
Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл энэ долоо хоногт улс төрийн хүрээнд “хит” болох нь нэгэнт тодорхой болсон. Өчигдөр УИХ дахь хоёр намын бүлгийн хуралдаанаар уг хуулийн төслийг хэлэлцэх байсан ч АН-ын бүлгийн гишүүд Төрийн ордонд бараг үзэгдсэнгүй. “Одоогоор хэлэлцээд байх зүйл алга” гээд тус, тусынхаа ажлыг хийгээд явцгаасан нь энэ ажээ. Харин МАН-ын бүлэг хуваарийн дагуу хуралдлаа. Хуралдааны дараа тус намын бүлгийн дарга Ө.Энхтүвшин мэдээлэл хийсэн. Түүний хийсэн хамгийн эхний мэдээлэл нь “МАН-ын бүлэг Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг энэ долоо хоногт батлая гэдэг дээр санал нэгдсэн” гэдэг байв. Гэсэн ч үүний дараа түүний амнаас гарсан үгс “Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг энэ долоо хоногт баталж амжих болов уу. Намын бүлгүүд тохиролцоонд хүрэх гэж хэр удах бол” гэсэн хардлага төрүүлсэн юм. Хоёр намын бүлэг зарчмын олон асуудалд санал нэгдсэн. Ингэхийн тулд багагүй хугацаа зарцуулсан. Харин одоо пропорциональ давамгайлсан 48:28 хувилбараар сонгуулийг явуулахдаа хэрхэн шилжилт хийх, намын нэрээр санал авах 28 хүнийг хэрхэн сонгох вэ гэдэг дээр саналаа нэгтгээгүй үлджээ. Энэ нь өнгөрсөн долоо хоногт Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталж амжаагүйн гол шалтгаан. АН-ынхны хувьд “Шилжилт байх нь зүйтэй. Шилжилт хийхдээ 48-аасаа бүрэн шилжилт хийх ёстой. Пропорционалиар санал авсан хүмүүсийг эрэмбэлнэ. Үүний дараа сонгогчдоос хамгийн олон санал авсан хүмүүсийг намын нэрээр сонгогдох хүмүүсийн тоонд оруулах нь зүйтэй” гэж үзсэн билээ. Тэдний “Шилжилт хийх нь зүйтэй” гэсэн саналыг МАН-ын бүлэг ерөнхийд нь зөвшөөрсөн. Гэхдээ шилжилтийг хэрхэн хийх вэ гэдэг дээр өөр саналтай байгаа ажээ. Тодруулбал, МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин “Шилжилтийг яаж хийх вэ гэдэг дээр ойлголтын зөрүү байгаа. Нам 76 хүний нэрсийн жагсаалтаар тодорхой санал авна. Авсан саналынхаа хэмжээгээр 28 суудлыг хуваарилах тухай заалт хуульд оруулахаар болсон. Бүлгийн хуралдаанаар өнөөдөр (өчигдөр) тэрхүү 28 суудалдаа 26 тойрог дээр 48 суудлын төлөө өрсөлдсөн хүмүүсээсээ бүгдийг нь шилжүүлэх үү, эсвэл 48-аас гадна үлдсэн 28 хүнээсээ оруулах уу, оруулбал хэдэн хувиар оруулах вэ гэдгийг хөндөж ярьсан. Ингээд “100 хувь 48-аасаа оруулах нь учир дутагдалтай. 28 хүнээс огт орохгүй юм бол нэрийг нь бичих ямар шаардлагатай юм бэ” гэж үзлээ. Тиймээс тэрхүү 28 хүнийг бүрдүүлэхдээ 48-аасаа ч оруулъя, 28-аасаа ч оруулъя гэсэн саналыг АН-ынханд тавина” гэв. Харин чухам хэнийг намын нэрээр сонгогдох хүмүүсийн тоонд оруулахаа тухайн нам төлөөллийн дээд байгууллагынхаа хурлаар шийдэж байх учиртай гэнэ. Аймгуудад хэдэн мандат хуваарилах вэ гэдгийг Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталсны дараа шийдэх аж. Тодруулбал, хууль батлагдангуут Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-д энэ талаарх тогтоолын төслийг оруулж ирсэний дараа хэлэлцэж эхлэх гэнэ. Ямартай ч нийслэлийн мандатын тоог 14 болгож нэмэгдүүлэхээр хэдийнэ шийдсэн билээ.
Ийнхүү хоёр намын бүлэг дахин нэг зүйл дээр саналаа нэгтгэхийн тулд хэлэлцээрийн ширээнд суух нь тодорхой боллоо. Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын ажлын хэсэг өчигдөр хуралдсан. Энэ үеэр МАН-ын гишүүд АН-ынханд дээрх саналаа уламжилсан аж. Тиймээс одоо “АН-ын бүлэг зөвшөөрөх болов уу. Хэрвээ зөвшөөрөхгүй бол МАН-ынхан яах бол” гэсэн асуулт үлдэж байна. АН-ын бүлгийн гишүүдээс энэ талаар тодруулахад “Бүлгийн хуралдаанаар хэлэлцэж байж шийднэ” гэсэн юм.
ИРГЭН ТА САНАЛАА ИНГЭЖ ӨГНӨ
УИХ дахь намын бүлгүүд “Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг удахгүй батлана” гээд чухам ямар хувилбараар иргэдийн саналыг авах, суудлаа хэрхэн хуваарилах талаар ярилцсаар байгаа. Харин иргэд УИХ-ын 2012 оны сонгуулиар чухам яаж санал өгөх тухай төдийлөн ойлголтгүй байгаа ажээ. Тэгвэл иргэд ирэх онд УИХ-ын сонгуульд өрсөлдөж буй нам, хүнд саналаа өгөхдөө хоёр хуудас авах юм байна. Нэг нь тухайн тойрогт нэр дэвшиж байгаа хүмүүсийн нэрс байх бөгөөд иргэд мандатын тоогоор нь дугуйлах учиртай. Тухайн тойрог гурван мандаттай бол өөрийн сонгож буй гурван хүний нэрийг дугуйлах ёстой гэсэн үг. Харин нөгөө хуудас дээр нь 76 хүний нэрс бүхий намуудын нэрийг жагсаасан байх юм. Үүнээс иргэд зөвхөн аль нэг намын нэрийг дугуйлах юм байна.
Т.Урангэрэл"Улс төрийн тойм" сонин
