Бээжинд 200-гаад нислэгийг цуцалжээ

Хуучирсан мэдээ: 2011.12.06-нд нийтлэгдсэн

Бээжинд 200-гаад нислэгийг цуцалжээ

Бээжин хотод өтгөн манан татсаны улмаас эрх баригчид онгоцны нислэгүүдийг хойшлуулж, хурдны замыг түр хугацаагаар хаах шийдвэр гаргажээ. Хятадын “Синьхуа” агентлагийн мэдээлснээр Бээжингийн олон улсын нисэх онгоцны буудал өчигдөр үдээс хойш 200-гаад нислэгийг цуцалж, 125 нислэгийг хойшлуулсан байна. Бээжингийн цаг уурын мэргэжилтнүүдийн “Синьхуа” агентлагт мэдээлснээр цас хайлж, агаарын чийглэг нэмэгдсэнээс агаарын болон нийтийн тээвэрт аюул учруулахуйц манан үүссэн байна. Бээжинд салхигүй, цаг агаар тогтуун байгаагаас манан буухгүй байгаа ажээ. Цаг уурын мэргэжилтнүүд манан ирэх пүрэв гаригт арилна гэж таамаглаж байна.  Гэвч Бээжин хотыг нөмрөөд буй “манан” үнэн хэрэгтээ агаарын бохирдол гэдгийг эрх баригчид мэдэж байгаа гэж албаны хүмүүс өнгөрсөн сард “Синьхуа” агентлагт мэдээлж байжээ. Бээжин дэх АНУ-ын Элчин сайдын яамны цахим мониторинг хотын агаарын бохирдол маш аюултай хэмжээнд хүрснийг анхааруулсан байна. Харин Бээжингийн байгаль орчныг хамгаалах газар хотын агаарын бохирдол аюултай төвшинд хүрээгүй, хэвийн хэмжээнд байгаа хэмээн мэдэгджээ. 17 сая хүн амтай, 5 сая гаруй автомашинтэй Бээжин хотын агаарын бохирдлын гол шалтгааныг мэргэжилтнүүд хүн амын шигүү суурьшил, эдийн засгийн хурдтай өсөлттэй холбон тайлбарладаг юм.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж