ОХУ-ын Ерөнхий сайд В.Путин М.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын 24 дэх удаагийн тэмцээнд оролцож буй дуучид хийгээд зохион байгуулагчдад мэндчилгээ илгээв.
Энэхүү мэндчилгээнд “М.Глинкийн тэмцээн 50 гаруй жилийн хугацаанд олон улсын хэмжээнд нэр хүндийг олж, орон орны шилдэг удирдаачид, өсөх ирээдүйтэй залуу дуучид төдийгүй сонгодог урлагт шимтэн дурлагч үзэгчдийн анхаарлыг онцгой ихээр татах болсон билээ. Дуурийн дуулаачдын уг тэмцээн дэлхийн урлагийн ертөнцөд болдог хамгийн томоохон уралдааны нэг болж, авьяаслаг залуу дуучдын дэлхийн тайзнаа гаргах гарц нь болжээ” хэмээн өгүүлсэн байна.
М.Глинкийн тэмцээн өнгөрсөн ням гаригт Москва хотноо эхэлсэн бөгөөд орон орны 167 дуучин өрсөлдөж байгаагийн дотор манай улсын зургаан дуучин бий. Тэмцээний төгсгөлийн шат энэ сарын 14-нд болно.