”Жи” хорооллынхон: Гэрлээр гийгүүлж, харанхуйгаас авраач

Хуучирсан мэдээ: 2011.12.06-нд нийтлэгдсэн

”Жи” хорооллынхон: Гэрлээр гийгүүлж, харанхуйгаас авраач

Гэр хороололд амьдардаг нэгэн жаал харих замдаа түнэр харанхуйгаас айж гүйсээр яваад айлын нохойд уруулчихжээ. Гэртээ харих зам минь гэрэлтэй болоосой гэж гэр хорооллын багачууд мөрөөддөг болсоор удаж буй. Жил болгон гэр хорооллынхон бидний “өхөөрдөж” нэрлэдгээр бол “Жи” хорооллынхон жижиг, томгүй ингэж мөрөөддөг ч мөрөөдөл биелсэнгүй. Гэр хорооллыг гэрэлтүүлэгтэй болгоно гэж ярих нь олон, хийх нь цөөхөн болж.

Энэ жилээс гэрэлтүүлэгийг шийдэх зорилгоор дүүрэг бүрт нэг компани гэрэлтүүлэг хариуцах болсон.  Үүнийгээ ч шинэ менежмент гэж хэлээд амжсан. Гэр хороолол, хотын гудамж, талбайг гэрэлтүүлэх ажилд энэ жил таван тэрбум төгрөг төсөвлөсөн. Гэтэл гэр хорооллынхон өнөөдөр ч харанхуйгаас айж, гудамжаар тэмтчин алхсаар л байна. Нийслэлд 15 мянган гэрлийн шон бий. Хэдийгээр бүгд асдаггүй ч гэсэн жилдээ 3600 гаруй цаг асах ёстой аж. Хүйтэн, дулааны улиралд гэрэл асаах хугацаа нь өөр өөр байдаг юм байна л даа. Байгаа хэдэн гэрэл нь асахаасаа асахгүй нь их, хаа нэг газар ёлтойж харагдах нь өдөр өдрөөр бүдгэрсээр алга болдог. 

Өөдлөх айл үүд хаалганаасаа гэдэг шиг гудамжнаас эхлэх хотын соёл зөвхөн хотын төвд байдаггүй гэдгийг мэддэг баймаарсан. Гэтэл гэрэлтүүлгээ сайжруулна гэхээр л хотын төвийн хэдэн гудамжаа гэрэлтүүлээд л болоо юм шиг ойлгодог хүмүүс олон бололтой. Арга ч үгүй биз дарга нар нь гэр хорооллоор явдаггүй учраас. Өнгөрсөн дөрөвдүгээр сард хотын Ерөнхий менежер “Хотын гэрэлтүүлэг 95 хувьтай байгаа. 1950-иад оноос хойш дорвитой ажил хийгээгүй байж байгаад өнөөдөр шинэ технологи, шинэ менежментээр ажиллаж эхэлсэн” гэж ярьж байсан. Зөвхөн Цэрэндоржийн гудамжийг энэ жил  9,9 сая төгрөгөөр тохижуулж, гэрэлтүүлсэн гэж “бахархам” тоо байх юм. Энэ мэт тоо дурдан, гэрэлтүүлэг хангалттай гэж бодож байгаа хүмүүс тэгвэл гэр хорооллын гудамжаар нэг алхаад үзээрэй. Хэдэн удаа бүдэрч хэдэн удаа өвдөг шороодох бол.

Өнгөн дээрээ гэрэлтэй гэж байгаа дарга нар иргэд нь айдаст автан харанхуйг сөрөн алхаж явааг мэдэхгүй л байгаа байх.  Гэр хорооллын захын нэгний  хэлснээр бол дарга нарын ам ажил хоёр нь зөрөөтэй байдаг бололтой. Сонгинохайрхан дүүргийн III хорооны иргэн  “Хотын яг төв хэсгийн зам дагуух гэрэлтүүлэг бол арай гайгүй. Гэхдээ манай хотын гэрэлтүүлэг өнөө үед үнэхээр хоцрогдож байна. Хүүхдүүд оройтож хичээлээсээ тараад харанхуй гудамжинд явж байгаад гэмт хэргийн золиос болж байгаа тохиолдол маш их байна. Энэ бол гэрэлтүүлэгтэй холбоотой” гэлээ. Захын дүүргүүдийн сургуулиудын дийлэнхи нь гурван ээлжээр хичээллэдэг. Бага насны хүүхдүүд  гэхэд л 19.00 цагт гэртээ харьж байдаг. Одоо өвлийн улирал эхэлж, эрт харанхуй болж буй, дээрээс нь гэр хорооллын бас нэг “чимэг” утаан хөшиг бас нэрмэчихнэ. Ингээд л гэр хорооллын иргэд маань харанхуйд бүдчин, хонгилын үзүүр дэх гэрэл мөрөөдсөөр л байна.

Өнгөрсөн жилийн  судалгаагаар нэгэн сонин тоо гарчээ. Хотын гэрэлтүүлэггүй газар гэмт хэрэг гарах нь 60 хувиар ихэсчээ. Энэ бол цагдаагийн байгууллагаас гаргасан судалгаа. Судалгаагаар гэр хороололд буюу гэрэлтүүлэггүй гудамжинд гэмт хэрэг, дээрэм, хүчирхийлэл их гардаг гэнэ. Тиймээс гэр хорооллыг гэрэлтүүлэх нь гэмт хэргээс сэргийлэх хамгийн том арга хэмжээ болно гэдгийг хэлж байсан. Дэлхийн бусад орнуудын хувьд гэмт хэргээс сэргийлэхийн тулд гэрэлтүүлгээ сайжруулдаг. Гэмт хэргийн тоогоо бодитойгоор бууруулахын тулд хэрэгжүүлсэн хамгийн том ажил нь гэрэлтүүлэг байдаг. Тухайлбал, Япон улс  хотынхоо бүх дүүргийн гудамж талбайг гэрэлтүүлэгтэй болгосон нь үр дүнгээ өгсөн байдаг аж.

Бид чинь уг нь Монгол Улсын нийслэлд амьдарч байгаа юмсан. Гэтэл харанхуйд гэртээ харих гэж хэдий болтол тэмтчин алхах юм бол.   Тохижилт,  элдэв хөшөө босго гээгүй ч ядаж сүүмийж, ёлтойх гэрэлтэй болгоод өгчихвөл олон хүн баярлуулсан ажил болох биз. Түнэр харанхуй нөмөрсөн “ЖИ”  хороолол минь хэзээ гэрлээр гийгүүлж, харанхуйгаас ангижрах юм бол доо.

Ш.Оюунчимэг

Эх сурвалж: "Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж