Хуучирсан мэдээ: 2011.12.05-нд нийтлэгдсэн

Нарангийн “Сайхан“

Дуучин С.Наран шинэ цомгийнхоо баярыг хийхтэй холбогдуулан цомогт багтсан уран бүтээлийнхээ тухай мэдээлэл хийн, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө. Энэ үеэр “Pro sounds” студийн хөгжмийн продюсер Рагу Раман, Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Хөгжмийн найруулагч Н.Халиун нар шинэ цомгийн тухай санал бодлоо хуваалцав. Түүний шинэ цомог “Сайхан” гэж нэртэй бөгөөд 11 дуунаас бүрджээ. Цомгийн албан ёсны нээлт 12 дугаар сарын 9-нд “River sounds” клубт болох ба энэ үеэр ирсэн зочдод  шинэ клипээ сонирхуулах юм байна. Мөн реппер Gee-тэй хамтран хийсэн уран бүтээлээ сонирхуулах ажээ.

“Цомгийн уран бүтээлүүд барууны түрэмгий, нүргээнт стиль, чиглэлээс татгалзаад дорно дахины гэмээр, зөөлөн өнгө аястай болсон. Тэр орчин үеийн дуугаралттай байдаг л гитар, бөмбөр гэлтгүй үндэсний язгуур урлагтай хоршин  уран бүтээлээ хийж чаддагаараа гайхалтай” гэж хөгжмийн зохиолч Н.Жанцанноров магтаал хайрласан бол “Pro sounds”  студийн хөгжмийн продюсер Рагу “Сингапурт ийм тасархай урлаг, ийм дуучин, байхгүй гэж хэлж болно. Наран бол гайхалтай дуучин. Түүнд сайн микрофон, өсгөгч хэрэггүй. Яагаад гэвэл Наран тэр чигээрээ мэдрэмж” хэмээн дуучин найзыгаа магтана лээ.

Дуучин С.Наран түүнд тавьсан цөөн асуултад ийн хариулав.

-“Сайхан” цомгоо та гүн ухааны санал сэдлийн өнгө аясыг агуулсан гэж тодотголоо. Сэтгэлийн ямар учгийг өгүүлсэн гэж болох вэ?

-Үндэсний бахархал гэж юу байдгийг илүү харуулахыг зорьсон. Ингэхдээ хэл бичгийн ухааны доктор Буянтогтохоор бүх дууныхаа үгийг хянуулсан байгаа. Хөгжмийн дуугаралтын тухайд үндэсний хөгжимтэй хамтарч дуунуудаа хийсэн. Зөвхөн монголд л байдаг гайхалтай өв соёлоо хайрлах, тэр урлагтай сэтгэл зүрхээрээ хамт байхыг хүсч энэ цомгийг бүтээлээ.

-Цомогт таны зохиосон хоёр дуу багтсан гэсэн?

-“Амьдралын зураг”-ийн аялгууг нь би хийсэн. Үгийнх санааг бол би өөрөө гаргаад Хөвсгөлийн яруу найрагч Болорцэрэнгээр зохиолгосон. Хүний амьдрал өөр өөр. Эхлүүлж тавьсан энэ амьдралын  зургуудыг ямар өнгөөр будвал ямар өнгө будаг гарч ирэх бол, би энийг л бодсон. Ерөөсөө л амьдрал бол ганц хувь зураг.   Хүн тэр өнгийг өөрөө л хичээж байж, хар өнгө нь давамгайлах уу, цагаан өнгө давамгайлах уу гэдгийг өөрөө будаж чадна. Энэ талаар л дуу хийе гэж бодоод аялгууг нь би хийсэн юм. Гэхдээ энэ бол уйтгартай дуу биш л дээ. Харин ч их хөгжилтэй хэлбэрийн дуу болсон байгаа. Хоёр дахь дуу нь “Чамдаа” гэж нэртэй хайрын дуу байгаа юм. Аяыг нь би чадан ядан бичсэн. Хөгжмийн найруулгыг Пүрэвсүх хийсэн. Зөвхөн төгөлдөр хуур, морин хийл, хийл гурваар тоглосон уран бүтээл болсон. Морин хийлээ Италид хөгжмийн боловсрол эзэмшсэн Амармэндээр тоглуулсандаа баяртай байгаа.

-Реппер Gee та хоёр ямар дуу хамтарч дуулсан юм бэ. Энэ их сонирхолтой санагдлаа?

-Реппер Gee-гийн “Жонон” хамтлагтай хамтарч хийсэн уран бүтээл надад их таалагдсан. Gee-г их сонин сэтгэлгээтэй, маш авьяаслаг  уран бүтээлч гэж боддог. Бид хоёр “Үг, аялгуу” гэж нэртэй дуу хийсэн. Хэдийгээр цомогт ороогүй ч гэсэн цомгийнхоо баярт зориулж анх удаа дуулах болно.

У.Болор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж