
Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 23-наас арванхоёрдугаар сарын 3-ны хооронд тус клуб “Facebook forum”-ыг залуучуудын дунд амжилттай явуулж дуусчээ. Хууль шүүхийн шинэчлэл, хариуцлагатай улс төрийн асуудал, аюулгүй байдлын асуудлуудаар Facebook forum өрнүүлжээ. Ингэхдээ “Чинээлэг ирээдүй”, “Хариуцлагатай ирээдүй”, “Айдасгүй ирээдүй” гэсэн гурван чиглэлээр улс орны хөгжил, өнөөдөр бидэнд тулгамдаад байгаа гол асуудлыг онцолсон байна. Хэлэлцүүлгийн үеэр “Нэг Ардчилал” клубын Facebook хуудсанд 167,715 хэрэглэгч зочилж, эдгээрээс 2500 гаруй нь хэлэлцүүлж байгаа асуудлаар санал бодлоо илэрхийлсэн талаар хэвлэлийн бага хурал зохион байгуулагчид ярилаа.
“Нэг ардчилал” клубээс санаачилсан дараагийн үйл ажиллагаа маргааш болох юм байна. “Facebook forum”-д оролцсон болон оюутнуудаас бүрдсэн 1206 залуугийн хэлэлцүүлэг байх бөгөөд “Соёлын төв өргөө”-нд болох ажээ. Мөн тус клубээс нийт оюутнуудын дунд “Миний нэг мөрөөдөл Монголын ирээдүй” гэсэн нэртэй аян өрнүүлээд байна. Эл аяны хүрээнд унших цуврал лекц арванхоёрдугаар сарын 20-н хүртэл үргэлжлэхээс гадна оюутнуудын дунд “1000 үгээр 1000 мөрөөдлөө илэрхийлье” сэдэвт эссэ бичлэгийн уралдаан зарлажээ. Уг уралдааныг энэ сарын 14-нд дүгнэж, 20-нд “1000 оюутны мөрөөдлөө хуваалцах” уулзалтыг Төрийн ордонд зохион байгуулах юм байна.