
Энэ үеэр ахмад номын санч, Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Н.Рэнцэнноров, Б.Ханд нар “Ном дагасан он жилүүд” нэртэй дурсамж номыг Өндөрхаан хотод хэвлүүлсэн байна. 90 жилийн ойг тохиолдуулан номын санд олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан зургаан ахмад ажилтан Монгол улсын соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр, мөн БСШУЯ-ны "Жуух бичиг"-ээр нэг хүн шагнууллаа. Мөн тус аймгийн Засаг даргын өргөмжлөлөөр гурав, Ардын хувьсгалын 90 жилийн ойн медалиар дөрөв, “Соёлын түшиг” холбооны "Соёлын гавьяа” одонгоор нийт 10 хүн тус тус шагнагдлаа. Гурван үеийн номын санчдын уулзалтыг зохион байгуулж, номын сангийн захирлаар 1970-1983 онуудад ажиллаж байсан Н.Рэнцэнноров, 1983-1994 онуудад ажиллаж байсан Д.Эрдэнэбаатар, 1994-2004 онуудад ажиллаж байсан Б.Дуламжав болон үе үеийн номын санчид оролцлоо.
Үндэсний номын сангийн 90 жилийн ойн арга хэмжээнд аймгийн номын сангийн захирал Ц. Ариунтуяа, номын санч Б.Ганцэцэг нар оролцлоо.