүгнэнэ шүү дээ. Одоо Ардын намын талд дүн тавьж, хариуцлага хүлээлгэж байна. Энэ утгаараа бид үүргээ биелүүлж, бодлогоо гаргаж тавьж байгаа болно. Ер нь эдийн засаг өсөлт бол хөгжил биш гэдгийг бодох хэрэгтэй. Харин энэхүү эдийн засгийн өсөлтийг хүнд хэрхэн хүргэж, хөгжил болгох вэ гэдэг нь манай намын бодлогын цөм байх болно. Зүүн төвийн нийгмийн ардчилсан үзэл бүхий намын хувьд хүний хөгжлийг бид чухалчилна. Монгол хүн брэндийг бий болгох асуудлыг манай нам 2005 онд гаргаж тавьсан. Мөн XXVI их хурлын үеэр манай намын дарга илтгэлдээ монгол хүн ирэх 20 жил ямар болох тухай дурьдсан. Гэтэл үүний дараа Ардчилсан нам хамтарч байгаа болохоор уг асуудлыг ярьж эхэлсэн. Харин ард түмэн хэн нь үзэл баримтлалдаа үнэнч байгааг ойлгож байгаа байх.    

-Ярилцсанд баярлалаа

Ц.Энхцэцэг

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж