Д.Зоригт: Он гараад дизель түлшийг нөөцөлнө

Хуучирсан мэдээ: 2011.12.07-нд нийтлэгдсэн

Д.Зоригт: Он гараад дизель түлшийг нөөцөлнө

Засгийн газар өчигдөр ээлжит бусаар хуралдаж Газрын тосны нөөц бүрдүүлэх тухай асуудлыг авч хэлэлцсэн байна. Энэ талаар ЭБЭХ-ний сайд Д.Зоригтоос тодрууллаа.

-Газрын тосны нөөц бүрдүүлэхтэй холбоотойгоор Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар тодруулахгүй юу?

-Эхний ээлжинд энэ онд багтаагаад тав орчим тэрбум төгрөгийн автобензиний нөөц бүрдүүлнэ. Энэ нь нийтийн тээвэр болон бусад төрийн онц чухал үйлчилгээнд шаардагдах 15 хоногийн нөөц байх юм. Он гараад дизель түлшийг нөөцөлнө. Хөрөнгийг төсөвт тусгасан байгаа. Цаашдаа бид 2-3 сарын нөөцтэй болох зорилго тавьж байна.

-Нөөц бүрдүүлэх савыг яаж зохицуулах вэ. Энэ тохиолдолд компаниудын шатахуун хадгалах савыг гэрээлдэг шиг санагдана?

-Хамгийн том ажил бол яах аргагүй сав бэлтгэх. Ирэх жилээс шатахуун нөөцлөх агуулахыг барина. Хөрөнгө нь төсөвт тусгагдсан. Гэхдээ энэ бол нэг жилд хийчих ажил биш 2-3 жил шаардана. Саваа бариад авсан цагт гурван сарын тогтмол нөөц бүрдүүлэх боломжтой болно.

-Өнөөдрийн хувьд нефтийн бүтээгдэхүүний нөөц хэр байгаа вэ?

-Өнөөдөр компаниудын хувьд нөөц хангалттай байгаа. Газрын тосны бүтээгдэхүүний нөөц бий болгох шийд бол цаашдаа байнгын нөөцтэй байх шийдвэр гарч байгаа болохоос нөхцөл байдал хурцадсанаас болж авч байгаа арга хэмжээ биш. Цаашид онцгой байдлын нөөцийн зэрэгцээ улсын хэмжээний байнгын нөөцийг бүрдүүлж байгаа юм.

-Валютын ханшийн өсөлт газрын тосны бүтээгдэхүүний үнэд нөлөөлж байгаа. Тэгэхээр компаниуд шинэ оны гэрээгээ яаж хийж байгаа бол?

-Валютын ханш газрын тосны бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлдөг. Сүүлийн үед Монголбанк, Сангийн яамнаас энэ талаар анхаарал тавьж арга хэмжээ авч ажиллаж байгаа.

Б.Саран

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж