Шинэчлэх нь зөв ч салж бутрах нь сайн зүйл биш

Хуучирсан мэдээ: 2011.12.07-нд нийтлэгдсэн

Шинэчлэх нь зөв ч салж бутрах нь сайн зүйл биш

Би бараг дөчөөд жил хөдөө ажилласан сэтгүүлч. Монголын сэтгүүлчдийн 14 дүгээр их  хурал хэдхэн хоногийн дараа болно. Сэтгүүлчдийн байгууллагаа шинэчлэх гэсэн санаа бодолтой хүмүүс нэгдэж шаардлага тавьж, тэмцэж байна. Орон нутгийн зарим сэтгүүлч ч нэгдээд тиймэрхүү шаардлага, санал тавьсныг хэвлэлээс олж харсан. Энэ нь үнэхээр  сэтгүүлчдийнхээ эрх ашгийг хамгаалдаг,  дайчин, амьд үйл ажиллагаатай болгохын төлөө тэмцэл гэж ойлгож байгаа. Түүнээс хэн нэгнийг юмуу, хэсэг хүнийг удирдлагаас зайлуулах тухай яриа биш болов уу. Энэ байгууллагын эгнээнд дөчөөд жил болсон хүний хувьд үйл ажиллагааг нь гадарлана. Ерээд оны өмнөх Монголын сэтгүүлчдийн холбоог ярих нь илүүц биз. Тухайн нийгэмдээ зохицсон,  орон тооны хэд хэдэн хүн ажилладаг  томоохон байгууллага л байсан. Харин зах зээлийн нийгэмд шилжсэнээр сэтгүүлчдийн байгууллага маань үнэндээ “Гудамжинд” гарсан.  Тэр цагаас сонгогдсон үе үеийн дарга нар маань энэ байгууллагыг айлын дайтай авч явахсан гэсэн сэтгэл зүтгэл байсан ч бэл бэнчин байгаагүй, төр засгаас ч дэмжиж туслаагүй л гэж бодогддог. Харин хар багаасаа сэтгүүл зүйд амьдралаа зориулж, энэ чиглэлээр  өндөр боловсрол эзэмшсэн, хэвлэл мэдээлийн салбарт дагнан ажилласан  Тугалхүүгийн Баасансүрэн  МСНЭ-ийг зохих түвшинд өргөн гаргаж сэтгүүлчдийн бүтээлийн 100 боть хэвлүүлж, сэтгүүлчдийн нийгмийн асуудлыг зарим талаар шийдвэрлэх, сэтгүүлчдийн бүтээлийн үнэлэмжийг өндөржүүлэх, шагналын тогтолцоог цоо шинээр бий болгох талаар хийсэн ажлыг  бодитой үнэлэх учиртай. Үүнтэй маргах хүн гарахгүй болов уу. Орон тооны ганц ажилтантай газарт ахадсан ажил, даагдашгүй ачаа байгаа биз. Монголын сэтгүүлчдийн байгууллагын ахмад  луугарууд , Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн Х.Цэвлээ, Ц.Дашдондов, Т.Баасансүрэн,  Б.Пүрэвдаш, М.Зулькафиль, До.Чулуунбаатар,  нэрт сэтгүүлч Х.Наранжаргал, До.Цэнджав, Я.Сумьяа нарын олон хүн энэ байгууллагын гал голомтыг бадрааж явахын төлөө “Чөмгөө дундартал”  зүтгэж ирснийг  үе үеийн сэтгүүлчид андахгүй.

Гэхдээ сэтгүүлчдийн байгууллагыг шинэчлэх нь буруу биш. Бүр Сэтгүүлчдийн үйлдвэрчний эвлэлийн хэлбэрт шилжих нь зөв хувилбар гэж ярьдаг ч хүн бий. Нөгөө талаар мэргэжлийн байгууллага, хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдийг мэргэжлийн арга зүйн удирдлагаар хангахаа орхих ёсгүй ч байж мэднэ.

Одоо олон холбоод бие даан гарчээ. Монголын сонины холбоо, Чөлөөт сонины холбоо, Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбоо, телевизүүдийн холбоо, сайтуудын холбоо, гэрэл зурагчдын холбоо гэхчилэн. Ийм холбоод нийгэмд хэрэгтэй болоод л байгуулагдаа биз. Эдгээр холбоодод элссэн хэвлэл мэдээлийн байгууллага нь тэндээ тогтоосон хэмжээгээр татвар төлдөг, холбоод нь Монголын сэтгүүлчдийн холбоонд гишүүнээр элсээд мөн тогтосон татвар төлдөг журам тогтоомоор байна. Ийм бичил холбоонд нэгдээгүй хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нь Монголын сэтгүүлчдийн байгууллагад шууд гишүүнчлэлтэй байж болно. Гишүүн байгууллагын төлөх татварын хэмжээ  тухайн байгууллагын цар хүрээнээс хамаарч ялгавартай байх нь мэдээж. Манайд мөнгөний ханш хэлбэлзэж байдаг тул татварыг доллороор тогтоож ч болмоор. Энэ нь тухайн холбоод болоод, сэтгүүлчдийн байгууллагын санхүүжилтийн эх үүсвэр болдог байна. Нэгэнт гишүүн байгууллагаасаа  татвар авсан холбоо, эвлэл  гишүүдийнхээ гишүүнчлэлийг алдахгүйн тулд тэднийхээ төлөө бодитой ажил хийж таарна. Мөнгөө төлсөн байгууллага ч эвлэл, холбоодоос ажил шаардана.

Нөгөө талаар  “Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулийн 29.1.6-ийн б-д “Нутгийн өөрөө удирдах байгууллага, Засаг даргын үйл ажиллагааны талаар хүн амыг үнэн зөв мэдээллээр хангах”-ыг  нутгийн захиргааны байгууллагын нэг үндсэн үүрэг болгон заасныг болон  “Монгол улсын Засгийн газрын тухай” хуулийн 19.1-д “Төрийн байгууллагын гүйцэтгэх тодорхой чиг үүргийг гэрээний үндсэн дээр Засгийн газрын бус байгууллагад хариуцуулан гүйцэтгүүлж холбогдох зардлыг бүрэн болон хэсэгчилэн санхүүжүүлж болно” гэж заасныг үндэслэн Засгийн газраас санхүүжилт аван тодорхой мэдээлэл сурталчилгааны ажил, аяныг гүйцэтгэж болмоор бодогдоно.

Түүнээс биш энэ олон хэвлэл мэдээллийн байгууллага Монголын тал нутгаар нэг тарж бутраад хувиа бодож довоо шарлуулаад амжилт олохгүй нь нэгэнт тодорхой болжээ. Нөгөө талаар энэ олон сонин, телевиз, радио хөрөнгө хүчээ нэгтгээд  хэвлэлийн 10-20 давхар ордон босгочиж болмоор. Өөр өөрийн жижиг байраа зарчихад л ордоны мөнгө босоод ирнэ биз дээ. Тэгвэл тэнд мөн олон байгууллага багтана даа. Нөгөө олон холбоод ч тэнд амьдарч таарна. Төрөөс Тусгаар тогтнолын талбай дахь өндөр байраа Монголын сэтгүүлчдэд бэлэглэчихсэн ч улс хотойхгүй л баймаар. Тийм санал, санаачилга гараасай билээ дээ. Энэ их хурлаасаа иймэрхүү саналыг Төр, засагтаа хүчтэй тавих хэрэгтэй байна. Монголын сэтгүүлчдийн байгууллагын тооныг өргөж гал голомтоо мөнхөд бадраан ирээдүйг зорьцгооё, Үзэг нэгт нөхөд өө.

С.ПҮРЭВСҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж