Малаа эрүүлжүүлж байж монголчууд эрүүлжинэ

Хуучирсан мэдээ: 2011.12.07-нд нийтлэгдсэн

Малаа эрүүлжүүлж байж монголчууд эрүүлжинэ

Монгол
хүний эрүүл аж төрөх байдал малаас шууд хамааралтай. Мал нь эрүүл
байвал хүн ам эрүүл байна гэсэн үг. Тиймээс улсын хэмжээнд явагдаж
өнгөрсөн шүлхий болон цэцэг өвчний голомтот бүс нутгийн мал сүргийг
вакцинжуулах ажлын гүйцэтгэлд хийсэн хяналт  шалгалтын дүнг МХЕГ-ын
даргийн зөвлөлийн хуралд танилцууллаа. Шалгалтыг аймаг, нийслэлийн мал
эмнэлгийн хяналтын байцаагч, мал эмнэлгийн үржлийн тасгийн байцаагч
нарын хамтарсан ажлын хэсэг ахлан 05, 10, 11-р саруудад хийж
гүйцэтгэжээ. Шүлхийн голомтот бүс болох Хэнтий, Дорнод, Сүхбаатар
аймгууд болон бусад аймаг, сум суурингийн мал эмнэлгийн хувийн болон
хувьчлагдсан анхан шатны нэгжүүд, мал бүхий 1400 гаруй айл өрхийг
хамруулан шалгалт хийсэн байна.

Одоогийн байдлаар нийт мал
сүрэгт шүлхий, цэцэг өвчний илэрц гараагүйг холбогдох албаныхан хэллээ.
Гэхдээ л малын гоц халдварт өвчин гарахгүй гэх баталгаа байхгүй. Яагаад
гэхээр 2011 онд шүлхий өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтын хүрээнд нийт
вакцинд хамрагдах ёстой 9621768 толгой мал, амьтны 80 хувийг 
вакцинжуулсан гэнэ. Гэвч энэ ажил нь үнэн хэрэгтэй вакцинжуулах
нэрийдлээр бантагнуулсан хэрэг болжээ. МХЕГ-аас хийсэн шалгалтаар нийт
11 зөрчил дутагдал мал эмнэлгийн үржлийн газар болон бусад
байгууллагуудад илэрчээ.

Жишээ нь Мал эмнэлэг, үржлийн газраас
2011 оны малын гоц халдварт шүлхий, хонь ямааны цэцэг өвчнөөс урьдчилан
сэргийлэх вакциныг захиалгат хугацаандаа нийлүүлээгүй. Тус вакцины
тээвэрлэлтийг хариуцан ажилласан СBC ХХК нь зориулалтын бус тээврийн
хэрэгслээр тээвэрлэснээс болж 12.6 л вакцин хагарч хүрсэн, зарим аймаг
сумдууд тус ажилд хойрго хандсан гэх мэт зөрчлүүд илэрсэн байна. Хяналт
шалгалтын хугацаанд нийтдээ давхардсан тоогоор 242 зөрчил илрүүлж  189
зөрчил буюу 78 хувийг газар дээр нь арилгуулжээ.

Малыг зохих
хугацаанд нь вакцинжуулаагүйгээс  шалтгаалан иргэд хэр их чанаргүй,
эрүүл бус мах махан бүтээгдэхүүнийг хэрэглэж, худалдан борлуулсныг хэн ч
мэдэхгүй. Тухайлбал, манай улсад шүлхийн гоц халдварт өвчлөл илэрснээс
болж мах махан бүтээгдэхүүний экспорт бараг зогссон гэж хэлж болно.
Нөгөө бидний өөрсдөө магтаад байдаг эрүүл, экологийн цэвэр мах гаднын
зах зээл дээр ямар ч борлуулалтгүй болсон ч харин бид л “маханд
дуртай”-гаараа эрээлж цээрлэхгүй өндөр үнээр худалдан авч байгаа.
Социализмын үед монгол мал харьцангуй эрүүл, илүү чанарлаг байсан боловч
1990-ээд оноос мал эмнэлгүүд зах зээлийн шуурганд өртөн алга болж, мал
нь ч амархан өвчлөмтгий, давжаа болсон гэцгээдэг. Уг нь дан ганц
тарилга, вакцин тойрсон хэрүүл гэхгүй малынхаа удмын санг сайжруулж,
илүү чанарлаг эрүүл малтай болох тал дээр малчид, мал үржүүлгийн тасгууд
ч бас анхаараасай.

Хуурамч эмийн худалдаа…

Нэгэнт
өвчилсэн малыг бөө, эсвэл лам эдгээхгүй. Үхсэн хойно нь чоно тоож
идэхгүй байгальд хог болон хөглөрдөг жамтай. Манайд дэлхийн 24 орноос
435 нэр төрлийн малын эм тунг оруулж ирдэг гэсэн тоо баримт байна.
Дотооддоо найман үйлдвэр эм, био бэлдмэл үйлдвэрлэж, 50-иад компани
импортоор оруулж ирэн худалдаалдаг гэнэ. Үүний хажуугаар чоно борооноор
гэхчлэн малын хуурамч эм бэлдмэлийн худалдаа ч газар авчээ. Саяхан
мэргэжлийн хяналтын шалгалтаар 18 аймаг, нийслэлийн нийт 373 мал
эмнэлгийн дэргэдэх болон бие даасан малын эмийн сангаас 1407 зөрчил
илэрсэн байна. Улсын бүртгэлгүй хуурамч эм бэлдмэлүүд ихэнхдээ өмнөд
хөршөөс ганзагаар орж ирдэг болох нь тогтоогджээ.

Тухайлбал хятад
шошготой иво­мек, туулгалтын эм бэлдмэл, чанарын шаардлага хангаагүй,
эмийн бүртгэлд ороогүй малын угаалгын бодисыг Ховд, Өвөрхангай,
Говьсүмбэр, Увс аймгуудад мал бүхий иргэд, бизнес эрхлэгчид, хилээр
оруулж ирэн худалдаж борлуулсан нь шалгалтын явцад тогтоогджээ. Энэ
бүхний эцэст монгол малын удмын санд өөрчлөлт орж, монгол мах “түүх”
болох вий. Хэзээ хаана үйлдвэрлэсэн нь тогтоогдоогүй эм биш хорыг ихээр
оруулж ирэн хөдөөний хээгүй малчид, хэнэггүй малын эмч нарт худалдаалдаг
байдлыг хэзээ зогсоох вэ?

А.ТӨМӨРСҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж