Путины нам олонхийн санал авлаа

Хуучирсан мэдээ: 2011.12.06-нд нийтлэгдсэн

Путины нам олонхийн санал авлаа

Орост Төрийн думын сонгууль өнгөрөгч ням гаригт болж өнгөрлөө. Эрх баригч “Нэгдмэл Орос” нам 50 хувийн буюу энгийн олонхийн саналыг авлаа. Харин ажиглагчид сонгуулийн үеэр өргөн цар хүрээтэй будлиан гарсан гэж хэлж байна. Харин Дмитрий Медведев намын сонгуулийн дүнг сайн гэж дүгнэв. Гэхдээ эрх баригч намын авсан санал нь дөрвөн жилийн өмнөхөөс бараг 15 хувиар буурчээ.

Тоололт

“Нэгдмэл Орос” намын эхний үр дүн нь эрх баригч намын хувьд түгшүүртэй байлаа. Санал тоололтын дүнгээр эрх баригч нам Алс Дорнод ба Зүүн Сибирьт Төрийн думын энгийн олонх болж чадалгүй сөрөг гурван намд нийлбэр дүнгээр 2,5 хувийн ялагдалтай байв. Сонгуулийн санал хураах цэгүүд оройн есөн цагт үүдээ барьсан ч Сонгуулийн хорооны дарга Владимир Чуровын хэвлэлийн бага хурал хийлгэх хугацаа нь нэлээд хоцорч 22.00 цагт эхэлсэн байна.

Шөнийн хоёр цагийн орчим саналын хуудасны 65 хувийг тоолсны дараа эрх баригч нам нь 50,07 хувийн санал авсан байв. Шөнийн гурван цагийн орчим энэ үзүүлэлт 49,98 хувь болсон байв. Бусад намуудад өгсөн саналын тоо нь нэгдмэл оросуудын өсөлтийн дагуу пропорцианалиар унаж байлаа.

Оросын коммунист нам өмнөх сон­гуулийн үзүүлэлтээ нэмэгдүүлж чадлаа. Тэд 20-иос ялимгүй бага 19,49 хувийн санал авав. Сонгуулийн эхээр долоо хувийн босго алхах эсэх нь тодорхойгүй байсан “Шударга Орос” нам 12,92  хувийн санал авлаа. Мироновын нам нь 11, 85 хувийн саналтай Либерал ард­чилсан намыг гүйцэж түрүүлсэн байна.

Парламентын болж чадаагүй намуу­даас “Яблоко” хамгийн өндөр буюу 2,25 хувийн санал авав. “Оросын эх орончид” нам 0,96 хувь, “Зөв үйлс” намынхан 0,5 хувийн санал авчээ. “Нах-нах” стратеги эсвэл саналын хуудсыг хүчингүй болгох нь олигтой үр дүн өгөөгүй байв. Чувашид хамгийн их хүчингүй хуудас илэрсэн нь 2,72 хувь байсан ба бусад бүс нутагт дунджаар 1,5 хувийн саналын хуудас хүчингүй болжээ. Сонгогчдын идэвх жилийн өмнөх шиг 60 хувьтай байлаа. Нэгдмэл Орос намд чеченьчүүдийн 99,51 хувь, мордовчуудын 98 хувь, Ямало-Ненецийн тойрог 85,84 хувийн саналаа өгсөн байна. 

Ялагчид

Нэгдмэл Орос намын штабынхан эхний үр дүнг анзаарсан шинжгүй, намынхан нь нэг том ажлаа ардаа хийлээ гэсэн шинжтэй байв. Эхлээд намын дээд зөвлөлийн дарга Борис Грызлов хамтран зүтгэгчдийнхээ хамт сэтгүүлчидтэй уулзав. Тэрээр сонгууль бүрийн төгсгөлд өмсдөг цагаан ноосон цамцтайгаа гарч ирээд “хамгийн гол нь “Нэгдмэл Орос” яллаа гэдгийг хэлэх гэсэн юм” хэмээн мэдэгдэв. Намынхан нь сонгуульд ямар нэгэн будлиан гараагүй, хэрэв гарсан бол сөрөг намуудаас л гарсан гэж сэтгүүлчдэд итгүүлэхээр оролдож байжээ. Грызлов сөрөг хүчнийхнийг “сонгогчдыг за­нал­­хий­лэн айлгаж, оролцоог нь буу­руулсан” гэж мэдэгдэв. Өнгөрсөн сонгуулиас хойш намын санал яагаад мэдэгдэхүйц унасан талаар асуухад тэрээр “Сайхан асуулт байна. Би үүнд тайлбар хийхгүй” гэж хариулав.

 Энэ асуудалд цаг хагасын дараа тэнд ирсэн Засгийн газрын тэргүүн, ерөнхийлөгч хоёр ч хариулт өгсөнгүй. “Нэгдмэл  Орос” Төрийн думд орж байгаа нь энэ” гэж цугларсан олны өмнө намын жагсаалтыг тэргүүлж байгаа ерөнхийлөгч Дмитрий Медведев шоглоом маягаар хэлэв. Тэр 50 хувийн амжилтаа “Манай ардчиллын бодит үр дүн” гэж хэлэв. Мөн тэрээр сэтгүүлчдэд сонгуулийн үеэр ажилласных нь төлөө талархал илэрхийллээ. Сонгуулийн санал хураах газруудаас хөөгдсөн “Гражданский голос” сонины сэтгүүлчдэд энэ нь хүртээлгүй байсан байх. Сонгуулийн дүнгийн дагуу зарим асуудлыг шийдэхэд эвсэх хэрэгтэй болсныг тэрээр хэлээд “Ардчилал үйлчилж байна” гэж тодотгов.
Путин харин цөөн үг хэлэв. “Ийм бүтцээр “Нэгдмэл Орос” “манай улсын тогтвортой хөгжлийг хангаж чадна” гэж тэрээр хэлэв.  Шинэ  Төрийн думд “Нэгдмэл Орос” 238, ОХУКН 92, “Шударга Орос” нам 64, ОЛАН 56 мандаттай болж байна.

Үр нөлөө

Ажиглагчид ба сөрөг хүчний үзэж байгаагаар сонгууль өмнө гараагүй зөрчилтэй болсон гэн.  “Голос” (“Дуу хоолой”) эвсэл эсэргүүцэлтэй тулгарч байгаа ч энэ сонгуулиар 1300 орчим зөрчил гарсан гэж тоолжээ. Тэдэнд шаардлагатай бичиг баримт байгаагүй гэх шалтгаанаар “Дуу хоолой”-н ажиглагчдыг янз бүрийн бүсийн санал хураалтын байрууд руу оруулсангүй. Нийт ажиглалт хийсэн 48 бүсээс Челябинск, Самар, Нижегородын тойрог, Санкт-Петербургт эвслийн ажиглагчдын 20-50 хувийг хөөн гаргасан гэв. Иванов мужид 38 ажиглагчийн 36-г нь ажиглалт хийлгээгүй гэжээ. Сонгуульд ажиглалт хийсэн “Дуу хоолой” эвсэл болон “Газеты.Ru”-гийн хамтарсан төслийнхөн гарсан зөрчлийг илрүүлэхэд саад бэрхшээл учирсаар байна гэлээ. Гэхдээ зөрчлийн ажиглалтын дүнг нэгтгэн мэдээлнэ гэж “Дуу хоолой” амлав.

Сөрөг хүчний намууд сонгуулийн үеэр маш их хэмжээний зөрчил  гарсан гэж хэлж байна. Сөрөг намуудын ажиглагчдыг зарим бүсэд санал хураалтын ажиглалт хийлгэсэнгүй. 

Сонгогчдыг бөөнөөр зөөн авчрах /”нах нах” стратеги/, тэднийг зохион байгуулалтайгаар олон газар санал өгүүлсэн зэрэг зөрчил хамгийн их байжээ. Зохион байгуулалттай олон удаа санал өгүүлэх энэ технологи нь түр баталгаат үнэмлэхээр хийгдэх боломжтой аж. Өөр нэг технологи нь сонгуулийн өмнөх өдрүүдэд үйлдвэрүүдэд нээсэн  санал хураалтын цэгүүд юм. Тийш нь ажиглагчдыг оруулаагүй гэнэ.  Эдгээр цэгүүдэд 80 орчим мянган хүн санал өгсөн нь нийт оролцогчдын бараг 10 хувь болж байна. Москвад саналын хуудас хаясан зөрчил багагүй байсан гэнэ. Мөн сүүлийн хоногуудад нь сонгогчдын оролцоог бууруулах гэсэн кампани гарч сонгогчдыг сонгуульд оролцохгүй байхыг уриалсан сонин хэвлэл ихээр гарсан нь цар хүрээнээс нь харвал үүнийг эрх баригчид хийлгэсэн гэх сэжиг төрүүлж байна.

Гадаадын хэвлэлд

Энэ сонгууль нь “Нэгдмэл Орос” намын санал асуулга байсан төдийгүй В.Путин, түүний засгийн дээд эрхэнд эргэн ирэх гэсэн төлөвлөгөөний дагуу болсон бүх нийтийн санал асуулга байсан. Путины намын 50 орчим хувийн санал авсан нь бараг 10 гаруй жил тэднийг захирч байгаа эрх баригчдад сонгогчид дургүй болсны гэрч боллоо хэмээн “The New York” Times сонин бичсэн байна.

Германы “Deutsche Welle” агентлаг сүүлийн арван жилийн доторх хамгийн бохир сонгууль гэж Оросын  Төрийн думын сонгуулийг нэрлэв.

Нэгдмэл Орос намын дэмжлэг буурсан нь Медведев, Путин нарын байрыг солих гэсэн намын алдаа гэж “Вашингтон пост” сонин онцолжээ.

Эрх баригч намын тааруу үзүүлэлт  ирэх гуравдугаар сарын сонгуулиар Путины байранд суух Дмитрий Медведевийн байр сууринд нөлөөлж магадгүй гэж Британийн “Guardian” сунуулж байна.

Ш.Мягмар

Эх сурвалж: "Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж