Бүх төрөл дээр таван хувийн роялти нэмнэ

Хуучирсан мэдээ: 2010.04.28-нд нийтлэгдсэн

Бүх төрөл дээр таван хувийн роялти нэмнэ

Засгийн газрын хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд дэмжсэн байна. Ингэснээр гэнэтийн ашгийн буюу 68 хувийн татварын орлогыг орлох татварын өөрчлөлтийг тусгасан хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар болж буй юм. Одоо мөрдөж буй Ашигт малтмалын тухай хуулиар ашигт малтмалын борлуулалтаас нөөцийн /роялти/ таван хувийн татвар авч байгаа юм. Харин энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд ашигт малтмалын бүх төрөлд дэлхийн зах зээл дээр үнэ нь нэмэгдэх тутам нөөцийн татварыг өсөн нэмэгдэж байхаар тусгажээ.
Энэ талаар Сангийн сайд С.Баярцогтоос тодрууллаа.

-Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцсэн.  Ямар шийдвэр гаргав?

-УИХ-аас 68 хувийн татварыг 2011 оноос хүчингүй болгохоор хууль баталсны  дараагаас түүнийг орлохуйц ямар нэг татвар бий болгох хэрэгтэй гэсэн олон шүүмжлэл гарсан. Сангийн яамны хувьд олон төрлийн татвараас судалгаа хийж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн өсөн нэмэгдэх нөөцийн татварыг санаачлан өргөн барихаар болж байгаа.  Одоогийн Ашигт малтмалын тухай хуульд бүх роялтийг борлуулалтаас нь авдаг таван хувь бий. Үүнийг ашигт малтмалын бүх төрөл дээр таван хувийн роялти нэмж тавьж байгаа. Таван шатлалтай, үнэ тодорхой хэмжээгээр өссөн нөхцөлд нэмнэ. Төрөл болгондоо үнэ нь өөр өөр. 

Жишээ нь, зэсийн хүдрийн баяжмал дээр тонн тутсын үнэ 5000 ам.доллар хүртэл таван хувь, 6000-д зургаан хувь, 9000 хүртэл есөн хувь, 9000-гаас дээш гарсан нөхцөлд 10 хувийн роялти авдаг болно.

Алтны хувьд 900 хүртэл таван хувь, 1000 хүрэхэд зургаан хувь, 1100 болоход долоон хувь, 1200 болоход найман хувь, 1200-гаас дээш гарсан нөхцөлд 10 хувиар авахаар боловсруулсан.

Цайр, цайрын баяжмалын хувьд 2000 хүртэл таван хувь, 2500-д зургаан хувь, 3000-д долоон хувь, 3500-д найман хувь, гэх мэтээр зохицуулсан байх жишээтэй.

Молибдений хувьд 40000 хүрэхэд, зургаан хувь, 45 мянга хүрэхэд долоон хувь, 50 мянга хүрэхэд найман хувь, 55 мянга хүрэхэд есөн хувь, 55000-аас дээш арван хувь болно.

Төмрийн баяжмалын хувьд 70 ам.долларын хэмжээнд таван хувь, 70-80 хүрэхэд зургаа, 90 хүрэхэд долоон хувь, 100 хүрэхэд найман хувь, 110-аас дээш арван хувийн татвар ногдуулна.

Гянт болдын хүдэр баяжмал дээр 15 мянга хүртэл таван хувь, 18000 хүрэхэд зургаан хувь, 21000 хүрэхэд долоон хувь, 24000 хүрэхэд найман хувь, 27000 хүрэхэд есөн хувь, 29000-аас дээш арван хувь.

Хайлуур жоншны хүдэр баяжмалын хувьд 110 хүрэхэд таван хувь, 120 хүрэхэд зургаан хувь, 130 хүрэхэд долоон хувь, 140 хүрэхэд найман хувь, 150 хүрэхэд есөн хувь, 150-иас дээш арван хувиар тооцно.

Жоншны баяжмалын хувьд 220 хүртэл таван хувь, 220-250 хүрэхэд зургаа, 280 хүрэхэд долоо, 310 хүрэхэд найм, 330 хүрэхэд ес, түүнээс дээш арван хувь.
Цагаан тугалга баяжмалын хувьд 17000 хүртэл таван хувь, 18000 хүрэхэд зургаа, 19000 хүрэхэд долоо, 20000 хүрэхэд найман хувь, 21000 хүрэхэд есөн хувь, 21000-аас дээш арван хувь байна.

Нүүрсийг хоёр ангилж байгаа, түүхий нүүрсэн дээр 25 ам.доллар хүртэл таван хувь, 35 хүрэхэд зургаан хувь, 45 хүрэхэд долоон хувь, 55 хүрэхэд найман хувь, 65 хүрэхэд есөн хувь, 65-аас дээш арван хувь.
Боловсруулсан нүүрсний хувьд 100 хүртэлх дээр таван хувь, 130 хүрэхэд зургаан хувь, 160 хүрэхэд долоон хувь, 190 хүрэхэд найман хувь, 210 хүрэхэд есөн хувь, 210-аас дээш арван хувь болж байгаа, ийм хуулийн төслийг өргөн барьж байгаа.

-Уул уурхайн үндэсний ассиоциаци зэрэг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын саналыг хэр сонссон бэ, шүүмжлэлтэй ханддаг юм билээ?

-Энэхүү хуулийн төслийг боловсруулах шатанд Уул уурхайн ассиоциаци зэрэг байгууллагаас саналыг нь сонссон. Бүгд дэмжсэн. Мөн дээрх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд хэд, хэдэн санал өгсөн, ихэнхийг тусгасан.  Гэхдээ нэг зүйл дээр санал зөрж байгаа. Таван шатлалын коффицент дээр нэг бүхлээр явж байгаа. Уул уурхайн ассиоциацийнхан шатлалыг 0.5 хувиар тооцвол яасан юм бэ гэсэн санал өгсөн. Одоогийн үнийг өнгөрсөн таван жилийн дундаж үнэтэй харьцуулаад үзэхээр манай бүх ашигт малтмал дээр 7-8 хувийн роялти тавигдах бололцоотой байгаа. Энэ дүнгээрээ улсын төсөвт 80 орчим тэрбум төгрөг нэмэгдэж орж ирэх бололцоотой. 

-Оюутолгойн орд дээр роялтийн татвар үйлчлэх үү?

-Үйлчлэхгүй.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж