Химийн хор ба дэргэд тулсан чимээгүй аюул

Хуучирсан мэдээ: 2011.12.06-нд нийтлэгдсэн

Химийн хор ба дэргэд тулсан чимээгүй аюул

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар байгуулсан Иргэний танхим, Боловсрол суваг телевизийн “Боловсрол” төслөөс иргэдтэйгээ хамтран хүргэдэг “Би иргэн” нэвтрүүлгийн  ээлжит шинэ дугаар энэ долоо хоногийн лхагва гаригийн оройн 21.40 цагаас үзэгчдэд хүрэх гэж байна. Нэвтрүүлгийг уламжлал ёсоор бямба гаригийн орой 17.10 цагаас давтах юм. 

Энэ удаагийн нэвтрүүлгийн сэдэв “Чимээгүй ирэх аюул: Химийн хордлого” . Иргэдийн аюулгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг энэ удаагийн нэвтрүүлэг илүү дэлгэрэнгүй, бодит жишээн дээр тулгуурлан хүргэх гэж байна. Нэвтрүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх хатагтай М.Батчимэг, Эрүүл мэндийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газрын ажилтнууд, химийн чиглэлийн мэргэжлийн хүмүүс, МУИС-ийн Химийн тэнхмийн багш, оюутнууд, эрдэмтэн, судлаачид, иргэдийн төлөөлөгчид оролцох гэж байна. Химийн хордлогыг биеэрээ мэдэрч эмгэнэлт хувь тавилан туулж яваа Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэд энэ нэвтрүүлэгт оролцохоороо онцлог юм.

Аюулт хороор хордсон иргэдийн асуудлыг хэрхэн зохицуулах, энэ аюулаас иргэдээ аврахын тулд цаашид ямар арга хэмжээ авах вэ, ямар ахиц дэвшил гаргах вэ, тулгамдсан асуудал юу байна гэдэг талаар нэвтрүүлэгт оролцогчид амьд яриа өрнүүлнэ. Хонгор сумынхан ямар аюулд нэрвэгдсэнийг үзэгчид сайн санаж байгаа. Алт олборлогчид мөнгөн ус, цианит натри хэрэглэж ундны усанд оруулсны улмаас Хонгорын гол бохирдож тус сумын хүн, мал олноороо хордсон. Олон жирэмсэн эхийн ураг зулбаж, дутуу төрөлт нэмэгдэж, том, багагүй туураллтай болж, үнээ, гүүнээс тэр гэх аргагүй хэлбэр дүрстэй төл гарч, мал хээл хаяж, гахай зэрэг амьтны гэдэс дотор амьдаараа ялзарч, өмхийрч, дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуугийн зовлонг тэд үзсэн.  Тухайн үеийн холбогдох байгууллагын эрхтэн дархтнууд харамсалтай нь насанд хүрэгсдэд нь тэмбүү, хүүхдэд хамуу гэсэн хачин онош тавьж, гажиг хөгжилтэй тугалыг “үнээ, гахайн эрлийз”гэх зэргээр даапаалаад өнгөрсөн.  Ууцандаа ивэрхийтэй төрөөд хэл, хөлд орж чадалгүй бурхан болсон казах охины эмгэнэлт түүхийг үзэгчид санаж байгаа байх. Гэтэл одоо Хонгор сумынхан үнсэнд хаясан шалз гэгч шиг болж, одоо бүр мартагдах тийш хандаад байна.

УИХ-ын 2008 оны сонгуулийн өмнө 2800 хүн оршин сууж байсан Хонгор суманд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009 оны сонгуулийн үеэр 1200 оршин суугч л үлджээ. Бүртгэлтэй мөртлөө тэнд оршин суухаа больсон иргэд ч байна. Гомдлын мөр болсон хойно төр, засаг нөхөн олговор олгох болов уу гэсэндээ тэд бүртгэлээ шилжүүлэлгүй дүрвэн явцгаажээ.

Нийтдээ 70 шахам эхийн ураг зулбаж, гажиг хөгжилтэй 10 шахам хүүхэд төржээ. Айл бүрт хавдартай, тууралттай хүн байна. Хоттой малаа тэр чигт нь үхүүлсэн малчид байна. Тэдэнд төр, засгаас ганц төгрөг ч хялайлгасангүй. Хорт хавдраар олон хүн ертөнцийг орхиж, амьд үлдсэн нь цөхөрчээ. Сумын Засаг дарга гэхэд сумаасаа дүрвэж Дархан-Уул аймгийн төвд амьдарч байна. Энэ бол химийн хорын аюулын наад захын жишээ.

Одоо Монголд химийн хордлого илрээгүй аймаг бараг үлдсэнгүй. Алт олборлож буй газруудад мөнгөн ус, цианит натрийн хор түгж, эцэстээ ундны уснаас хүнцэл илрэх болсон байна. Өмнөговь, Баянхонгор аймагт гажигтай хүүхдийн төрөлт нэмэгджээ. Өмнөговийн зарим сумын ундны ус бохирдож, мал сүрэг нь өвчилсөн тул малчид хоттой малаасаа хүнсэнд хэрэглэх аргагүй болж, зэргэлдээ аймгаас идэш бэлтгэдэг болжээ. Анагаахын оюутнуудад 1980-аад онд гажиг төрөлттэй хүүхдийн зураг үзүүлэх гээд олдоггүй байсан бол одоо долоо хоног алгасалгүй төрдөг болсныг мэргэжилтнүүд хэлж байна.

Агаарт дэгдсэн утаанд их хэмжээний хор агуулагдаж байна. Хүнсний ногоо, төмсийг химийн хороор бордож байна. Хавдар, зүрх судасны өвчин нэмэгдэж нас баралт ч дагаад өсчээ. Ингээд Монгол Улсын иргэд агаар, ус, хөрс, хүнсэнд шингэсэн химийн хорон дунд амьдрах болов. Үүнийг дэргэд тулсан чимээгүй аюул гэж нэрлэхээс аргагүйд хүрээд байна. Аюулыг арилгах талаар төр, засгаас авч байгаа шийдвэртэй арга хэмжээ алга.

Уг нь Монгол Улс Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалаа баталсан. Хүний амьд явах эрх, аюулгүй аж төрөх орчныг бүрдүүлэх талаар тэнд тусгаж өгсөн. Гэтэл УИХ үүнийг хэрэгжүүлэх талаар анхаарахгүй байна. Засгийн газар ч хангалттай арга хэмжээ авсангүй. Хонгор сумын иргэд бүр хаягдсаныг дээр хэлсэн. Нэгэнт эрүүл мэндийн байгууллага, эмч нараас химийн хорлого гэсэн албан ёсны онош гарч, гадаадын байгууллагуудаар баталгаажуулаагүй тул Хонгорын иргэд шүүхэд хандаад ч нэхэмжлэл гаргуулж чадахгүй байна.

Төр, засгийн зүгээс Оюутолгой, Тавантолгойг ярьж, Монгол Улс эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийд цойлж, улс орон үсрэнгүй хөгжлийн ирмэгт ирээд буйг зарладаг ч хүний эрүүл орчинд амьдрах эрх хэдийнэ хаягджээ. Жирийн иргэдэд тэр үсрэнгүй хөгжлөөс наалдсан зүйл алга. Гагцхүү Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс энэ асуудлыг хөндөж, архигүй эрүүл амьдрахыг уриалж байна.

Нэвтрүүлгийн шинэ дугаарын зорилгыг танилцуулбал, нэгд, химийн хорын аюул хажууд чимэгүй оршин байгаа талаар иргэдэд мэдээлэл өгөх, сэрэмжлуулэх, хоёрт, төр энэ талаар үүргээ биелүүлж чадаж байгаа эсэхэд хяналт тавих, гуравт, энэ хорыг тарьж байгаа хариуцлагагүй иргэд, аж ахуйн нэгжтэй ярилцах зэрэг юм.
Амьсгалдаг агаар, уудаг ус, гишгэж яваа газар шороо, идэж буй хүнсэн дунд чинь чимээгүй аюул, амь нас авч явах, үр удам таслах химийн хор бий гэдгийг анхааруулж сэрэмжлүүлэх, тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэж болохыг нэвтрүүлгийн шинэ дугаараас хамтдаа үзэцгээе.

                        Д.ОЮУНЦЭЦЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж