Энэ онд Налайхын уурхайд 17 хүний амь үрэгджээ

Хуучирсан мэдээ: 2011.12.06-нд нийтлэгдсэн

Энэ онд Налайхын уурхайд 17 хүний амь үрэгджээ

Өнгөрсөн баасан гарагт Налайхын
уурхайд осол гарч нэг хүн нас баржээ. Гэтэл бямба гарагт дахин осол
гарсан байна. Судалгаагаар 60 мянган иргэн гар аргаар ашигт малтмал
олборлодог гэсэн тооцоо гарчээ. Гар аргаар ашигт малтмал олборлож байгаа
иргэд хууль журмыг огт хэрэгжүүлдэггүй гэдгийн нэг илрэл он гарснаас
хойш Налайх дүүрэгт 17 хүн амиа алдаад байгаагаар хэмжигдэнэ. Өөрөөр
хэлбэл, зүгээр л эрсдэлтэй алхам хийж, гар аргаар нүүрс олборлосноос
болж 17 хүн нас барсан байна. Хувиараа ашигт малтмал олборлож байгаа
иргэд осолд өртөх нь албан ёсны уул уурхайн үйлдвэрлэлд осолд өртөж
байгаа хүнээс 5-6 дахин их гэсэн тооцоо байдаг аж. Налайхын нүүрсний
уурхайд өнгөрсөн онд 19 хүний амь эрсэдсэн байна. Хамгийн анхаарал татаж
байгаа ослууд  Налайхын бичил уурхайд гарсан байдаг. Хувиараа ашигт
малтмал олборлогч иргэд уул уурхай, газрын физик чанар, онолын болон
практик мэдлэг байхгүй, агааржуулалтыг технологийн дагуу хийдэггүй,
бэхэлгээгүй, хууль бус ашигт малтмал олборлож байгаа учраас осол гардаг
гэсэн дүгнэлтийг хол­богдох  албаны мэргэжилтнүүд өгдөг. Мөн үүнийг
иргэд төрийн болон нутгийн захиргааны байгууллагаас нууцаар үйл
ажиллагаа явуулж осолд орох тохиолдол нь ихэссэнтэй холбон тайлбарлаж
байна. “Бичил уурхай эрхлэгчид осолд орсон тохиолдолд аврах ажиллагаа
явуулах боломж бараг байдаггүй” хэмээн Онцгой байдлын зарим аврагчид
шүүмжилдэг. Тиймээс иргэд өөрсдөө анхаарал сэрэмжтэй, уул уурхайн
хөдөлмөрийг зохих журмын дагуу явуулах нь таны болон бусдын амь насанд
хамааралтайг анхааруулж байна.

Монгол Улсын хэмжээнд 2005 онд 4.8 сая тонн нүүрс олборлосон тоо баримт
байдаг. Харин өнгөрсөн онд 15 сая тонн нүүрс олборложээ. Тэгвэл энэ онд
21 сая тонн нүүрс олборлосон аж. Энэ нь уул уурхайн салбар маш хурдацтай
хөгжиж байгаагийн нэг илрэл. Экспортод энэ жил 9.6 сая тонн нүүрс
гаргасан бол хөгжихийн хэрээр ажиллах хүч нэмэгдэж, хүмүүсийн
хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудал хурцаар хөндөгдөж эхэлсэн. Манай
улсын уул уурхайн салбарт албан ёсны бүртгэлтэй 50 мянган хүн ажиллаж
байгаа.  Хэдийгээр хөдөлмөрийн аюул­гүй байдал нэн  түрүүнд тавигдах
ёстой ч тэгдэггүй бололтой.

Б.Баатар

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж