Ардчиллаар наймаалцсан он жилүүд

Хуучирсан мэдээ: 2011.12.06-нд нийтлэгдсэн

Ардчиллаар наймаалцсан он жилүүд

Хонхны дуу биднийг сэрээ
Хонхны дуу зоригийг бадраа

Тийм ээ, Төв Азийн цээжнээ ардчиллын хонх анх цангинан дуугарсан арванхоёрдугаар сар дахин тохиов. Энэ бол тоталитари дэглэм, үзэл суртлын коло­ничлолыг эцэс болгосон тэм­дэглэлт мөч. Цагаан морин жилийн хувьсгалын бэлгэдэл болох ардчиллын бамбар хоёр их гүрний дунд орших “жижигхэн” Монголыг гэрэл­түүлсэн өдрүүд. Тэр цагаас хойш түүхийн хоёр арван өнгөрчээ. Хахир өвлийн -30 хэмийн хүйтэнд хаалттай, хойд хөршөөс хараат нийгмийн тусгал болсон монголчуудад итгэл найдвар хайрласан ардчилал хэдийнэ эрийн цээнд хүрэв. Ардчилсан хувьсгалын идеал болсон эрхмүүдийн санчиг ч бас бууралтжээ. 

1988 оны арванхоёрдугаар са­рын 10. Э.Бат-Үүл, С.Цогт­сайхан нар “Шинэ бүлгэм” хэмээх нууц бүлгэм байгуулав. Тэд бичгийн машинаар ухуулах хуудас цохин нийслэлийн төв байрнуудын цонх, хаалганд шөнийн цагаар наадаг байлаа. 1989 оны нэгдүгээр сар. Монголын Ардчилсан холбоо байгуулагдаж, С.Зо­ригийг ерөнхий зохи­цуу­лагчаар сонгов. 1989 оны арванхоёрдугаар сарын 7. Хов­дын Багшийн дээд сургуулийн оюутнууд, багш нар жагсаал зохион байгууллаа. Тэд “Улс төрийн товчоо бү­рэн бүрэлдэхүүнээрээ огцор” хэ­мээх шаардлагыг анх удаа ил тод тавив. 1989 оны ар­ванхоёрдугаар сарын 10. Жихүүн өвлийн тэр нэгэн өдөр Монголын залуучуудын эвлэлийн байрны өмнө ард­чиллын төлөөх олон нийтийн анхны цуглаан болов. 1990 оны хоёрдугаар сарын 17. Монголын Ардчилсан хол­бооны анхдугаар хурал болж, Монголын ардчилсан нам байгуулагдсаныг албан ёсоор зарлалаа.

Сүхбаатарын талбай, 1990 оны гуравдугаар сарын 7. Монголын Ардчилсан холбооныхон энэ өдөр өлсгөлөн зарлаж, Улс төрийн товчоог бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох шаардлага тавьсны үр дүнд МАХН-ынхан буулт хийж Улс төрийн товчоо огцров. Тийм ээ, энэ бол ардчилсан хувьсгалын онцлох үйл явдлууд. Харин одоо 2012 он. Айдас, ашиг сонирхол хоёроо “араг”-т хийн үүрчихээд Ардын намд дагаар орсон Ардчилсан намын туг бөхийсөн цаг үе. Ардчиллын үнэ цэнийг ашиг сонирхлын бүлэглэлүүдийн наймаалцлаар сольсон он жилүүд ээлжлэн солигдож байна.

Өнөөдөр Ардчилсан намын төрсөн өдөр. Үндэсний ардчилсан нам, Социал демократ нам, Шашинтны ардчилсан нам, Уламжлал, сэргэн мандлын нам, Монголын ардчилсан нам, Уламжлалын нэгдсэн намын зарим нөхөд нэгдэж, 2000 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр Ардчилсан нам байгуулснаа албан ёсоор зарлаж байв. Ардчилсан холбоо эвслийн алдаа, оноон дээр дөрөөлөн тэд ийн нэгдсэн ч 1996 оны ялалтыг багтаа авчирч чадаагүй юм. Монголын үндэсний ардчилсан нам, Монголын социал демократ нам, Монголын Нэгдсэн намынхан Ардчилсан холбоо эвслийг байгуулж, УИХ-ын 1996 оны сонгуулийн үр дүнд үнэмлэхүй олонхи болсон бол ардчиллын төлөөх намуудын нэгдэлд тийм хувь тавилан тохиосонгүй. УИХ-ын 2000 оны сонгуульд Ногоон намтай эвсэл болон оролцсон ч парламентад ердөө ганцхан суудалтай хоцорсон билээ. Тиймээс Ардчилсан намыг улс төрийн хоргодох байр болгосон зарим нөхөд эрх мэдэл, албан тушаалыг ардчиллын үнэт зүйлсээр наймаалцах операциа албан ёсоор хийж эхэлсэн юм. Ардчилал, сөрөг хүчний дуу хоолой, намын үзэл баримтлал… Энэ бүхнийг эрх мэдэл, албан тушаалаар наймаалцах картын тогтолцоонд албан ёсоор шилжсэн нь 2004 он.

УИХ-ын 2004 оны сонгуулийн үр дүнд эрх баригч, сөрөг хүчнүүд парламентад эн тэнцүү суудалтай болсон нь Ардчилсан нам дахь фракциудын ашиг сонирхлыг улам дэвэргэв. Тухайн үеийн МАХН-ынхантай зөвшилцөж хууль тогтоох дээд байгууллага, гүйцэтгэх за­саг­лалыг хоёр, хоёр жилээр мэдэлдээ байлгахаар тохиролцсон ч Ц.Элбэгдоржийн тэргүүлсэн их эвслийн Засгийн газрыг хуйвалдааны зарчмаар огцруулсан удаатай. Тийм ээ, энэ хэрэгт Ардчилсан на­мынхан оролцсон. Монгол Ул­сын Ерөнхийлөгчийн 2005 оны сонгуульд тус намаас М.Энхсайхан нэр дэвшин өрсөлдсөн ч ялагдал хүлээсэн. Энэхүү ялагдлын цаана хүний, өөрийнхөнтэй сүлбэлдсэн Ардчилсан намынхан “нуугдаж” байлаа. Олон ургальч үзэл, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө, ардчилсан Үндсэн хууль, улс орныхоо тусгаар тогтнолыг үнэт зүйлсээрээ дархалсан ардчиллын үнэлэмж дээр Ардчилсан нам үнэ цэнээ алдсан дүр төрх, хүч нь суларсан сөрөг байр суурь, эрх баригчдын өмнө толгой гудайсан ичгүүрт үзэгдлүүдээрээ ийнхүү сүүдэр татуулах болсон юм.

Цагаан морин жилийн хувьсгалаар гурвалсан морь шиг зүтгэж явсан С.Зориг, Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нарын гавьяа, коммунист дэглэмийг ардчилсан чөлөөт нийгмээр сольсон он жилүүд, олонхитой тэрсэлдэж явсан Л.Гүндалайн улс төрийн цаг, ардчилсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зангараг, бас “Ардчилсан нам дахин сэргэх болов уу” гэх ард олны итгэлээр Н.Алтанхуягийн багийнхан амь тариа хийж байгаа нь нууц биш. УИХ-ын 2008 оны сонгуулийн дараа таван залуугийн халуун амиар хамтарсан Засгийн газрын таван сайдын суудлыг үнэлсэн тус намынхан төрсөн өдрийн “бялуу”-гаа бухимдал, хорсол, айдас, бас амбицаар чимэглэжээ. Ийнхүү ардчиллаар албан тушаал, ашиг сонирхол, Ардчилсан намын хувь заяаг тэр чигт нь арилжсан Н.Алтанхуягийнхны баярын өдөр өнөөдөр тохиож байна. Харин тус намын гишүүд, дэмжигчид, бас хамтарсан Засгийн газрын танхимын гадна үлдсэн нөхөд өвлийн хүйтэнд биш, нам доторхи хүйтэн уур амьсгалд дагжин чичирч сууна. Гэвч Ардчилсан нам хүчтэй сөрөг хүчний орон зайгаа эзлэх эсэх нь эрх баригчдын мэдэх хэрэг. Н.Алтанхуягаар намаа удирдуулж, УИХ-ын 2012 оны сонгуульд оролцох нь тус намын гишүүдийн шийдэх асуудал болчихоод байна. Ардчиллын “галт тэрэг” эрчлэн давхисаар л. Магадгүй, дараачийн өртөөн дээр хэн нэгэн “Ардчилсан намынхан, сөрөг хүчний сэнтийдээ тавтай морил” хэмээн цэцэг барьсаар тэднийг угтах ч юм билүү, хэн мэдлээ. Ямартай ч “Тэртээх өдрүүдэд цангинаж байсан хонхны дуу Ардчилсан намынхныг дахин сэрээгээсэй. Сөрөг хүчнийх нь зориг зүрхийг бадраагаасай” гэж хүснэ. Бас “Ардчиллаар наймаалцсан он жилүүдээ эцэс болгооч” хэмээн Н.Алтанхуяг даргатай Ардчилсан намынхнаас шаардъя.

С.Баттулга

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж