“Боловсрол-90” фото зургийн үзэсгэлэн гарлаа

Хуучирсан мэдээ: 2011.12.06-нд нийтлэгдсэн

“Боловсрол-90” фото зургийн үзэсгэлэн гарлаа

Монгол Улсад орчин цагийн боловсрол үүссэний 90 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ.  90 жилийн ойн арга хэмжээг Төв аймаг энэ сарын 2-нд  тэмдэглэн өнгөрүүлжээ. 2011-2012 оны хичээлийн жилд тус аймгийн хэмжээнд төрийн өмчийн 38, хувийн өмчийн хоёр цэцэрлэг ажиллаж, хамран сургах тойргийн 6441 хүүхдээс 5494 хүүхэд буюу 85.3 хувьд нь сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг үзүүлж байна. Энэ онд Ерөнхий боловсролын 31 сургууль сургалтын үйл ажиллагаа явуулж байгаагаас цогцолбор сургууль нэг, бүрэн дунд сургууль 18, дунд сургууль 11, төрийн бус өмчийн нэг сургуульд 13841 суралцагч суралцаж байна. Баярын арга хэмжээний үеэр олон мянган хүүхдийг эрдэм боловсролд сургаж, он удаан жил багшилж байгаа зургаан багшийг БСШУЯ-наас Ардын Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр, ажил үйлсээр бусдыгаа тэргүүлсэн багш нарыг Монгол Улсад орчин цагийн боловсрол үүссэний 90 жилийн ойн медаль, аймгийн Хүндэт тэмдэг, Жуух бичгээр шагналаа. Мөн УИХ-ын гишүүн Д.Дондог аймгийн 37 цэцэрлэгт тоглоом өгөхөөр болж, бичиг баримтыг нь Боловсрол, соёлын газрын даргад гардуулж өглөө. Түүнчлэн, ойн хүрээнд аймгийн БСГ-аас Орчин цагийн боловсролын байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойд зориулсан “Боловсрол-90” баярын тусгай сонин гаргажээ. Мөн “Боловсрол-90” фото зургийн үзэсгэлэнг аймгийнхандаа дэлгэн харуулсан байна. Үзэсгэлэнд аймгийн 27 сумын сургууль цэцэрлэгүүдийн түүхэн замналаасаа эхлэн өнөөдрийг хүртэлх тэмдэглэлт үеийнхээ зургийг тайлбартай нь гаргасан нь Төв аймгийн сурган хүмүүжүүлэгч болон шавь нарын үзэж харж, дурсан баясах нэгэн зүйл болж чадлаа.

Г.Хишигсүрэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж