
Хоёр дахь асуудал нь УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нарын өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болов. Энэ нь Үндсэн хуулийн бус аргаар төр барих эрхийг авахыг завдсан бол тухайн этгээдийг 5-10 жилээр хорих, мөн дээрх үйл ажиллагааны явцад хүний амь хохирсон, эд хөрөнгийн их хэмжээний хохирол үүссэн бол буруутай этгээдийг 10-25 жилээр хорино гэж зааж өгчээ. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Х.Жекей “УИХ-ын сонгууль болсны дараа ялагдсан хэсэг нь хэдэн хүнийг зохион байгуулан жагсаал зохион байгуулвал яах вэ. Энэ тохиолдол нь нэг ёсны Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх барих дээд байгууллагад орж ирэх гэсэн оролдлогын нэг хэлбэр биш үү” гэлээ. Төсөл санаачлагч УИХ-ын гишүүн С.Эрдэнийн тайлбараар бол энэ асуудлыг Жагсаал цуглаан зохион байгуулах тухай хууль болон бусад хуулийн хүрээнд зохицуулагдана. Харин энэхүү хэлэлцэж байгаа төслийн хүрээнд бол арай өөр агуулгатай гэлээ. Монгол Улсын Үндсэн хуульд засаглалын бүх эрх ард түмний мэдэлд байна гэж заасан байдаг. Тийм учраас төрийн эрхийг хууль бусаар авах нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл болох учраас ийм өөрчлөлт оруулахаар тусгасан. Мөн УИХ-ын 2008 оны сонгуулийн үеэр тухайн үеийн Сонгуулийн ерөнхий хорооны дарга нь хууль зөрчсөн байдаг. Гурван шатны шүүхээс түүнийг хууль зөрчсөн гэж үзсэн боловч өөр ажилд томилогдон алба хашиж байгаа. Түүний энэхүү хууль зөрчсөн үйлдлээс бол УИХ-д хууль бусаар хэчнээн хүн сонгогдсоныг хэлж мэдэхгүй. Ийм хууль бус үйлдэл гаргуулахгүй байх талд энэхүү Эрүүгийн хуульд оруулж буй өөрчлөлт нь үйлчлэх учиртай гэлээ.
Энэхүү төслийг мөн тус байнгын хорооны гишүүд дэмжсэнээр чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж шийдвэрлэлээ. Дашрамд сануулахад, дээрх төслүүдийг УИХ өнгөрсөн хавар хэлэлцээд хэлэлцэхийг нь дэмжсэн байсан аж. Ингэхдээ УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэх шатанд хэлэлцүүлгийг хийх нь оновчтой хэмээн үзэж хойшлуулаад байсныг өнөөдөр ийнхүү нэг шат ахиуллаа.