13 настай хүү архинаас болж амиа алдлаа

Хуучирсан мэдээ: 2011.12.07-нд нийтлэгдсэн

13 настай хүү архинаас болж амиа алдлаа

“Арван дөрөвхөн настай жаал архи уугаад осгочихно гэж яаж санах билээ” гэж нэгэн худалдагч эмэгтэй харамсан ярьж байна. Энэ хэрэг өнгөрсөн бямба гаригт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт гарчээ. Цагдаагийнхны тайлбарласнаар оройн 21.00 цагийн орчим “бага насны хүүхэд осгосон” гэсэн дуудлага шуурхай мэдээллийн төвд ирсэн байна. Дуудлагын дагуу очиж шалгахад 13 настай эрэгтэй хүүхэд осгож нас барсан байжээ. Талийгаач хүү өөрөөсөө нэг ах 14 настай хүүгийн хамт согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, биеэ авч явах чадваргүй болсон. Гадаа хүйтэн байсан болохоор хүүхдүүд  хөлдөж нас барсан гэлээ.

Тухайн өдөр юу болсныг тоочвол, 17:00 цагийн үед Чингэлтэй дүүргийн эцсийн буудалд байрлах “Баян-Чингэлтэй” дэлгүүрээс “Нэрэм” гэх архийг хоёр хөвгүүн худалдаж авчээ. Мэдээж тэд архиа гэртээ авч ороод уухгүй. Хавь ойрынхон нь тэднийг андахгүй болохоор хүний хөлөөс зайдуухан очихоор шийджээ. Ингээд ойролцоох уулан дээр гарч архиа уусан байна. Дөнгөж 13, 14 настай хүүхдүүд уусан архиндаа тэр даруйдаа согтож, биеэ авч явах чадваргүй болсон байна. Хэдийгээр даарч байсан ч архи уусан болохоор гэрийнхнээсээ айхдаа архиныхаа үнэрийг гартал хүлээсээр осгосон байж ч магадгүй. Багагүй хугацаанд хүлээсэн ч гадаа хасах 20 хэмийн хүйтэнг тэсвэрлэхэд бэрх тул насаар арай ахмад нь 21.00 цагийн үед нөгөөхөө өргөсөөр уулнаас арай гэж буужээ. Энэ хугацаанд бага нь осгожээ.

Энэ хэргийг холбогдох хууль хяналтын байгууллага үргэлжлүүлэн шалгаж байгаа аж. Тиймээс насанд хүрээгүй хүүхдэд архи согтуурууах ундаа зарсан гэх тус дэлгүүрийн эзэнтэй уулзлаа.

-Осгож нас барсан хүүхэд танай дэлгүүрээс архи худалдаж авсан гэдэг үнэн үү?
 
-Ээж архи аваад ир гэсэн гээд манай эндхийн нэг жоохон хүүхэд  ороод ирсэн. Ээжийг нь ч таньдаг болохоор өгөөд явуулчихсан юм. Харин тэр архи уусан нас барсан гэх хүүхдүүдэд бол би зараагүй.

-Цагдаагийн байгууллагын мэдээлж байгаагаар танай дэ­л­гүүрээс авсан гэсэн?

 -Нөгөө архи худалдаж авсан хүүхдээс булаагаад авчихсан юм байна лээ. Тэр хүүхэд өөрөө надад тэгж хэлсэн. Ээж нь ч бас “би аваад ир гэсэн юм аа” гэж гэж байна лээ.

-Тэгэхээр таниас худалдаж аваа­­­гүй,  тэр хүүхдээс архийг нь булаагаад авчихсан гэсэн юм үг үү?

-Тиймээ, тэр хүүхдүүдэд би зараагүй.
 
-Насанд хүрээгүй хүүхдэд архи, согтууруулах ундаа зара­хыг хуулиар хориглосоор байтал та яагаад зарсан юм бэ?

-Хүүхдэд архи зарсан нь үнэн ч ийм хэрэг гарчих юм гэж даан ч бодсонгүй  гэх хариултыг худалдагч эмэгтэй өглөө.

Насанд хүрээгүй хүүхдэд архи согтууруулах ундаа худалдах, түүгээр худалдуулахыг хориглоно гэсэн хуу­лийн заалт байсаар байтал хэдхэн хал­­тар төгрөгний төлөө хүүхдэд худал­даалсаар байгаагийн нэг жишээ ийм харамсалтай байдалд хүргэж байна. Зах замбараагаа алдсан энэ их архдалт дунд дөнгөж 13-хан настай хүүхэд гэнэн томоогүйгээсээ болоод алтан амиа алдаад байхад таны хүүхэд өнөө­дөр хаана хэнтэй юу хийж байгааг эцэг эхчүүд үнэхээр мэдэж байгаа гэж үү.

Х.НАРАНГЭРЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж