Шалгалт хийж, арга зүйн зөвлөгөө өгчээ

Хуучирсан мэдээ: 2011.12.06-нд нийтлэгдсэн

Шалгалт хийж, арга зүйн зөвлөгөө өгчээ

Булган аймгийн мэргэжлийн хянал­тын газраас 13 сумын 210 шахам иргэд, 38 байгууллага, 60 аж ахуйн нэгжийн төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнийн хадгалалт хамгаалалтыг шалгажээ. Энэ удаагийн шалгалтаар иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүдэд ашиглаж байгаа хүнсний 91 агуулах, 36 зоорь, худалдан борлуулах ажиллагаа эрхэлдэг 154 дэлгүүр, худалдааны гурван төв, хоёр захыг хамруулан шалгахад 115 зөрчил илэрсэн байна. Тэдгээр зөрчлийн 85 буюу 75 хувийг газар дээр нь арилгуулжээ. Шалгалтаар илэрсэн зөрчлүүдийн 11,8 хувь нь төмс, ногооны зоориндоо их засвар биш гэхэд урсгал засвар ч хийгээгүй, 15,5 хувь нь чийг, дулаан хэмжигчийг стандартын дагуу байрлуулаагүй, түүнээс ч олон, тухайлбал, 25,4 хувь нь цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйжүүлэлтийн гэрээ байхгүй, мөн нэлээдийнх нь агааржуулалтын төхөөрөмж хэвийн ажилладаггүй, зоорийг ашиглалтад оруулахаас өмнө дүгнэлт гаргуулаагүй, хор саармагжуулах бодисгүй байлаа. Хүнсний зүйлийг эрүүл ахуйн аюулгүй орчинд хадгалан хэрэглэхэд агааржуулалт амин чухал гэдгийг төдийлөн анхаардаггүй явдал ч нэлээн байна.

Түүнчлэн савласан бүтээгдэхүүний хаяг нь стандартын шаардлага хангаагүй, бүтээгдэхүүний гарал үүслийн бичиггүй зэрэг мөрдөн хэрэгжүүлж хэвшүүлэх шаардлагыг биелүүлээгүй дутагдал ч байжээ. Илэрсэн зөрчилд үндэслэн ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлт, технологийн мөрдөлт, зоорь агуулахыг ариутгаж, халдваргүйжүүлэх, бүртгэл хөтлөх чиглэлээр хоёр төрлийн зөвлөмж боловсруулан 165 хүнд гарын авлага болгон тарааж, 200 гаруй хүнд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ. Мөн 37 заалттай 23 албан шаардлагыг хугацаа заан хүргүүлж, 49 дээжийг лабораторид 276 үзүүлэлтээр шинжлүүлэн 49 заалттай 21 дүгнэлт үйлдэж, нэг албан тушаалтанд “Хүнсний тухай” хуулийн дагуу мөнгөн торгууль шийтгэвэр ногдуулан зөрчлийг бүрэн барагдуулсан байна. “Хүнсний тухай”, “Ургамал хамгааллын тухай” хууль, хүнсний барааны агуулах, төмс, хүнсний ногооны 14 стандартыг 249 иргэн, ажилтан албан тушаалтанд сурталчилсны зэрэгцээ хяналт шалгалтын дүнг 193 ажилтан, албан тушаалтанд танилцуулсан байна. Энэ бүхэн нь зөрчил давтагдахаас сэргийлж иргэд айл өрх эрүүл ахуйн шаардлага хангасан, аюулгүй хүнсний зүйл хэрэглэх нөхцөлийг бүрдүүлэхэд ач холбогдолтой болсон байна.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж