Дундговийн Ардчилсан нам цэгцэрлээ

Хуучирсан мэдээ: 2011.12.05-нд нийтлэгдсэн

Дундговийн Ардчилсан нам цэгцэрлээ

Дундговь аймгийн Ардчилсан нам тамгатай, тамгагүй хоёр даргатай найман сар болсон юм. Иймд Ардчилсан намаас энэ аймгийн намыг даргынхаа асуудлыг нэр мөр болгон шийдээгүй цагт намын хэмжээний зохиогдсон ажилд оролцуулахгүй тухайгаа мэдэгджээ. Үүний дараа л тус аймгийн Ардчилсан нам  хурлаа зарлан хуралдууллаа. Аймгийн намын хорооны хурал ерээд хувийн ирцтэй болж  Аймгийн намын хорооны дарга Л.Данзанноров,  өнгөрөгч гуравдугаар сард болсон хурлаар нэр дэвшин сонгогдсон ч бүрэн эрх нь баталгаажсан, эсэх нь маргаантай С.Од-Эрдэнэ нар дээр  нууц санал хураалт болж  санал хураалтад оролцсон 65 гшүүний 31-нь Л.Данзанноровын төлөө, 33 нь С.Од-Эрдэнийн төлөө санал өгч нэг санал хүчингүйд тооцогдсон байна. Ингээд С.Од-Эрдэнэ Дундговь аймгийн Ардчилсан намын даргаар сонгогдон тамга тэмдгээ хүлээн авлаа.

    Харин Ардчилсан намын гүйцэтгэх зөвлөлийн гишүүнд Ардчилсан намын нарийн бичгийн дарга Б.Ургамалцэцэг,  “Тотал музик” компаны захирал С.Од-Эрдэнэ нар өрсөлдөж Б.Ургамалцэцэг олонхийн саналаар сонгогдсон юм.

Аймгийн Ардчилсан намын дарга С.Од-Эрдэнийн саналаар намын дэд даргаар М.Энхбат, Б.Жаргалсайхан, Хэрэг эрхлэх газрын даргаар Ц.Батбилэг нар томилогдов. Аймгийн Ардчилсан намын  зөвлөлдөх зөвлөлийг 15, хяналтын зөвлөлийг гурван хүний бүрэлдүүнтэй батлав.

    Хурал дээр С.Од-Эрдэнэ хэлсэн үгэндээ “2012 оны Улсын Их Хурлын болон орон нутгийн сонгуульд намаа ялуулахын төлөө намын хамт олон, гишүүдтэй хамтран ажиллаж амжилтад хүргэхээ, аймаг, сумдын намын байрыг тохижуулан үйл ажиллагааг тогтмолжуулахаа амлалаа. Мөн Аймгийн ИТх-ын тэргүүлэгч нишүүн, аймгийн Ардчилсан намын даргаар өмнө нь ажиллаж байсан, хуульч Л.Данзанноров “Ардчилсан намынхаа  хөгжилт бэхжилт, ялалт амжилтын төлөө намын шинэ удирдлагатай хамтран ажиллахаа илэрхийлэн  баяр хүргэлээ.

    Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүн, аймгийн нутгийн зөвлөлийн тэргүүлэгч  Б.Мөнхболор уугуул нутгийнхаа намын байгууллагыг байнга дэмжиж ажиллахаа илэрхийлэн аймгийн аймгийн Ардчилсан нам, Ардчилсан залуучуудын холбоо, эрүүл мэндээр тааруу  байгаа намын гишүүн, Сайнцагаан сумын багийн Засаг дарга  Ц.Эрдэнэбаяр нарт санхүүгийн дэмжлэг үзүүлснийг аймгийн намын хорооны гишүүд талархан хүлээн авлаа.

    Ийнхүү олон нийт болон гишүүдийнхээ дунд ойлгомжгүй байдал үүсгээд байсан аймгийн Ардчилсан нам удирдлагын хувьд цэгцэрч 2012 оны сонгуулийн бэлтгэл ажилд орлоо.

С.ПҮРЭВСҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж