Афганистаны асуудлаар зөвлөлдөнө

Хуучирсан мэдээ: 2011.12.05-нд нийтлэгдсэн

Афганистаны асуудлаар зөвлөлдөнө

Афганистаны асуудлаархи олон улсын зөвлөлгөөн өнөөдөр Германы Бонн хотод эхэллээ. Арван жилийн өмнө тус улсад Талибаны дэглэм унахад энэ хотод мөн ийм зөвлөлгөөн болсон.  Зөвлөлгөөнөөр Афганистаны толгойн өвчин болоод буй аюулгүй байдлыг хангах асуудлыг хэлэлцэх юм. Харин тус бүсийн гол тоглогч Пакистан өнгөрсөн сард болсон хилийн дайралтаас болж, зөвлөлгөөнд оролцохоос татгалзжээ. НАТО өнгөрсөн сарын 26-нд Пакистаны 24 цэргийн амийг авч одсон агаарын дайралтын төлөө тус улсаас уучлал гуйсан юм. АНУ болон Барууны орнууд олон жилийн өмнөөс Пакистаныг алан хядагч Талибанчууд болон Хакканийн бүлэглэлийг далдуур өөгшүүлдэг гэж сэрдэж, Афганы хил дээр болсон мөргөлдөөнд буруутгаж байсан билээ. Олон улсын цэргийн хүчин 2014 гэхэд Афганаас цэргээ бүр мөсөн гаргахаар болсноос тус улсын аюулгүй байдалд ноцтой аюул тулгарчээ. Бонн хот дахь олон улсын зөвлөлгөөнд 100 гаруй орны 1,000 гаруй төлөөлөгч очжээ. Тэдний дунд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон бас байгаа гэнэ. Арав гаруй жил үргэлжилж буй Афганистан, Пакистаны хилийн  зөрчил мөргөлдөөн одоо ч намдаагүй.  Афганистанд энэ жил л гэхэд НАТО-ийн 500 гаруй цэрэг амиа алдсан юм. 

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж