
Саяхан л анхны бие даасан тоглолтоо хийж, жазз хөгжимд дуртай сонсогчдыг гайхшруулсан “Kush and Oyuka” хамтлагийнхан хоёр дахь тоглолтыг хийх гэж байна. Гэхдээ энэ удаагийн тоглолт тэдний зул сарын бэлэг гэдгээрээ онцлог шүү. Тэд “Dreaming of a White Christmas” нэртэй хоёр дахь тоглолтыг энэ сарын 17-нд “ Black Box Theater”-т 19:30 цагт хийх юм. Мэдээж зул сарын, шинэ жилийн жазз гоё дуунууд, хөгжим эгшиглэх нь ээ. Дуучин (Куш), төгөлдөр хуурч (Оюука) гэсэн 2 хүний бүрэлдэхүүнтэйгээр тоглож ирсэн тус жазз хамтлаг нь анхны тоглолтоо “Фрэнк Синатра ба Диана Кралл” нэртэйгээр өнгөрсөн арваннэгдүгээр сарын 19-нд хийж байсан.
Харин энэ удаад тэд зул сарын баярт зориулан нэгэн үдшийн туршид хэн бүхний сэтгэлд тодоор үлдсэн сайхан дурсамж бүхий зул сартай холбогдох 15 орчим дуунууд амьд дуугаралтын дор эгшиглэх болно. Энэ шинэ жилийн хүсэл мөрөөдөл бүхнээ “Kush and Oyuka” хамтлагийн жазз хэмнэлтэй хамт шивнээрэй. Зул сарын жазз үдшийн тасалбар 12,000 төгрөг бөгөөд “Hi-Fi Mega Store”-т худалдаалж эхлээд байгаа гэнэ шүү.