Ард түмнээс уучлалт гуйх ёстой гэж үзлээ

Хуучирсан мэдээ: 2011.12.06-нд нийтлэгдсэн

Ард түмнээс уучлалт гуйх ёстой гэж үзлээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Хүний эрхийн талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Одоогоос гурван жилийн өмнө буюу 2008 оны долдугаар сарын 1-ний өдөр УИХ-ын сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн хэсэг хүмүүс жагсаал зохион байгуулж улмаар энэ нь нийтийг хамарсан эмх замбараагүй байдалд хүргэж, түүнийг цагдаа нар зохицуулах явцад дөрвөн хүний амь эрсэдсэн юм. Эл хэрэг болж өнгөрснөөс хойш бүтэн гурван жил болсон ч Монголын төр ард түмнээсээ одоо хэр нь уучлал гуйгаагүй байгаа юм. Харин энэ хугацаанд УИХ-ын Хүний эрхийн дэд хороо болон бусад байнгын хороод дээрх үймээний үеэр хүний эрх хэрхэн зөрчигдсөн талаар холбогдох албаны хүмүүс мөн эл үймээний гэрч болсон иргэдийг оролцуулан томоохон хэмжээний хэлэлцүүлэг зохион байгуулсны зэрэгцээ ажлын хэсэг байгуулан ажилласан. УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Тэмүүжингийн хэлснээр бол УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу өнгөрсөн хугацаанд ажлууд үргэлжилсээр байжээ. Мөн Хүний эрхийн үндэсний комисоос гаргасан 2008 оны Хүний эрхийн илтгэлд “Дээрх эмх замбараагүй үйл явдлын улмаас иргэдийн эрх зөрчигдсөн” гэдгийг баримттайгаар баталгаажуулан гаргасан. Мөн Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас “Цагдаа нар галт зэвсэг хэрэглэн хүний амь хөнөөжээ” гэдгийг тогтоогоод байгаа. Хэдийгээр шүүхээс энэ хэрэгт буруутай этгээдийг эцэслэн тогтоогоогүй боловч, УИХ-ын хувьд дээрх хэргийн улмаас амиа алдсан дөрвөн иргэний ар гэрийнхнээс Монголын төр уучлал гуйх үүргээ биелүүлэх ёстой гэж үзэж, энэ дагуу асуудлыг оруулж ирсэн байна.

Хэдийгээр УИХ-ын зүгээс энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчид хандах нь нэг талдаа бүрэн эрхэд нь халдчихвий гэдэг болгоомжлолыг зарим гишүүдэд төрүүлж байгаа ч, нэгэнтээ төр иргэнийхээ эрхийг хамгаалах үүрэг хүлээсэн ч түүнийгээ биелүүлж чадаагүйнхээ төлөө төрийн тэргүүнээрээ дамжуулан уучлал гуйлгах цаг хугацаа болсон гэдгийг ч хэлэлцүүлгийн шатанд зарим гишүүд хөндөөд авлаа. Учир нь Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн бүх ард түмнийхээ эв нэгдлийг илэрхийлэгчийнхээ хувьд уучлал гуйх нь зүйн хэрэг гэж үзэж байна. Гол нь УИХ энэ асуудлыг Ерөнхийлөгчид тавихдаа ямархуу байдлаар хүсэмжлэх вэ. Шууд үүрэг болгох боломжгүй , гол нь Ерөнхийлөгчөөр уучлал гуйлгах нь илүү зохимжтой гэдэг агуулгаар хандах нь чухал байна гэдгийг гишүүд онцоллоо. Харин УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Тэмүүжингийн тайлбараас үзвэл Монгол Улсын Ерөнхийлөгчтэй өмнө нь энэ асуудлаар санал солилцжээ. Төрийн тэргүүн “Монгол төрийн гаргасан ийм хэмжээний алдаанаас уучлал гуйхад татгалзах зүйлгүй. Ингэж байж улстөр жинхэнэ утгаараа тогтож, ардчилал бэхжинэ” гэж үзсэн юм байна. Тиймээс одоо эл асуудлыг албан ёсоор тавих үүднээс дээрх тогтоолыг хэлэлцүүлж буй ажээ.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Р.Гончигдорж УИХ-ын тогтоолд зөвхөн амиа алдсан иргэдийн ар гэрийнхнээс уучлал гуйхаар заасан нь явцуу байна. Энэ нь зөвхөн хохирсон болон хохироосон иргэдийн харилцаа болж хувирч буй учраас хохирогчдын ар гэрийнхэн төдийгүй Монголын бүх л ард түмнээс уучлал гуйна гэж оруулах нь  илүү зохистой гэж үзлээ. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ ч мөн үүнтэй санал нэг байгаагаа илэрхийлж “Долдугаар сарын 1-ний энэхүү эмх замбараагүй мөргөлдөөний улмаас дөрвөн хүний амь хохироод зогсохгүй олон хүн бэртэж гэмтсэн байгаа. Түүнийгээ хэлье гэхнээ хэрэгт татагдчихвий гэдэг айдастай, явдаг одоо хэр нь. Тийм учраас бүх ард түмнээсээ уучлал гуйх нь илүү зохимжтой” гэж үзлээ. Ингээд энэ асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж тогтлоо. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өндөрлөөд байна.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж