УИХ-ын Тамгын газрынхан АНУ-ын туршлага судлав

Хуучирсан мэдээ: 2011.12.05-нд нийтлэгдсэн

УИХ-ын Тамгын газрынхан АНУ-ын туршлага судлав

Монгол Улсын Их хурлын Тамгын газар, АНУ-ын Бүгд Найрамдахчуудын Олон улсын хүрээлэн (IRI)   хамтран  “УИХ-ын Тамгын газрын судалгаа, шинжилгээний чадавхийг дэмжих нь“ сэдэвт сургалт, семинарыг энэ сарын 3, 4-нд Улаанбаатар хотод зохион байгуулав. Сургалтыг АНУ-ын  Конгрессийн Судалгааны алба (CRS)-ны Азийг хариуцсан ахлах шинжээч Сьюзан Лаурэнс, АНУ-ын Конгрессийн Төсвийн шинжилгээний алба (CBO)-ны ахлах шинжээч Мэган Линч нарын сургагч багш нар удирдан явуулжээ. Тус сургалтад УИХ-ын Тамгын газрын Судалгааны төвийн судлаач шинжээчид, Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтсийн зөвлөхүүд болон Төсвийн байнгын хорооны ажилтнууд хамрагдсан байна.

Сургалтын явцад АНУ-ын Конгрессийн номын сан, Конгрессийн Судалгааны албаны үйл ажиллагааны зохион байгуулалт, Конгрессээр төсөв хэлэлцэх процесс, ялангуяа төсвийн хэлэлцүүлгийн шатанд Конгрессийн төсвийн шинжилгээний оффис (CBO), Конгрессийн Засгийн газрыг хянах алба (GAO) болон бусад Төсвийн хороод хэрхэн ажилладаг талаар туршлага судлав.  Ерөнхийлөгчөөс Конгресст өргөн барьсан  төсвийн төсөлд  Засгийн газраас хараат бусаар дүн шинжилгээ хийх, төсөв хуваарилах явц,  нээлттэй сонсгол, хэлэлцүүлэг  зохион байгуулах  зэрэг олон асуудлаар АНУ-ын туршлагыг танилцуулж, арга зүйн зөвлөгөө өгснөөрөө тус сургалт өндөр ач холбогдолтой боллоо.

АНУ-ын Конгресс болон Сенат төсвийн хэлэлцүүлэгт ихээхэн ач холбогдол өгч, мэргэшсэн судалгаа, шинжилгээний албадынхаа тусламжтайгаар төсөв хэлэлцдэгээрээ онцлогтой байна. Тухайлбал, төсвийн шинжилгээ хийх, хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Конгрессийн Судалгааны алба (CRS)–ны мэдээллийн ажилтан, шинжээч нар, Төсвийн шинжилгээний алба (CBO)-ны  шинжээчид өндөр төвшний математик аппарат ашигласан төсвийн дүн шинжилгээний мэдээлэл, гарын авлагаар хангадаг бол төсөв хуваарилах ажиллагаанд холбогдох Байнгын хороод ихээхэн үүрэгтэй оролцож, дээрх судалгаа шинжилгээний албадын гаргасан дүн шинжилгээ, тэдгээрийн үндэслэлийн талаар зайлшгүй хэлэлцдэг байна. Мөн төсвийн зарцуулалтад хяналт тавих үүрэг бүхий Засгийн газрын хариуцлагын алба (GAO)-ыг Конгресс болон Сенат дэргэдээ ажиллуулж байна.

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж уг сургалтыг  “Улсын Их хурлын Тамгын газрын Судалгааны төвийн чадавхийг сайжруулах, Монгол Улсын Их Хурлаар төсөв хэлэлцэх үйл ажиллагааг шинэ шатанд гаргахад ихээхэн ач холбогдолтой сургалт боллоо хэмээн үнэлэв” хэмээн УИХ-ын Тамгын газрын Судалгааны  төвөөс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж