
Автоспортын шилдгүүдийн халз тулаан гэгдэх Аваргуудын уралдаан оны төгсгөлд болдог уламжлалын дагуу өчигдөр Германы Дюссельдорф хотноо боллоо. Тус уралдаанд раллигийн шилдэг тамирчин Себастьян Ожье түрүүлжээ. Өмнөх өдөр нь болсон Үндэстний цомын тэмцээнд Германы хос болох Себастьян Феттель, Михаиль Шумахер нар тав дахь жилдээ дараалан түрүүлсэн юм. Харин өчигдөр болсон 24 дэх удаагийн Аваргуудын уралдаанд автоспортын хамгийн шилдэг гэгдэх 16 нисгэгч оролцсон. “Формула нэг”, раллигийн дэлхийн аварга, тойрог замын бүхий л шилдэг уралдааны лидерүүд оролцдог тул үнэхээр алдартай. Түрүүлсэн тамирчин “аваргуудын аварга” гэх цол хүртдэг юм.
Тэмцээний дүрэм ёсоор 16 оролцогч дөрвөн хэсэгт хуваагдаж, уралддаг. Ингэхдээ эхний шатыг амжилттай давсан найман нисгэгч хасагдах журмаар хоорондоо өрсөлддөг юм. Энэ жилийн уралдааны шөвгийн наймд Ожье, Мартин Томшук, Михаиль Шумахер, Том Кристенсен нар тус тусын учраагаа буулган авсан. Ялагдагчдын дунд Женсон Баттон, Себастьян Феттель нарын “Их хурд”-ын одод байсан гэнэ. Харин хагас шигшээ шатнаас Шуми, Томшук нар хасагдаж, улмаар раллигийн дэлхийн аваргын топ нисгэгчдийн нэг Себастьян Ожье “аваргуудын аварга”-аар тодорсон байна.
Score Studio