
Крис Пол багтайгаа гэрээгээ сунгахгүй гэдгээ мэдэгдсэний дараачаар “Нью-Орлеан Хорнетс” баг түүнийг солих ажилдаа орж, багуудтай ярилцаж эхэлжээ. Тэд хэд хоногийн өмнө “Лейкерс”-тэй ярилцаж үзсэн бөгөөд ямар нэгэн тохиролцоонд хүрч чадаагүй ч энэ долоо хоногт дахин уулзалдах төлөвтэй байгаа гэнэ. “Хорнетс”-ийн хүсч байгаа тоглогч нь Пау Газол. Харин “Лейкерс” Байнум эсвэл Газолын аль нэгийг нь энэ солилцоонд оруулах магадлалтай юм. Жилийн өмнө Коби, Жейсон Киддээр Байнумыг солих бодолтой байсныг сануулахад илүүдэхгүй. Гэхдээ Коби, Ховардын харьцаа тийм ч муу биш учраас аль боломжтойг нь сонгох биз. Тэгэхээр Двайт Ховард, Крис Полийг зүгээр хараад алдахыг хүсэхгүй л бол хэн нэгэн нь түрүүлж “Лейкерс”-тэй тохиролцоонд хүрэх гэж хичээх биз. “Лейкерс”-ийн өөр нэг яриа явж байгаа нь Одомыг Андре Игуодалагаар солих. Ингэх юм бол тэд бүр л илүү хүчирхэг болно. Ямартай ч тус баг одоогоор холын зайн аварга Жейсон Капоног чөлөөт агентаас “онилчихоод” байгаа гэнэ. Харин Ховардтай холбоотой олон таамгууд явж байгаа. “Нью Жерси Нэтс” Брук Лопезийг драфтын эрхийн хамтаар санал болгож байгаа бол “Чикаго Буллс” төвийн тоглогч Жоаким Ноа, Луол Денг, Карлос Бузер нарыг хэнийг ч оруулсан бай хамаагүй Роузын хамтрагч болгох хүсэлтэй байгаа ажээ.