
Усны мандалд хөвж байгаа тосыг эрэг рүү хөвүүлж Люизиана мужийн Дельта үндэсний дархан цаазат газар луу оруулахгүйн тулд “BP” компани хөвөгч хашилт ашиглаж байна. Мөн орчны бохирдолд эмзэг шувуунуудыг хамгаалахын тулд хашигч саадуудыг Миссисипи, Алабама, Флорида мужуудын усан хилд тавьж магадгүй. Женевт төвтэй “Transociean Ltd” компанийн эзэмшдэг “Deepwater Horizon” хөвөгч тосны байгууламжийг Их Британийн “BP” компани түрээсэлж ашигладаг. (хуучнаар The British Petroleum Company plc компани) Өнгөрсөн долоо хоногт буюу тодруулбал дөрөвдүгээр сарын 20-ны өдөр уг байгууламж дэлбэрч тэнд ажиллаж байсан 126 ажилтны 11 нь сураггүй алга болсон буюу нас барсан. Уг болсон явдлыг АНУ-ын Дотоод хэргийн департаментын Ашигт малтмалын менежментын алба шалгаж байгаа бөгөөд тэд мөн орчныг хоргүйжүүлж, цэвэрлэж байна. Далайн ёроолд байгаа цооногын амыг алсын удирдлагатай төхөөрөмж ашиглан хаах гэж оролдсон гурав дахь өдрөө бүтэлгүйтээд байна. Гэсэн ч инженерүүд шинэ өөр төхөөрөмж ашиглах замаар амжилтанд хүрнэ гэж тооцож байна.
Газрын тосны одоо байгаа цооногыг хааж, шинэ цооног өрөмдөх зардал, дэлбэрсэн хөвөгч байгууламжийн нийт зардал нийлээд “BP” компани 100 сая ам.долларын алдагдал хүлээх болно гэж тус компанийн гүйцэтгэх захирал Tony Hayward сэтгүүлчдэд мэдэгдсэн. Далайн мандал дээрх газрын тосыг хяналттай шатаавал далайн эргээс харагдахгүй. Гэсэн ч шатаах аргыг сонгосон ч гэсэн доороос тос нэмж ялгаруулж байгаа цооногийг заавал хаах шаардлагатай.
Т.Бадрах