
-Долдугаар сарын 1-ний хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан гэх мэдээлэл байна. Үймээний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхэн хавтаст хэрэгтэйгээ танилцаж дууссан болов уу?
-Талийгаачдын ар гэрийнхний гаргасан гомдлын дагуу цагдаагийн удирдлагуудад холбогдох хэргийг 2010 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрөөс сэргээн шалгасан. Үндсэндээ нэг жил нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан гэсэн үг. Үймээний үеэр амь үрэгдсэн дөрөв, тэнэсэн суманд оногдож шархадсан зургаан хүний ар гэрийнхэн хавтаст хэрэгтэй танилцаж дууссан байгаа. Амь үрэгдсэн таван хүний нэг нь угаартаж нас барсан учир энэ хэрэгт хамааралгүй байдаг юм. Нэмэлт мөрдөн байцаалт явуулсан гурван хуудас хавтаст хэрэгтэй бид танилцсан. Одоо цагдаагийн удирдлагууд танилцаж байгаа. Миний ойлгосноор цагдаагийн удирдлагуудад хавтаст хэрэгтэй танилцах тодорхой хугацаа өгсөн юм шиг байна лээ. Тэднийг танилцаж дуусахаар Прокурорт шилжүүлнэ гэсэн.
-Хавтаст хэрэгтэй танилцах явцад нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаанд ахиц гарсан зүйл байна уу?
-Хэргийн зүйлчлэлийг нь 294.2 болгож өөрчилсөн байсан. Бүтэн жил дахин шалгасан гэхэд онц гойд өөрчлөгдсөн зүйл байхгүй байсан гэж хэлж болно. Ер нь бол санаанд хүрээгүй. Хуулийн хүн биш учраас би нарийн зүйлийг хэлж мэдэхгүй юм.
-Цагдаагийн удирдлагууд хавтаст хэрэгтэй танилцаж дуустал хэр хугацаа шаардагдах бол гэж бодож байна?
-Цагдаагийн удирдлагууд өмнө нь долоон сар хавтаст хэрэгтэй танилцсан шүү дээ. Тэгээд тэднийг хэрэгтэй танилцах ажиллагаа дуусаагүй байхад өршөөлийн хуульд хамруулж, үргэлжлүүлэн хавтаст хэрэгтэй танилцах шаардлагагүй гэж үзсэн тул орхисон. Тэгэхээр бүх хавтаст хэрэгтэй танилцаж дуусах хүртэл миний бодлоор 3-4 сар болох байх. Өмнө нь танилцсан учраас энэ удаа нэмэлт мөрдөн байцаалт явуулсан гурван хавтаст хэрэгтэй л танилцах болов уу. Уг нь бол үүнд их хугацаа орохгүй шүү дээ.