Сонгуулийн хууль дахин хэлэлцээ шаардлаа

Хуучирсан мэдээ: 2011.12.05-нд нийтлэгдсэн

Сонгуулийн хууль дахин хэлэлцээ шаардлаа

УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгатай холбоотой зарим асуудлыг УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа хэлэлцээд Ардчилсан намын бүлэгтэй хэлэлцээний ширээний ард суух шийдвэрт хүрсэн байна. Энэ асуудал нь мажоритар давамгайлсан 48 тойрог, пропорцианаль агуулсан 28 тойрог хооронд нэр дэвшигчдийг шилжүүлэхтэй холбоотойгоор тавигдаж буй аж. Уг асуудлаар МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Мөн бүлгээс гаргасан томоохон шийдэл нь УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг энэ долоо хоногт багтаан батлах ёстой гэх санал юм байна.

Харин хэлэлцээний ширээний ард дахин суулгахад хүрээд буй шилжилттэй холбоотой асуудлаар Ардчилсан намын бүлгээс өмнө нь саналаа тус бүлэгт ирүүлсэн байсан юм. МАН-ын бүлгийн хувьд “Шилжилт байх нь зүйтэй” гэж үзсэн авч, тус бүлгээс ирүүлсэн зөвхөн 48-аасаа бүрэн шилжилт хийе гэдэг саналыг 100 хувь хүлээж авах боломжгүй гэж үзсэн юм байна. МАН-ын бүлгийн дарга энэ тухай тодорхойлохдоо “Шилжилтийг яаж хийх вэ гэдэг дээр ойлголтын зөрүү нэлээд байна. Уг нь улсын хэмжээнд  76 хүний нэрсийн жагсаалтаар нам тодорхой санал авна. Тэр авсан саналынхаа хэмжээгээр 28 суудлыг хуваарилах заалттай. Ингэхдээ 28 суудалдаа 48 мандатын төлөө өрсөлдсөн 26 тойрог дээрх тэр хүмүүсээсээ шилжүүлэх юм уу, эсвэл 48-аас гадна 28 хүн бий, тэр хүмүүсээсээ оруулах юм уу. Оруулбал хэдэн хувиар оруулах юм бэ гэдгийг тодорхой болгох шаардлагатай. Ардчилсан намын бүлэг 48-аасаа бүрэн шилжилт хийх нь зүйтэй. Сонгогчдоосоо авсан саналын дагуу хэн,  хэдэн хувийн санал авсан бэ гэдэг нь эрэмбэлэгдсэн байх учраас тэндээсээ хамгийн олон санал авснаар оруулах нь зүйтэй байна гэж үзсэн. Харин манай намыг бүлэг энэ асуудлыг хэлэлцээд “100 хувь 48-аас шилжүүлэх нь учир дутагдалтай. 28 хүнээсээ оруулахгүй юм бол тэнд 28 хүний нэр бичихийн учир утга алдагдана.  Тийм учраас шилжилтийг хийхдээ 48-аасаа ч хийе өөр хэнийг оруулахаа 28 дотроосоо ч шийдье. Үүнийг нам төлөөллийн дээд байгууллагынхаа хурлаар шийдэх нь зүйтэй” гэж үзсэн.  Тиймээс шилжилттэй холбоотой асуудлаар Ардчилсан намын бүлэгтэй хэлэлцээр хийх үүргийг бүлгийн даргын хувьд миний бие хүлээгээд байна” гэсэн юм. Энэхүү мэдээллийг хийсний дараа сэтгүүлчид түүнээс дараах асуултад хариулт авав.

-Сайд Х.Баттулгын “Архи, тамхи, мансууруулах бодис үйлдвэрлэгч, борлуулагч, зуучлагч болон энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчийг сонгуульд нэрээ дэвшүүлэхийг хязгаарлах тухай төслийг өнгөрсөн долоо хоногт Сонгуулийн хуулийн ажлын хэсэг хэлэлцсэн. Бүлэг энэ асуудлыг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэв үү?

-Ажлын хэсгийн төвшинд энэ төслийг хэлэлцээд явж байгаа.

-Сонгогчдын хувьд саналыг дугуйлахдаа нэр дэвшигчдийг нэрээр нь дугуйлах юм уу, эсвэл намынх нь нэрээр дугуйлах болж байгаа юу?

-Нам нь нэр дэвшигчийн 76 жагсаалтыг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ. Тэр дотор нь тойрогт өрсөлдөх 48 хүн, мөн намаас санал болгох 28 хүн ч байна. Нийлээд нэг жагсаалт болно. 76 хүний нэр жагсаасан хуудас дээр зөвхөн намыг дугуйлаад явна, хүнийг дугуйлахгүй. Сонгогч хоёр хуудас авна, гар дээрээ. Нэг нь, тухайн тойрог дээрээ өрсөлдөж байгаа хүмүүсийн нэрс бүхий хуудас байна. Жишээ нь Хөвсгөл аймагт хоёр мандат байлаа гэхэд МАН-аас хоёр, Ардчилсан намаас хоёр, бусад намаас мөн хоёр нэр дэвшигч байна. Энэ дээр нь мандатын тоогоор нь дугуйлаад хийчих нэг хуудас бий. Нөгөөх нь 76 хүний нэрс бүхий намуудын нэрийг жагсаасан хоёр дахь хуудас бий. Хэрвээ та энэ 76 хүнийг дэмжиж байгаа бол энэ намыг нь дугуйл гэдэг сонголтыг хийж байгаа. Жишээлбэл, МАН-аас нэр дэвшиж байгаа 76 хүн нь арай илүү байна гэж үзэж байгаа бол сонгогч түүнийг нь дугуйлаад тэр нь улсын хэмжээгээр нэгтгэгдээд санал болгох юм.

-Холимог тогтолцоог сонгохоор тойргуудад хуваарилагдах мандатын тоонд өөрчлөлт орж байгаа. Улаанбаатар хотод 14 мандат хуваарилна гэж байгаа. Үлдэж байгаа аймгуудад хуваарилагдах мандат эцэслэгдсэн үү?

-Улаанбаатар хот дахь мандатын тоог нэмэгдүүлэхээ тохирчихсон. Тэгэхээр УИХ-ын Сонгуулийн тухай хууль батлагдангуут Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-д тогтоолын төсөл оруулж ирнэ. Тэр нь мандатын тоог хуваарилах тогтоол байх юм. Түүнийг УИХ-аар хэлэлцээд,  шийдэх учиртай.

-УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг баталлаа гэхэд Үндсэн хуулийн цэц дээр очоод унавал яах вэ?

-Тэр бол бидний асуудал биш. Бид хуулиа батлах ёстой, Үндсэн хуулийн цэц дээр асуудал үүсэх үү, маргаан үүсэх үү, цэц түүнийг яаж шийдэх вэ гэдэг бол дараагийн ээлжийн иргэн болоод Үндсэн хуулийн цэцийн өөрийнх нь асуудал.

-Намуудын босго оноог хэдээр тогтоосон бэ?

-Хуулийн төсөлд 7 байсныг ажлын хэсгийн төвшинд ярилцаад 5 болгон бууруулахаар шийдсэн. Гэхдээ намуудын босго оноо байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар орж гишүүдээр санал хураалгах ёстой.

-Парламентын гаднах намууд УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан олон санал өгсөн. Саналууд төсөлд хэр тусгалаа олж буй юм бол?

-УИХ-д суудалгүй намуудаас их олон санал өгсөн. Тэдгээрийг ажлын хэсэг дээр их анхааралтай авч үзэж маш олон санал тусч байгаа. Гэхдээ зарчмын хэд, хэдэн саналыг тусгах боломжгүй гэж үзсэн. Тухайлбал, 76 мандаттай нэг тойрог болгох улсын хэмжээгээр. Энэ бол маш том зарчмын асуудал байгаа. Сонгуулийн тусгай шүүх байгуулах асуудал байгаа. Энэ асуудлыг мөн хүлээж авах боломжгүй гэдэг хариуг өгч байгаа.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж