
-Таныг МАН-ын гишүүнээр элсээд, бүр Бага хурлынх нь гишүүн болсонд олон хүн цочирдсон. Овоо залуу юу гэсэн чинь нэг муу урвагч байжээ гэх хүмүүс ч цөөнгүй байна?
-Муу сайнаар бишгүйдээ л хэлүүллээ. Өнөөдөр миний МАН-д элссэн, Бага хурлын гишүүнээр томилогдсон асуудал чухал биш ээ. Улс оронд өөр олон хэрэгтэй, хэрэгжүүлэх ёстой асуудлууд байна шүү дээ. Эдийн засагт цаг алдаж болохгүй, өдөр алдаж болохгүй амин чухал олон асуудал байна. Энэ асуудлыг шийдвэрлүүлэхийн төлөө ажиллаж байгаа болохоор урвагч шарвагчаар дуудаж суусан нөхөд хэзээ нэгэн цагт намайг ойлгож, хүлээн зөвшөөрөх байх.
-Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллах саналыг хүлээн зөвшөөрөх том шалтгаан танд байсан л байж таараа. Тэр шалтгаан юу байсан бэ?
-Албан тушаалд очихын тулд би МАН-д элсээгүй юм. Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллахаар болсон маань улстөржсөн гэхээсээ илүү эдийн засгаа хөгжүүлэхийн төлөө ярьдаг, хэлдэг байсан бүхнээ л хэрэгжүүлэхийн төлөөх шийдвэр. Өмнө нь Лхагважав гэдэг хүн дандаа л төрөөс хэрэгжүүлж байгаа бодлогыг гаднаас нь шүүмжилдэг байсан. Энэ удаад тэр шүүмжлэлүүдээ төрийн бодлогоор дамжуулж хэрэгжүүлэх, эдийн засгийг хөгжлийг урагшлуулах боломжийг ашиглах хэрэгтэй байсан. Энэ шийдвэрийг гаргаснаараа бусдад элдвээр хэлүүлэх шалтгаан болсон байж болно. Гэхдээ хамгийн гол нь эдийн засгаа ингэж, тэгж хөгжүүлэх юмсан, ийм бодлого хэрэгжүүлэх байсан юм гэх өөрийнхөө хүсэл зорилгыг биелүүлэхийн тулд ийм шийдвэр гаргасан. Өөрийн бодол өөртөө зөв гэдэг шүү дээ.
-Урьд нь та төрийн бодлогыг гаднаас нь дүгнэж, багагүй шүүмжилдэг байсан. Одоо та бодлого хэрэгжүүлэх, шийдвэр гаргахад тодорхой хэмжээгээр оролцож байгаа юм байна. Тухайлбал, төрөөс хэрэгжүүлэх ямар бодлогод та гар бие оролцож байгаа гэж?
-Ерөнхий сайд сая намын Бага хурлын үеэрээ маш чухал илтгэл тавьсан. Өөрөөр хэлбэл, МАН ирэх сонгуульд ямархуу “Хөгжлийн мод” барьж орохоор төлөвлөснийг уг илтгэлээс харж болно. Мөн саяхан болсон “Төр ба хувийн хэвшил” форумын үеэр Ерөнхий сайд их том амлалт өгсөн. Энэ бол хувийн хэвшлийнхэнд олгож буй алтан боломж шүү гэдгийг хэлмээр байна. Өөрөөр хэлбэл, санхүүгийн эрх чөлөөг иргэн аж, ахуйн нэгжид дахин олгохын төлөө Засгийн газар бүхий л бололцоогоо дайчлан ажиллана гэдгээ Ерөнхий сайд хэлсэн байгаа.
-Санхүүгийн эрх чөлөө гэж өргөн, далайцтай ойлголтыг юугаар илэрхийлж байгаа юм бэ. Татварын хөнгөлөлт үзүүлнэ гэсэн үг үү?
-Энэ бол маш том өргөн хүрээний ойлголт. Маш чухал бодлого байх болно. Таны ойлгосон зөв. Санхүүгийн эрх чөлөө гэж юу юм бэ гэдгийг санхүүчид, эдийн засагчид маш сайн ойлгож байгаа байх. Энэ нь санхүүгийн тайлан бүртгэлийг шинэчилнэ гэсэн үг.
Монгол Улсын нэг хүнд оногдох ДНБ-ий хэмжээ өнөөдрийн байдлаар 3000 ам.долларт хүрсэн. ДНБ-ий хэмжээг тооцоолж гаргахын тулд дөрвөн үзүүлэлтийг авч үздэг. Нэгдүгээрт, борлуулалт, үйлдвэрлэлт, хоёрдугаарт, хувийн хөрөнгө оруулалт, гуравдугаарт, төсвийн зардал, дөрөвдүгээрт, экспортын цэвэр орлого. Манай улсын хувьд ДНБ-ийн өсөлтөд хамгийн их нөлөөлдөг үзүүлэлт нь бол экспортын цэвэр орлого. Тиймээс экспортоос орж ирж буй цэвэр орлогыг ирэх жилээс борлуулалт, үйлдвэрлэлт, хувийн хөрөнгө оруулалт руу чиглүүлэх нь эдийн засагт маш чухал шаардлагатай байгаа. Үүний тулд аж, ахуйн нэгж иргэн бохир тайлангүй байх ёстой. Татвараас бултдаг, зугатдаг, бохир тайлантай аж ахуйн нэгжүүд санхүүгийн эрх чөлөөг эдэлж чадахгүй болчихоод байна. Манай аж ахуйн нэгжийн санхүүгийн тайлан булингартай байна, хоёр тайлантай байна. Эдийн засгийн гол мотор болсон санхүүгийн бүртгэл өнөөдөр бүгд эвдэрчихсэн байна. Тиймээс санхүүгийн эрх чөлөөг олгох бодлогыг Засгийн газраас хэрэгжүүлэхээр болсон. Үүний тулд, энэхүү эрх чөлөөг эдлэхийн тулд аж ахуйн нэгжүүд татварын тайлангаа үнэн зөвөөр гаргасан байх шаардлагатай байгаа.
-Эдийн засагт байгаа далд орлогыг ил болгох арга юм байна, тийм үү?
-2004-2008 онд Монгол Улс дөрвөн 10-ын татварын бодлогыг хэрэгжүүлсэн. Мөн татварын өршөөлийн хуулийг гаргасан. Үүний үр дүнд Монгол Улс 2008-2009 оны хямралыг ямар нэгэн асуудалгүйгээр даван туулсан. Тухайн үед татварын салбарт хэрэгжүүлсэн бодлого нь маш зөв байсан ч харамсалтай нь тэнцвэргүй хэрэгжүүлсэн. Дээрээс нь зургаан сарын дотор хэрэгжүүлэх ёстой хууль гаргачихаад байхад тухайн үеийн Сангийн яамныхан дөрвөн сарын дараа л журмыг нь боловсруулсан шүү дээ. Хэрвээ дөрвөн сарын дараа биш хууль батласны дараахан Сангийн яамныхан журмаа боловсруулчихсан бол өөр олон компани энэхүү өршөөлд хамрагдах байсныг үгүйсгэхгүй. Тиймээс 2008 онд УИХ-аас баталсан Татварын өршөөлийн хуульд нийт аж ахуйн нэгжийн дөнгөж хоёрхон хувь, татвар төлөгч 750 мянган иргэнээс ердөө 2200 иргэн хамрагдсан. Татварын өршөөлийн хуулиар “мотор”-оо сольсон аж ахуйн нэгжүүдийн ачаар татварын орлого өнөөдөр 150 хувиас буухгүй байгаа. Гэтэл үлдсэн компани, иргэд энэхүү хуульд яагаад хамрагдаж чадаагүй вэ гэхээр санхүүгийнх нь мэдээлэл, мэдлэг нь дутсан. Түүнээс болж “мотор”-оо сольж чадаагүй байгаа. 2009 онд нийт борлуулалт 10 их наяд 900 тэрбум төгрөг болсноос 3,8 их наяд төгрөг нь татварын өршөөлд хамрагдсан компаниудийнх. 2010 онд нийт борлуулалт улсын хэмжээнд 16,4 их наяд төгрөгт хүрсний 4,6 их наяд нь нөгөө “мотор”-оо сольсон компаниудын ашигтай ажилласан орлого. Эндээс харахад “мотор”-оо сольсон компаниуд ашигтай ажиллаад байгаа бол эвдэрхий “мотор”-той байгаа компаниудын орлого буурсан. Бүр хоёр дахин буурсан байна лээ. Тиймээс санхүүгийн эрх чөлөөг иргэн, аж ахуйн нэгжүүдэд эдлүүлэх нэг шалтгаан нь хуурамч тайланг шахан гаргах. Бүртгэлгүй бизнес, бүртгэлгүй хөрөнгө бол ирээдүйд улсад ч хэрэггүй, өөрт хэрэггүй болдог. Эдийн засгийн хөгжлийн явцад санхүүгийн бохир тайлантай, “мотор” нь эвдэрхий машин замаас шахагддаг.
-Хэн тэсвэртэй нь амьд үлддэг гэдэг байгалийн шалгарал байдаг шиг хэн санхүүгээ ил тод шударга гаргах нь эдийн засгийн шалгарал биз дээ. Таны хэлснээр “мотор” нь эвдэрхий машиныг заавал чирч явах шаардлага байгаа юм уу?
-Манай татварын бодлого их буруу яваад байгаа юм. Аж ахуйн нэгжүүднь бохир тайлан гаргаад сурчихсан, үүнтэй нь татварынхан эвлэрчихсэн. Нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/ байна. Ирэх жилээс НӨАТ төлсөн байлаа гэхэд 50 хувийг нь буцааж асуудлыг шийдвэрлүүлэхээр ажиллаж байна. 2011 аравдугаар сарын 30-ны байдлаар НӨАТ –ын орлого 206 хувиар даван биелсэн байна лээ. Төр 100 хувийг нь аваад үлдсэн 106 хувийгнь иргэдэд буцааж олгох хэрэгтэй шүү дээ. Нөгөө талаар манай аж ахуйн нэгж, үйлчилгээний газруудын дийлэнх нь үйлчлүүлсэн хүндээ НӨАТ төлсөн бичиг өгдөггүй. Уг нь өгөх ёстой юм. Та үйлчилгээ хийлгэлээ, хийлгэсэн баримтаа авах ёстой. Үүнийгээ интернэт ороод шалгачихдаг байх ёстой. Энэ ажлыг ухаалаг үнэмлэхтэй холбон хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. “Мотор” нь эвдэрхий машинуудаа засч аваад зах зээлд томруулах шаардлага Монгол Улсад зайлшгүй хэрэгтэй байна. Учир нь өнөөдөр ашигтай ажиллаад байгаа тэрхүү 3000 мянган компанийг Монголын зах зээлд монопольтогтоохгүйн тулд өрсөлдөгчдийг нь санхүүгийн булингаргүй байлгах, өргөжүүлэх хэрэгтэй байгаа юм. Санхүүгийн тайлан нь булингартай, хоёр тайлантай аж ахуйн нэгж өнөөдөр биш юм аа гэхэд яваандаа зах зээлээс хүссэн хүсээгүй шахагдана. Ийм байдалд аж ахуйн нэгжүүдийг оруулахгүйн тулд санхүүгийн тайлан бүртгэлийг шинэчлэх хэрэгтэй байгаа юм.
-Заавал НӨАТ-ын бичгийг аж ахуйн нэгжүүд олгох ямар хэрэгтэй юм бэ. Ингэх боломж ч байхгүй шүү дээ. Баянхошууны үсчин, Яармагийн цайны газар, Нарантуулын худалдаачинд ийм бичиг олгоод байх шаардлага байхгүй биз дээ. Хэрвээ ийм бичиг тэд олгоод эхэлбэл, өдрийнхөө орлогоос татварт багагүй мөнгө төлөх шаардлага гарна. Тийм болохоор тэд ийм бичиг өгөхийг хүсэхгүй нь тодорхой?
-Тэд уг нь ийм бичиг өгснөөр, татвараа төлснөөр өөрсдөд нь өргөжиж тэлэх боломж гарна. Чингэхгүй бол өөрсдөө, өөрсдийгөө сөнөөж байгаа хэлбэр л дээ. Жижиг дунд үйлдвэрийг хөгжих бололцоог олгохын тулд л санхүүгийн цагаан толгойн хичээлийг заах гээд байгаа юм шүү дээ. Нөгөө талаас НӨАТ-ын бичиг авахгүй байна гэдэг та нэг этгээдийг баяжуулахын төлөө хөрөнгө оруулалт хийж байна гэсэн үг. Уг нь таны төлсөн татвар нийтийн сайн сайхны төлөө зориулагдах ёстой юм. Татварын ойлголт хоорондоо их ялгаатай. Татвар болгон өөр өөрийн онцлогтой байдаг гэдгийг монголчууд ойлгох хэрэгтэй байна. Санхүүгийн эрх чөлөөг жижиг, дунд гэлтгүй олгох гээд байгаа ч учиртай. Төр бүх иргэн аж ахуйн нэгжид тэгш гарааны нөхцөлийг бүрдүүлж, өрсөлдөөнийг бий болгох ёстой юм. Түүнээс төр өөрөө гүйж очоод зам тавиад, барилга бариад байх асуудал биш шүү дээ. Би Ерөнхий сайдад ч хэлсэн байгаа. Төрөөс жижиг, дунд үйлдвэрийг дэмжих үүднээс 30 тэрбум төгрөгийн хөнгөлөлтэй зээлийг олгох хэрэгтэй юу гэж. Яагаад гэвэл энэ зээлийг эвдэрхий “мотор”-той нөхдүүдэд өгч байгаа болохоор зэрлэг ургамлыг усалж байгаатай л адилхан. Яагаад вэ гэвэл нөхдүүдийн санхүүгийн тайлан булингартай учраас зарим нь энэ зээлд хамрагдаж чаддаггүй, зарим хамрагдлаа ч гэсэн үйл ажиллагаа нь өргөжиж чадахгүй байгаа. Өнөөдөр Монголын эдийн засаг задгай мөнгөн дээр эргэлддэг байсан үеийнх шигээ биш болсон. Ирэх жилүүдэд маш том мөнгөн дүнтэй зах зээл рүү орох болно. Энэ зах зээл рүү том жижиггүй л шургалах хэрэгтэй байгаа юм. Хэрвээ тэд энэ боломжийг л ашиглахгүй юм бол 3000 хэмжээгүй том тэрбумтнууд төрөөд үлдсэн нь тэдний боолууд болно. Тиймээс жижиг дунд үйлдвэрүүдийг тайлангаа цэвэр гаргадаг болох, тэдэнд санхүүгийн эрх чөлөөг л олгох хэрэгтэй гээд байгаа юм шүү дээ.
-Та Ерөнхий сайдын зөвлөх болсон. Зөвлөх болохоосоо өмнө 39 дүгээр тогтоолыг хэрэгжүүлж, аж ахуйн нэгжид “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны 10 хувийг нэрлэсэн үнээр нь зарах ёстой гэсэн байр суурьтай байсан. Энэ байр суурь чинь өнөөдөр хэвээрээ юу. Учир нь УИХ-ын хоёр намын бүлэг 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах ёстой гэсэн шийдвэрт нэгдээд байгаа болохоор?
-Миний байр суурь, миний зорилго өөрчлөгдөөгүй яг хэвээрээ. УИХ-аас баталсан 39 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх шаардлагатай л гэдэг байр суурин дээрээ бат зогсч байгаа . УИХ-ын дарга “Энэ тогтоолыг өөрчилж болно. Гэхдээ өмнөх тогтоолын зарчмыг хадгалах ёстой шүү” гэдгийг гишүүдэд сануулсан байна лээ. “Монгол 999 үндэсний нэгдэл”-ээс нэг санал тавиад байгаа шүү дээ. Иргэдэд өгөхөөр болсон 10 хувь дээр нь нэмээд 14 хувийг өгье. Бас аж ахуйн нэгжүүдэд10 хувийг нь нэрлэсэн үнээр нь зарья. Нийлээд энэ чинь 34 хувь болж байгаа юм. 34 хувь хяналтын багц байдаг юм. Энэ хяналтын багцаар батлагдах болов уу гэж бодож байна. Өнөөдөр Монголын эдийн засгийг нуруун дээрээ үүрч яваа аж ахуйн нэгжүүдээ томруулахын тулд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны 10 хувийг нэрлэсэн үнээр нь тэдэнд зарах ёстой. Яагаад Монголын эдийн засгийг 20 гаруй жилийн турш нуруун дээрээ үүрч яваааж ахуйн нэгжүүддээ нэг удаа тэгш боломж олгож болохгүй гэж. Тэр бүү хэл, нарийн яривал Тавантолгойд үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад ч гэсэн 34 хувийг олгох ёстой шүү. Энэ дашрамд хэлэхэд өнөөдөр манай төрийн нийтийн хамааралтай өмчийн тухай хуулийг батлах ёстой болчихоод байна. Манайд ийм хууль байдаггүй, энэ талаар ямар нэгэн маргаан гарлаа гэхэд шийдвэрлэх боломжгүй байдаг юм.
-Төрийн нийтийн хамааралтай хуулийг батлах ёстой гэж та зөндөө ярьдаг. Харин одоо үүнийгээ хэрэгжүүлэх боломж танд олдлоо шүү дээ?
-Энэ хуулийн төслийг санаачлаад Э.Мөнх-Очир гишүүн УИХ-д өргөн барьсан байгаа. Одоогийн байдлаар нэн түрүүндТөрийн нийтийн хамааралтай өмчийн тухай хуулийг батлах ёстой. Хоёрдугаарт, Иргэний хуульд энэ талаар суулгаж өгөх ёстой. Иргэний хуульд хувийн өмчийн харилцааг зохицуулах заалт байдаг ч нийтийн хамааралтай өмчийг ашиглах, зарцуулах тухай заалт байдаггүй. Үүнийг тодорхой болгоно. Гуравдугаарт Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах ёстой. Нийтийн өмч, төрийн өмчийн холбоотой нэг ч санкц Эрүүгийн хуульд байдаггүй. Өнөөдөр төрийн компани 10 жил ашиггүй, алдагдалтай ажилласан мөртлөө эзэд нь цулайгаад л байдаг. Үүний цаана төрийн хөрөнгө идэж уух шамшигдуулах гээд эрүүгийн гэмт хэрэг яваад байгаа байхгүй юу. Дараагийн нэг асуудал нь төрийн өмчийн прокурорыг байгуулах ёстой. Дээрээс нь нэмж хэлэхэд төрийн нийтийн хамааралтай өмч дээр үйл ажиллагаа явуулж байгаа буюу ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд ХХК биш ХК байх ёстой. Хувьцаагаа олон нийтэд зарах ёстой. Монголын хамгийн том нөөцтэй орд дээр үйл ажиллагаа явуулж байгаа “Оюутолгой” гэхэд ХХК-ийн үйл ажиллагаа явуулж байгаа шүү дээ.
-Ямар ч байсан таны яриад байдаг зүйл эхнээсээ хэрэгжиж эхлээд байгаа юм байна. Энэ бүгдийгээ хэрэгжүүлэхийн тулд та МАН-д элсжээ дээ. Тэгэхээр ирэх сонгуульд та МАН-аас нэр дэвших үү?
-Өнгөрсөн оны сонгуулиар би Сүхбаатар дүүрэгт бие дааж нэр дэвшсэн шүү дээ. Нийтдээ 22 хувийн санал авсан байсан. Одоогийн хэлэлцэж байгаа Сонгуулийн хууль батлагдвал бие дааж нэр дэвшигч байтугай жижиг намуудын нэр дэвшигчид сонгуульд гарч ирж чадахгүй. Миний хувьд түрүүнд хэлсэн Монголын эдийн засагт цаг алдаж болохгүй хэрэгжүүлэх ажил олон байна гэж. Тэр олон ажлыг гаднаас нь шүүмжлээд байхаасаа илүү дотор ороод хэрэгжүүлэхийн хүссэн. Хэрвээ Ерөнхий сайдын дэвшүүлсэн санаа хэрэгжвэл санхүүгийн маш том бирж байгуулагдах юм. Энэ биржид дандаа шижигнэсэн, толгой нь бохирдоогүй залуус ажиллах болов уу. Хуурамч тайлан гаргаад сурчихсан толгой нь бохирдсон нөхдүүдийн оюун санааг цэвэрлэх хэцүү шүү дээ.
-Ирэх оны төсөв батлагдчихлаа. Энэ төсвөөс болоод эдийн засаг хямарна гэсэн болгоомжлол нэг хэсэг дэгдсэн. Ирэх оны сонгуулиас өмнө өнгөрсөн сонгуулийн амлалтаа биелүүлсэн болох гэж байна гэж эрх баригчид багагүй шүүмжлэл өртлөө?
-2008 оны хавар ийм их мөнгө амлаж болохгүй гээд би л ганцаараа ярьсан, сануулсан. Тухайн үед энэ талаар Монголбанк юу ч хэлээгүй шүү дээ. Өөрийгөө том эдийн засагч гэж нэрлээд байгаа нөхдүүд чимээгүй л байсан. Одоо л их мөнгөнөөс болоод инфляци тэнгэрт гарлаа гээд байгаа болохоос биш. Ийм их мөнгөний давалгаа болохыг тухайн үед хэн ч мэдээгүй л дээ.
Эх сурвалж: "Ардын эрх" сонин
