2012 онд алтны үнэ өсч, нефтийн эрэлт буурна

Хуучирсан мэдээ: 2011.12.07-нд нийтлэгдсэн

2012 онд алтны үнэ өсч, нефтийн эрэлт буурна

Дэлхийн эдийн засгийн шинжээч, мэргэжилтнүүд шинэ оны санхүүгийн таамаглалаа дэвшүүлсээр байна. Олон улсын санхүүгийн тогтворгүй энэ цаг үед хамгийн найдвартай хөрөнгө алт байх нь нэгэнт тодорхой болоод байна. Мorgan Stanley-ийн шинжээчдийн таамаглалаар 2012 онд хувьцаа болон валютаас илүүтэй алт хөрөнгө оруулагчдын сонирхлыг татсан хэвээр байх ажээ. Оросын тэрбумтан Михаил Прохоров “Bloomberg”-т өгсөн ярилцлагадаа, “Алтанд хөрөнгө оруулах нь хамгийн баталгаатай” хэмээн дээрх таамаглалтай санал нэгджээ.

Дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүн 2012 онд ердөө 3.5 хувиар өсөх бөгөөд жилийн эхний хагаст мэдэгдэхүйц сул байх гэнэ. Зарим түүхий эд, ялангуяа мал болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, алт, мөнгө илүү их боломжийг авчрах бололтой. Олон улсын томоохон банкууд хөрөнгө оруулалтын боломжийг аль хэдийнээс хайж эхэлсэн бөгөөд алт их хэмжээгээр худалдаж авах нь ирэх онд хэвээр байх юм. Алтнаас гадна улаан буудай зэрэг үр тарианы салбарт ч анхаарч байгаа аж.

Евро бүсийн орнууд хямралаас гарах төлөвлөгөө боловсруулж чадахгүй бол эдгээр орнуудын зээлжих рейтингийг бууруулна хэмээн Standard & Poor"s агентлагаас мэдэгдсэнээр алтны ханш бага зэрэг буурсан юм. Тус агентлаг нь Германыг оролцуулан Евро бүсийн 15 орны зээлжих рейтингийг 90 хоногийн дотор бууруулахаар төлөвлөөд байгаа аж. Одоогийн байдлаар дэлхийн зах зээл дэх нэг унци алтны үнэ 1729,31 ам.доллар байна.
 

Э.Од

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж