С.Ганболд: Зөвхөн эмч биш төр засаг ч буруутай

Хуучирсан мэдээ: 2011.12.06-нд нийтлэгдсэн

С.Ганболд: Зөвхөн эмч биш төр засаг ч буруутай

“Нийслэлийн III амаржих газрын хүлээн авахын эмчийн буруугаас болж анхны үрээ алдсан” хэмээн нэгэн залуу манай сонинд хандсан юм. Тэрбээр нэрээ хэлэхийг хүсээгүй бөгөөд эмч нарын хариуцлагагүй байдлаас үүдсэн ийм явдал дахин бүү давтагдаасай гэсэндээ хэвлэлд ханджээ. Түүнтэй өрнүүлсэн яриаг хүргэж байна. 


-Та яагаад эмчийн буруугаас болж хүүхдээ алдсан гэж үзээд байгаа юм бэ?

-Нийслэлийн III төрөхийн хү­лээн авахын эмч н.Гэрэлмаа ма­най эхнэрийг хэвтэх гээд очиход нь  үзлэг хийснийхээ дараа “Төрөх хугацаа нь болоогүй учраас эмчийн хяналтад буц гэсэн байсан. Харин өнгөрсөн баасан гарагаас бямба гарагт шилжих шөнө ураг бүтсэн байна гэдгийг мэдээд тус эмнэлэгт хагалгаанд орсон. Энэ үед би тус эмнэлгийн н.Жимсмаа гэдэг эмчээс “Хэрэв хэвтэх гээд ирэхэд нь хэвтүүлсэн бол эх, үр хоёул амьд байх байсан уу” гэж асуухад “Тийм” гэж хариулсан шүү дээ. Би тус эмнэлгийн дарга Д.Бат-Очиртой өчигдөр өглөө уулзахад “Манай н.Гэрэлмаагийн сэтгэл дутсанаас л ийм зүйл боллоо” гэж хэлж байсан юм.

-Та одоо яах гэж байна?

-Хууль журмын дагуу цагдаагийн газарт өргөдөл өгнө гэж бодож байсан ч эмнэлгийн удирдлагууд нь асуудал нэг тийш шийдэгдтэл түр хүлээгээч гэсэн санал тавьсан. Үнэхээр ч тэдний хэлснээр нялх үрийнхээ цогцсыг ном ёсоор нь оршуулсныхаа дараа энэ бүх асуудлыг шийддэг юм бил үү л гэж бодож байна.

-Эмнэлгийн удирдлагуудтай уулзахад юу гэж байх юм?

-Нярайн цогцос тус эмнэлэгт байгаа. Задлан шинжилгээний хариу 14 хоногийн дараа гарна гэсэн. Эмнэлгийн дарга Д.Бат-Очир намайг дахиж хүүхэдтэй болно гэж байсан л даа. Гэхдээ би хүүхэдтэй болсон ч эдний маань дээр нэг ах байх байсан шүү гэж бодож л таарна шүү дээ. Энэ төрөх ямар зах биш дээ. Арай л дэндүү юм байна лээ. Хэчнээн ч хүн өдөрт оргүй гэдэг шалтгаанаар буцдаг юм бүү мэд. Нийслэлийнх нь нэг төрөх газарт ингээд хүүхэд эндэж байхад дарга нар юу хийдэг юм гэж асуумаар байна. Миний зовлонг сонссон нэг хүн “Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон энэ асуудалд биш өөрийн цахим хаягууддаа илүү анхаарал хандуулдаг юм” гэж хэлсэн. Үнэхээр интернетээр шалгаад үзтэл тийм байсан. Тиймээс би Ж.Цолмон сайдад хандаж салбарынхаа ажилд цаг гаргаач гэж хэлмээр байна. Нөгөөтэйгүүр, иргэдэд хандаж их мөнгө шаардагдаж байсан ч хувийн эмнэлэгт л хэвтсэн нь дээр юм байна гэж хэлмээр байна хэмээсэн юм. Түүний өгсөн мэдээллийн дагуу Нийслэлийн III амаржих газрыг зорьсон юм. Эмнэлгийн дарга Д.Бат-Очир эзгүй байсан учир тус эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Ганболдтой уулзлаа.

-Танай эмчийн хариуцлагагүй байдлаас болж нэг хүн анхны үрээ алдсан харамсалтай хэрэг гарсан байна. Та бүхэн хариуцлага алдсан эмчид ямар арга хэмжээ авав?

-Манай эмнэлэгт өнгөрсөн сарын 25-нд энэ эх ирсэн. Хяналтын эмч нь ургийн зүрхний гажиг сонсогдож байна гэж явуулсан байсан. Ургийн зүрний гажгийг бид сонсоод оношилдоггүй. Тухайн үед эход хараад, ургийн зүрхний бичлэгийг хийсэн юм билээ. Эхийг хэвтүүлэх ор байхгүй байсан учир эмчийн хяналтад байх нь зөв гээд буцаасан байсан. Харин долоо хоно­гийн дараа уг эх буцаж ирсэн. Энэ хооронд хяналтын эмчдээ очиж үзүүлээгүй. Хяналтын эмч нь хэвтсэн эсэхийг нь мэдээгүй байсан. Нөгөөтэйгүүр, нэг хүн буцааснаас болоод нэг хүүхэд эндчихлээ. Тиймээс энэ эмчийг “буудъя, цаазлая” гэсэн арга хэмжээ байдаггүй. Захиргааны арга хэмжээ бол үе шаттай байдаг. Бүх л асуудлыг шалгаж байж хэрхэхийг шийднэ шүү дээ. Тухайн ээж цоо эрүүл байгаа­гүй. Эрхтэн системийн давхар эмгэгтэй ээж байсан.

-Тэгэхээр танай эмч буруугүй гэсэн үг үү?

-Буруутай юу, үгүй юу гэдгийг задлан шинжилгээний хариу гарсны дараа хэлэлцэх ёстой.  Үүний дараа бүх эмч нар сууж байгаад хурал хийж, үнэхээр эмч алдаж уу гэдгийг хэлэлцээд буруутай нь тогтоогдвол захиргааны арга хэмжээ авах нь мэдээж шүү дээ.

-Тухайн үед хэвтүүлсэн байсан бол эх, үр амьд байх байсан гэж танай жижүүр эмч хэлсэн гэсэн?

-Баянзүрх дүүрэгт монголын хүн амын 10 хувь нь буюу 277 мянган хүн ам амьдардаг гэсэн тооцоо байна. Гэтэл эх, нярайн тасаг нь 45 ортой үйл ажиллагаа явуулдаг. Одоогийн байдлаар ор, хоног ашиглалтын бай­дал 176 хувьтай байна гэж гарсан. Оноос хойш 4500 гаруй эх төрсөн. Хүлээн авах дээр ирж байгаа нийт эхчүү­дийн 48 хувь нь оргүйн улмаас буцдаг. Тэр хүмүүсийн нэг нь тухайн эх байсан. Харин өнөөдөр эмч буцаагаад шөнөдөө хүүхэд нь амьгүй болоод ирж байгаа бол эмчтэй шууд хариуцлага тооцох ёстой. Гэтэл оргүй гээд буцааснаас долоо хоногийн дараа ирж байгаа тохиолдолд зөвхөн эмчтэй бус төр засагтай тооцоо хийх ёстой. Хэрэв ортой болгоод өгсөн байсан бол эмч тэр хүнийг буцаахгүй  л байсан байхгүй юу.

-Хэвтэх хүмүүсийг хэрхэн сонгодог юм бэ. Эмч нар гар хардаг гэх юм билээ?

-Бид шалгаруулалтыг дээд зэр­гээр хийж байж хэвтэх эхчүүдийг сонго­дог. Тухайлбал, арван хүн ирлээ гэхэд хүнд гэсэн тавыг нь л авч байгаа. Ус нь гарчихсан, эхэс нь ихэссэн хүмүүсийг шалан дээр ч хамаа­гүй авч байгаа.

Тус эмнэлгийн эмчилгээ эрхэл­сэн орлогч дарга ийнхүү ярьсан юм. 150 ор бүхий Нийслэлийн III амаржих газрыг барихаар өнгөрсөн жил шавийг нь тавьсан билээ. Гэтэл энэ барилга одоо болтол суурь төдий  байсаар л байна. Харин зэрэг шахуу барилгын ажил нь эхэлсэн Нийслэлийн I амаржих газрын барилга дуусах тийшээ хандаж байна. Хэн хэн рүүгээ буруу чихсэн энэ байдлаас болж иргэд хохирдог байдал хэдий болтол үргэлжлэх вэ.

Р.Сарангоо

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж