
Яагаад бид шинжлэх ухаанд хөтлөгдөх биш улстөрчдийн улыг долоодог эрдэмтдийг тэжээсээр байгаа юм бэ? Хэрвээ тэд үнэхээр чадалтай, боловсролтой юм бол их сургуулиуд дээрээ очоод, их сургуулийнхаа нэрээр санхүүжилт аваад судалгаа шинжилгээгээ хийж болдоггүй юм уу?
Энэ асуултыг өнгөрөгч арваннэгдүгээр сарын 23-наас энэ сарын 5-ны хооронд зохион байгуулсан “Миний нэг санал Монголын ирээдүй” сэдэвт Facebook форумд саналаа хэлсэн залуучуудын зүгээс тавьжээ. 14 хоногийн дотор 167 мянга гаруй залуус онлайн форумд оролцож, 141 мянга гаруй нь өөрсдийн саналаа илэрхийлснээс 7500 хүн давтагдахгүйгээр саналаа хэлсэн байна. Facebook форумд оролцсон залуусын 40 хувь нь өөрсдийн FB хаягаар нэвтэрч цахим ертөнцөд өөрийн байр сууриа илэрхийлсэн нь facebook-ийн ертөнц бусдын хэлдэг шиг “хогийн сав” биш гэдгийг харууллаа хэмээн онлайн форумыг зохион байгуулагчдын нэг, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин хэлсэн.
Форумд оролцогчдын 94 хувь нь шийдэл хайсан саналуудыг гаргасан бол зөвхөн хоёр хувь нь хэлэлцүүлэг болон хувь хүмүүсийг шүүмжилсэн, үлдсэн дөрвөн хувь нь форумын үйл ажиллагааг дэмжсэн байр сууриа илэрхийлсэн байжээ. Монголд бараг анх удаа ийм олон хүн цахим ертөнцөөр дамжуулан бие биенийхээ царай зүсийг харахгүй, зан араншинг мэдэхгүйгээр зөвхөн толгой доторх үзэл бодол, хүсэл мөрөөдлөө хуваалцлаа гэдгийг ч онцолсон. Түүнээс гадна өчигдөр үдээс өмнө хуралдсан Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаас “Долдугаар сарын 1”-ний хэргийн төлөө Монголын төр амь үрэгдсэн таван иргэн, тэдний гэр бүл, энэ явдлаас болж айдаст автсан ард иргэдээсээ уучлал гуйх шийдвэрийг УИХ-д оруулахаар болсон тухай шинэ мэдээллийг Х.Тэмүүжин гишүүн өчигдөр СТӨ-г дүүргэн, “Надад санал байна” онлайн форумын чуулга уулзалтад оролцсон залуучуудтай хуваалцсан юм. Монгол Улс ардчилсан бүх улс оронд байдаг жишгийг тогтоолоо гэж.
Хүн төрөлхтөн аж ахуйгаас аж үйлдвэрт шилжихэд 200 жил, аж үйлдвэржилтээс мэдээллийн технологид шилжихэд дахиад 20 жил, харин мэдээллийн технологиос цахим ертөнцөд шилжихэд 2-3 жил шаардсан гэдэг. Харин Монголын залуус үүнээс хоцролгүй явж, цахим етөнцийн давуу талыг ашиглан хоёрхон долоо хоногийн дотор 200 мянга шахам залуусыг нэгтгэж чадав. Тийм болохоор зохион байгуулагчдад баяр хүргэе, “Нэг Ардчилал” клубынхэнд. Форумын чуулга уулзалтад нээлтийн үг хэлсэн Улсын баатар Э.Бат-Үүл ч бас “Хорин жилийн өмнө бид ардчилсан хувьсгалыг эхлүүлж байхад өрнөдийн хүмүүс ”Бидэнд дандаа домог мэт санагддаг байсан түүхэн үйл явдалд та нар оролцож байна шүү дээ, ямар азтай юм бэ” гэж байсан. Өнөөдөр Монголын залуус ийм олноороо нийгмээ өөрчлөн шинэчлэхийн төлөө санаа зовж, санал нэгдэж байгаад би маш их сэтгэл хөдөлж байна. Энэ ч бас та нарын хувьд түүхэн үйл явдал шүү” хэмээн “доргиож” байсан.
Чуулга уулзалт “Хариуцлагатай ирээдүй“, “Чинээлэг ирээдүй”, “Айдасгүй ирээдүй” гэсэн гурван бүлэг илтгэлээр эхэлж, дараа нь залуус саналаа хэлцгээсэн. Илтгэлийг эхлүүлэх хувь “Нэг Ардчилал” клубын гишүүн Ж.Батзанданд тохиосон юм.
“Хүн өөрөө авлигаас ангид байхын зэрэгцээ бусдыгаа авлигын хар ангал руу унахаас нь хамгаалж байх ёстой. Жан Жак Руссо”. Энэ үг одоогийн бидний олонхийн хувьд естой нөгөө “шувуу хүртэл буруу дэвээд” гэдэг шиг сонсогдож магадгүй. Тийм учраас Ж.Батзандан “Монголчуудын сарын орлого 300 мянган төгрөг, зарлага нь 600 мянга. Үлдсэн 300 мянгыг хаанаас олох нь хэнд ч хамаагүй” гэх олон жилийн өмнө бол онигоо мэт сонсогдох байсан, одоо бол бодит үнэн болчихсон үгийг ишилсэн. Бас Нобелийн шагналт Францын зохиолч Камью “Хүмүүс шударга бус явдалтай нэг бол эвлэрдэг, үгүй бол тэмцдэг” гэжээ. Харин өнөөдөр Монгол Улс авлигын индексээрээ дэлхийн 180 орноос 120 дугаарт нь цохиж яваа. Кант бас хэлжээ, “Шударга ёс алдагдвал нийгэмд өөр үнэт зүйл үлдэхгүй” гэж. Хэдийгээр монголчуудын дийлэнх нь ядуу зүдүү, цалингаас цалингийн хооронд амьдралаа арайхийн залгуулж байгаа ч тэд хэдээ ч “ядуу байна” гэж бухимдаагүй, “шударга ёс алдагдаж байна” гэж бухимдаж байгааг Ж.Батзандан хэлээд, “шударга ёсыг тогтоохын тулд улс төрийн болон захиргааны хариуцлагыг зохицуулсан суурь хуулиудад өөрчлөлт оруулах ёстой” гэдэг саналыг гаргана лээ. Мөн “даахгүй нохой булуу хураах”-ын үлгэр болоод байгаа төр мэргэжлийн байгууллагуудын ажлыг мэргэжлийн байгууллагуудад нь өгч, зөвхөн хууль батлах, стандарт тогтоох ажлуудаа хийх ёстой гэдгийг ч хэлсэн.
Ж.Батзандангийн илтгэлийг сонсч байхад яагаад ч юм, хэдхэн хоногийн өмнө нийтэд ил болсон Н.Энхбаярын “Стратегийн өмгөөллийн төлөвлөгөө” гэх хувийн материалаас Иргэний хөдөлгөөний бас нэгэн тэмцэгч байсан О.Магнай ҮШН-ын Г.Уянга, сэтгүүлч А.Баатархуяг хоёртой хамт Н.Энхбаярын пиар төлөвлөгөөг хэрэгжүүлэх болсныг уншсан маань санаанд ороод байсан. Хүн болгон адилгүй л дээ. Гэхдээ энэ явдал Ж.Батзанданг ч гэсэн өөрийг нь илүү “хариуцлагатай” байхыг сануулсан хэрэг гэж болно.
“Чинээлэг ирээдүй” сэдвийн илтгэлийг Монголын зөвлөхүүдийн холбооны тэргүүн М.Чимэддорж тавьсан. “Зөвлөхүүдийн холбоо” гэхээр “УИХ-ын гишүүдийн туслахуудын холбоо” гэдэг шиг Ерөнхий сайд, сайд нарт зөвлөдөг нөхдүүдийн холбоо гэж бодуузай. Монголын зах зээл дээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниудөд консалтингийн буюу зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компаниудыг хэлж байгаа хэрэг. “Төр нь эрхтэй, иргэн нь үүрэгтэй байдаг тогтолцоог өөрчилье” гэсэн уриатай энэ илтгэлд өнөөдрийн Монголын санхүүгийн тогтолцоо иргэдийг орлогоо хуримтлуулж бизнес эрхлэхэд биш, нэгэнт хуримтлал үүсгээд капиталтай болчихсон нөхдүүдийг дэмжихэд чиглэж байна гэдгийг хэлж байна лээ. Наад зах нь жилийн 20 хувийн хүүтэй арилжааны банкуудын жишээ. Хүүг 20 хувьд хүргэсэн шалгаан дахиад нөгөө төрийн бодлого руу холбогдоно. Тиймээс Монголын төр байгалийн баялгаас олсон орлогоо 21 мянга болгож бэлнээр тараах бус, ирээдүйн баталгааг бий болгоход, бизнесийг дэмжихэд зарцуулах хэрэгтэй гэв. Бизнесийг дэмжих дэд бүтэц гэдгээ тэр хатуу болон зөөлөн дэд бүтэц хэмээн ангилж, хатуу дэд бүтцэд нь авто зам, ачаа тээвэр гэх мэт бараа эргэлтийг хүрдасгах дэд бүтцүүдийг оруулж, харин зөөлөн дэд бүтцэд Улаанбаатарын утааг бууруулахын тулд хатуу түлш үйлдвэрлэж, замын түгжрэлийг багасгахын тулд автомашины татварыг нэмж байгаа төрийн бодлого шийдвэрүүдийг оруулсан.
Сүүлчийн илтгэл “Нэг Ардчилал” клубын зохицуулагч, Ерөнхийлөгчийн Аюулгүй байдлын бодлогын зөвлөх М.Батчимэгийнх, сэдэв нь “Айдасгүй ирээдүй”. Эмэгтэй хүн болоод Аюулгүй байдлын бодлогын зөвлөхийн аль аль нь хөндөхөөс аргагүй сэдэв.
Одоогоос дөрвөн жилийн өмнө Дархан-Уул аймгийн Хонгор суманд цианит, мөнгөн усны хордлого илэрч, хүн мал олноороо өвчилсөн гашуун түүх бий. Сумын Засаг дарга нь шуналдаа автан алт ухдаг Хятадын компанид хуулиар хориотой химийн бодис ашиглах зөвшөөрөл өгсөнөөс болж Хонгорын хөрс, ус агаар хордож, энэ эмгэнэл нь НҮБ-ын танхимд хүртлээ дуулиан тарьсныг монголчууд эрх биш мартаагүй биз. Хоёр жил тойрон үргэлжилсэн шуугиан дуулианы дараа тухайн үеийн Засгийн газар, Эрүүл мэндийн сайд нь “Хонгор хордоогүй гэдгийг ДЭМБ-ын шинжээчид тогтоосон. Хонгорынхон өөрсдөө хамуутай, таван хүн тутмын нэг нь тэмбүүтэй байсан байна” хэмээн ам тагласан билээ.
Гэвч удалгүй, С.Баяр Ерөнхий сайд болсныхоо дараа “Хонгорынхон үнэхээр хордсон байжээ” гэдгийг хүлээн зөвшөөрч, Засгийн газрын өмнөөс уучлал гуйсан. Магадгүй түүний МАН-ын дарга, Ерөнхий сайд болоод хийсэн хамгийн нинжин зүйл нь тэр байсан биз. Гэвч тэглээ гээд байдал дээрдсэнгүй, нүүлгэчих болов уу, эмчилчих болов уу гэсэн Хонгорынхны хүлээлт ч биелээгүй. Хонгорынхныг эмчилсэн эмч нар яагаад хөдлөхгүй, албан тушаалтнууд яагаад зовлонг хуваалцахгүй байна вэ? Гэдэг асуултыг М.Батчимэг зөвлөх тавиад хариултыг хайсан юм.
Өнөөдөр Хонгор суманд 10 гаруй этгээд гаж төрөлт бүртгэгдэж, 60 гаруй эх хүүхдээ алдчихаад, 20 гаруй иргэн хорт хавдраар шаналж байна. Тэдний дотор өвөөгөө хорт хавдраар алдаад өөрөө ч бас энэ өвчнөөр шаналж байгаа дөрөвхөн настай охин, 17-хон насандаа амиа алдсан залуухан ээж гэхчлэн сэтгэл сэртхийлгэсэн олон жишээг татсан М.Батчимэг зөвлөх Монголын төр Хонгорынхныг хаясан шигээ Монголын бүх иргэдийг хэзээ нэгэн цагт хаяхгүй гэх баталгаа байна уу? Төр нь иргэдийнхээ эрхшээлээс улам бүр гарсаар, холдсоор байгаа юм биш биз гэсэн анхааруулгы бас хэлсэн. Бодох л ёстой зүйл.
Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Говь-Алтай гээд өнөөдөр Монгол улсад уул уурхайн хууль бус олборлолтод нэрвэгдээгүй, химийн бодисонд хордоогүй аймаг, орон нутаг үлдээгүй. Монголчууд гаднын дайсанд бус, дотроосооо хордож сүйдэхэд бэлэн болоод байна. Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн эмч нар ургийн гажигтай төрөлт нэмэгдсээр байгааг сэтгэл шимшрэн ярьж байна. Гэтэл Монголын төрд энэ талын мэдээлэл байна уу, хэрэв байгаа бол ард иргэдтэйгээ хуваалцаж чадах уу? Иргэд нь задарсандаа биш ядарсандаа, өнөө маргаашийн идэж хэрэглэх, өмсөх зүүхийн төлөөнөө амь нас, эрүүл мэндээрээ дэнчин тавьж байхад тэдний төлөө хариуцлага хүлээсэн төр юу хийж байна? Стратегийн хэдэн ордоо хэнд хэд хүргэж зарах, хишиг хүртээх нэрээр хувааж өгөх тухай тулга тойрсон хэрүүлээр хамаг цагаа барж байна. Төрийн албан тушаалтнууд иргэддээ үйлчлэх үүргээ умартчихаад “Төр бол хүчирхийллийн байгууллага” гэсэн ангийн тэмцлийн нүдээр хараад, нийгмийн баялгийг төр тэгш хуваарилах гэж зүтгээд байгаа юм биш үү гэдэг шүүмжлэлийг тэр хэлсэн.
Жеймс Бучананын хэлсэн үг байдаг аж. Төр нэгдүгээрт, зөвхөн зах зээлийн гажуудлыг засахын тулд л эдийн засагт оролцох үүрэгтэй, хоёрдугаарт эдийн засагт оролцохдоо сонирхлын зөрчлөө хааж байх ёстой, гуравдугаарт эдийн засгийг үндсээр нь өөрчилж чадахгүй гэдгээ хүлээн зөвшөөрч, хувийн хэвшилд аль болох хуруу дүрэхгүй байх ёстой гэж.
