Израиль ирээдүйн дайнд бэлтгэж эхлэв үү

Хуучирсан мэдээ: 2011.12.07-нд нийтлэгдсэн

Израиль ирээдүйн дайнд бэлтгэж эхлэв үү

Ираны төв телевизээр өнгөрсөн даваа гаригт Израилийн цэргийн бэлтгэлийг шууд дамжууллаа.

Израиль цэргийн шинэ технологи нэвтрүүлж буй талаар Иран, Пакистаны тагнуулын алба өнгөрсөн сард мэдээлж байсан ч үүнийг АНУ тэргүүтэй улсууд эрс няцааж байжээ.

Ираны талын мэдээлснээр Израилийн туршиж буй нисгэгчгүй онгоц 15 мянган метрийн өндөрт хөөрөх чадвартай бөгөөд АНУ-ын цэргийн технологид суурилсан “ЮАВ” программ буюу алсын удирдлагатай төхөөрөмж байрлуулсан аж. Эдгээр онгоцууд сүүлийн сар орчмын хугацаанд Ираны агаарын хилийн зурваст үе, үе ажиглагдах болсныг тус улсын батлан хамгаалахын яам мэдээлжээ.

АНУ-ын цэргийн мэргэжилтнүүд үйлдвэрлэсэн онгоцоо “Херон” хэмээн нэрлэсэн байна. Нэг хөөрөлтөөр агаарт тасралтгүй 45 цаг нисэх чадвартай төдийгүй зарим тохиолдолд илрүүлэгч самбарт дохио өгдөггүй нь тагнуулын шинэ төрлийн зэвсэг гэгддэг.

Албаны эх сурвалжийн мэдээлснээр уг онгоцоос гадна газар уснаа явагч 20 гаруй хуягт Израилийн Йордан голын эргээр цэргийн бэлтгэл хийж байгаа гэнэ. Түүнчлэн энэ бүх цэргийн ажиллагаа, бэлтгэл сургуулилт нь цэвэр АНУ-ын батлан хамгаалахын яамтай холбоотой аж.

Тел Авивийн цэргийн баазууд энэ сарын эхээр хэдэн мянган танк, хуягтыг байлдааны ажиллагаанд бэлтгэж эхэлсэн байна. Үүний сацуу хямрал, зөрчилтэй оршдог газын зурваст шинэчилсэн бэхлэлт байгуулжээ. Мөн цэргийн хүчээ нэмэгдүүлж буй талаар “Аль Жазера” уламжилсан байна.

Энэ бүхнийг Иран, Пакистаны эрх баригчид хэдхэн хоногийн өмнө өрнөсөн дипломат дайны дараагийн алхам хэмээн үзжээ. Израильд агаарын хүчнийхээ ихэнх хувийг төвлөрүүлж байгаа АНУ-ыг хэтэрхий яарч байна хэмээн Тегеран үзэв.

Энэ байлдааны бэлтгэл ажиллагаа Европын улсуудыг гайхшруулсангүй. Хэрэв Иран, Их Британийн Элчин сайдын яам руу халдаж, зохисгүй үйлдэл гаргаагүй бол АНУ, Израилийн цэргийн бэлтгэл шууд Тегеранд чиглэхгүй байсныг сануулсан байна. Одоо Пакистан АНУ-тай сөргөөцөлдөж эхэлсэн. Учир нь Афганистаны хилийн орчим буун дуу гарч, НАТО- гийн нисдэг тэрэг пакистан цэргүүдийн аминд хүрсэн билээ. Үүнийг Барак Обама “санамсаргүй үйлдэл” хэмээн нэрлэсэн. Тэр ч байтугай Асиф Али Зардариг Цагаан ордонд хүлээн авч уулзах хүсэлтэй гэдгээ илэрхийлэв. Дан ганц Ирантай зөрчилдөөнтэй байхыг илүүд үзсэн боловч Пакистаныг мөн хатгасан АНУ хэтэрхий яарсан байж болзошгүйг шинжээчид онцолж байна.

Хэзээ мөдгүй агаарын цохилт өгч болзошгүй нөхцөл байдалд хүрсэн Израилийн хүчнийг дэлхий нийт анхааралтай ажиглаж байна. Ажиглагчдын тэмдэглэснээр Ираны боловсруулсан цөмийн баяжуулалт тун удахгүй Ойрхи Дорнодын аль нэг зурваст туршилт хийхэд ойрхон байгаа аж.

“Арабын хавар” зарим оронд хувьсгалын гал дүрэлзүүлж, эрх баригчдаа толгой дараалан буулгасан бол хэсэг улсад АНУ, Европыг урьдынхаасаа ч илүү эсэргүүцэх хандлага ажиглагдсан байна. Тиймээс Израилийн цэргийн баазад өдөр алгасалгүй АНУ-ын нисдэг тэргүүд зуу, зуун байлдагчийг төвлөрүүлж байгааг удахгүй эхлэх шинэ дайны ноцож буй гал хэмээхэд буруудахгүй аж.

Т.Батсугар
“Нийгмийн толь” сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж