Монгол, Кувейт улс хамтран ажиллах боломжтой

Хуучирсан мэдээ: 2011.12.06-нд нийтлэгдсэн

Монгол, Кувейт улс хамтран ажиллах боломжтой

Кувейт Улсын Үндэсний Ассамблейн дарга Жассем Аль-Харрафи тус улсад айлчилж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өчигдөр бараалхлаа. Уулзалтын эхэнд, Монгол Кувейтын улс төрийн харилцаа эрчимтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа талууд илэрхийлэв. Манай хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагаа   Олон Улсын Парламентын холбооны хүрээнд үр өгөөжтэй хөгжиж байгааг дүгнэлээ.

Ноён Жассем Аль-Харрафи, Монгол Улс богино хугацаанд ардчиллыг бэхжүүлэх чиглэлд  амжилт олж байгааг сайшаагаад, энэхүү амжилтад  Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүчин чармайлт их болохыг цохон тэмдэглэв. “Эрхэм Ерөнхийлөгч Таны байгаль орчныг хамгаалах чиглэлээр явуулдаг бодлого, олон улсын тавцан дахь санаачилгууд анхаарал татаж байдаг. Ялангуяа мод тарих үндэсний өдөртэй болох зарлиг гаргаж, бүх нийтээрээ мод тарьдаг болсон туршлагыг бид талархан дэмжиж байгаа. Мод тарьж цөлжилттэй тэмцэх танай орны туршлагыг бид судлан, энэ чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байна” гэлээ. Уулзалтын үеэр манай хоёр улс шиг том хөрштэй, хүн ам цөөтэй орнууд олон улсын парламентын холбооны түвшинд хамтран ажиллах боломжийн талаар харилцан ярилцав. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх бусад боломжийн талаар мөн ярилцаж, санал солилцлоо.

Кувейт Улсын Үндэсний Ассамблейн дарга Жассем Аль-Харрафи Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалд амжилт хүсээд, энэхүү айлчлалын хүрээнд яригдах асуудлууд ажил хэрэг болно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв. Кувейтын Парламент болох Үндэсний Ассамблей нь тус улсын хууль тогтоох дээд байгууллага бөгөөд  гишүүд нь 4 жил тутам сонгогддог, 50 суудалтай юм байна.

Эх сурвалж: www.president.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж