
Хөгжлийн бэрхшээлтэй хүн ажил хийх нь бүү хэл гудамжаар аюулгүй явах боломж хэр байдаг билээ дээ. Гудамж талбай, үйлчилгээний газар, албан байгууллага хөгжлийн бэрхшээлтэй гээд тодотгочихсон бидний ах дүү, хамаатан саданг зам талбай, шат хаалганаасаа эхлээд нийгмээс тусгаарлаж орхидог. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан замыг л авч үзье л дээ. Явган хүний зам нь гэхэд дунд нь гэрлийн шон, шонгийн мод зоочихно. Хараагүй хүн бол мөргөх тодорхой. Гэрээсээ гараад нийгэмд, эгэл жирийн хүмүүстэй хөл нийлүүлэн алхахад хамгийн түрүүнд тосдог зүйл нь зам шүү дээ. Гэтэл одоо байгаа зам талбай нь тэднийг зүгээр л нийгмээс тусгаарлаад гэртээ сууж бай гэснээс ялгаагүй байдгийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд хэлдэг.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэн Д.Нансал “Хөгжлийн бэрхшээлтэй иргэд гээд л биднийг нийгмээс тусгаарлачихдаг. Ганцаараа гараад явья гэхээр зам талбай нь зориулалтын бус. Зам, орчныг нь бүрдүүлээд өгчихвөл бид заавал асран хамгаалагчтай явахгүй шүү дээ. Өнөөдөр манайд хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүрийн цаана хамгийн багадаа нэг асран хамгаалагч байдаг. Хэрэв тэр хүн хөгжлийн бэрхшээлтэй хүндээ санаа зовохгүйгээр хөдөлмөрлөвөл өрхийн амьжиргаа нь ч дээшилнэ. Орчныг нь бүрдүүлээд өгвөл хөдөлмөр эрхлэх боломжтой энэ 65 хувь нийгэм, гэр бүлдээ ямар их дэмжлэг болох бол гэдгийг ч бодох хэрэгтэй” гэж байсан.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадуурхдаг бас нэг зүйл нь хүмүүсийн сэтгэхүй. Тэдэнтэй эрүүл хүнтэй адил харьцаж байж бид тэднийг нийгэмшүүлнэ гэдгийг Монголын хараагүйчүүдийн үндэсний хорооны дарга н.Баясгалан хэлж байсан. Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй насанд хүрээгүй 20 мянга орчим хүүхэд байдаг. Үүний 66 хувь нь сургуульд сурч боловсрох эрхээ эдэлж чадахгүй байгаа аж.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хүлээн авдаг 10-р төв гэж бий. Байр талбайн боломжгүйгээс энэ төв нийт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийнхээ 10 хувьд ч хүртэж чаддаггүй. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хүлээн авах асрамжийн төвийг таван газар барихаар болсноо НХХЯ-ны дэд сайд Нямхүү хэлж байсан. Гэхдээ эдгээр төвийн нэгийг нь ч барьж хүрэхгүй төсвийг ирэх 2012 оны төсөвт суулгасан гэсэн. Өөрөөр хэлбэл нэг төв барихад 3,5 тэрбум төгрөг шаардлагатайгаас 400 орчим саяыг л ирэх оны төсөвт суулгажээ. Зөвхөн энэ тооноос хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төр засгийн зүгээс хэрхэн анхаарч байгаа нь харагдаж биз ээ. НХХЯ-ны дэд сайд Нямхүү “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ бид ерөөсөө гаргуунд нь хаячихсан байна. Асран хамгаалагчдад нь олгож буй хэдэн төгрөгөөс өөрөөр төрийн зүгээс хамгаалах зүйл ховор болжээ. Тэдний асуудлыг бид нийтээрээ авч, хүн бүр сэтгэхүйгээ өөрчлөхгүй бол тэд нийгмээс тусгаарлагдсаар байх болно. Дэлхий аль ч улс оронд үйлчилгээний газар, албан байгууллагууд нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай үйлчилгээнүүд байдаг. Бид замаа барихдаа ч тэдэнд зориулж, байгууллагууд үүднээсээ эхлээд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан бүх үйлчилгээг бий болгох хэрэгтэй байна” гэлээ.
“Сонсдоггүй, хардаггүй, ярьдаггүй, хүнээр асруулдаг, тэргэнцэртэй ч гэсэн бид хүн шүү дээ “гэж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Л.Энхбаяр хэлж байсан юм. Л.Энхбаяр “Хөгжлийн бэрхшээлтэй нэгэн хүн “20 жил нийслэлд амьдарсан би тэргэнцэртэйгээ ганц удаач кино театрт орж үзээгүй, Улсын их дэлгүүрт орж үзээгүй. Намайг дагуулаад явах хүн ч байдаггүй юм” гэж надад хэлж байсныг би их санадаг юм. Ганцхан тэр хүн ч биш түн шиг зовлонтой олон хүн байдаг. Хүмүүс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тусгаарлачихдаг болхоор тэд хэзээ ч бидэн шиг байхгүй гэж өөрсдийгөө бодсоор тусгай ертөнц бий болгодог” гэж байсан. Түүний хэлсэнчлэн бид сэтгэхүйгээсээ эхлээд бүгдийг өөрчилж чадвал хөгжлийн бэрхшээлтэй гэсэн тодотголоос ангижирч, нийгмээс өөрсдийгөө тусгаарлахгүйгээр амьдрах боломж олгож байгаа хамгийн том сонголт гэдгийг ч тэрээр онцолж байлаа.
Дэлхийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр жил бүрийн арванхоёрдугаар сарын 3-нд тохиодог. Харин Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам болон бусад төрийн бус байгууллагууд хамтран анх удаа “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрийн яармаг”-ийг өчигдөр монголчууд зохион байгуулав. Яармагт төрийн болон төрийн бус байгууллагууд, ажил олгогч байгууллагууд оролцож, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж байгаа асуудал болон цаашид авах арга хэмжээний талаар илтгэлүүд тавигдлаа. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ойр, тэдний төлөө үйлчилдэг 150 гаруй аж ахуй нэгж ажлын байранд бүртгэх, тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хэрэгтэй гэдгийг олон нийтэд сурталчилсан юм.
Эх сурвалж: "Ардын эрх" сонин
