Та мэргэжлээ зөв сонгож чадсан уу. Хэрэв зөв сонгосон бол тухайн салбартаа амжилт гаргаж, ажлаа сэтгэл хангалуун, үр бүтээлтэйгээр хийж чадна. Харин сонголтоо буруу хийсэн бол идэвхгүй, сэтгэл ханамжгүй байх нь тодорхой. Өнөөгийн нийгэмд мэргэжлээ сонгоно гэдэг бэрх даваа болжээ. Мэргэжил гэж чухам юу юм, ямар мэргэжлийг сонговол ирээдүйд юу хийх вэ гэхчлэн олон асуултын хариултыг уг нь дунд сургуулийн сурагч байхаас нь зааж, сургах хэрэгтэй юм шиг. Гэтэл одоо ерөнхий боловсролын сурагчид ахлах ангиа төгсөхийн даваан дээр яаран, сандран шийдвэр гаргадаг болж. Нөгөөтэйгүүр эцэг, эхийнхээ хүсэл сонирхлын дагуу мэргэжил сонгох нь элбэг. Өөрийн хүссэн мэргэжлийг сонгоогүй учир сурагчид сайн сурахыг ч хичээдэггүй. Үүнтэй ижил нөхцөл байдал олон залууст тохиолдсон биз. Зарим нь өнөөдөр харамсаад сууж байж ч болох. Иймээс л хожим харамсахгүйн тулд юун түрүүнд өөрийн хүссэн мэргэжлийг сонгох нь их чухал. Гэхдээ зах зээлийн нийгэм учир хүсэл сонирхлоос гадна ажлын байрны эрэлт, хэрэгцээг судлах ёстой. Тэгэхгүй бол хүн бүр бизнес эрхэлж, эсвэл хуульчид, дуучид, жүжигчид болж болохгүй шүү дээ. Бүгд ижил мэргэжилтэй болбол хэн мужаан, барилгачин, засварчин хийх билээ.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны судалгаагаар энэ онд Монголын хөдөлмөрийн зах зээлд 22796 ажлын сул орон тоо бий аж. Харин үүний 46.7 хувь нь шинээр бий болж буй, үлдсэн 53.3 хувь нь сул ажлын байр байна гэсэн мэдээллийг ажил олгогчид өгчээ. Нийт ажлын байрны хүлээлтийн 51.9 хувь нь нэн эрэлттэй 20 ажил мэргэжил байгаа юм байна. Дийлэнх нь барилга, уул уурхай, үйлдвэрлэлийн салбаруудад хамаарч буй. Жишээлбэл, барилгын салбарын барилга угсралтын туслах ажилтан, засалчин, шаварчин, арматурчин, гагнуурчин, өрлөгчин, мужаан, мөн зам индүүдлэгийн ажилтан, уул уурхайн салбарын хүнд даацын машин, том тэрэгний жолооч, өрмийн мастер, уурхайчин, үйлдвэрлэлийн салбарт үйлдвэрлэл аж ахуйн туслах ажилтан, хөдөлгүүрийн засварчин зэрэг ажил мэргэжлүүд хамгийн эрэлттэй байгаа аж. Тиймээс эдгээр эрэлттэй байгаа мэргэжлээс сонговол ажлын байраа хурдан олох нь ойлгомжтой юм. Дэлхий дахинд нийт долоон мянган төрлийн ажил мэргэжил байдгаас Монгол залуус 50 гаруйхан мэргэжлээс сонголтоо хийдэг ажээ. Дээр бичсэнчлэн эрэлттэй байгаа мэргэжлийг судалж мэргэжлээ зөв тодорхойлох хэрэгтэй. АНУ-ын Үндэсний статистикийн хорооноос жил бүр өсөлттэй, эрэлттэй болон илүүдэлтэй байгаа мэргэжлийн жагсаалтыг гаргадаг. Энэхүү жагсаалтыг нь залуус харж ямар мэргэжил сонгох хэрэгтэйгээ мэддэг байна. Үүн шиг манай улс аль аймагт ямар мэргэжилтэй хүн дутуу бас илүүдэлтэй байна, залуус ямар чиглэлээр суралцах хэрэгтэй талаарх мэдээллийг түгээх шаардлага тулгараад байгаа юм. Мөн сургуулиа төгсөж байгаа мэргэжлээ хэрхэн сонгохоо мэдэхгүй сурагчдад ямар чиглэлээр суралцвал ямар хүнболох вэ гэдгийг нь ойлгуулах мэргэжлийн чиг баримжаа олгох газар дутагдалтай байна. Мэргэжлийн чиг баримжааг дутуу олгодог учир хуульчид өнөөдөр цөөн ажлын байраа булаацалдан сууна.
Засгийн газар энэ оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд нэг сая гаруй хүн амьдардаг нийслэлд олон хөтөлбөрийг авч хэрэгжүүлж байгаа юм байна. Юун түрүүнд 35-аас дээш насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилго агуулж буй аж. Үүнтэй уялдуулан ажилгүйдлийг бууруулах, хөдөлмөр эрхлэх нөхцөлийг бүрдүүлэх үүднээс 20 мянган ажлын байрыг бий болгох нь. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, өөрөө өөртөө ажлын байр бий болгоход нь дэмжлэг үзүүлэх юм байна. “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, зээлийн хүү нөхөн төлөх журмын дагуу банкаар дамжуулан жижиг зээл олгож эхэлжээ. Өнгөрсөн оны байдлаар гэхэд 443 албан бус хөдөлмөр эрхлэгч, 26 ажилгүй иргэн, 45 аж ахуйн нэгж, байгууллагад нэг тэрбум 645 cая төгрөгийн зээлийг олгосноор 2050 шинэ ажлын байрыг бий болгожээ. Харин нийслэлд олгож буй жижиг, дунд үйлдвэрлэлийн зээлийн хүрээнд нийт 490 ажлын байр шинээр бий болгосон байна. Ийнхүү зээл олгож эхэлснээс хойш ажлын байрыг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлж чадсан үр дүнтэй.
Залуус мэргэжлээ зөв сонгосон хэдий ч хөдөө орон нутагт очиж ажиллах хүсэлтэй нь ховор байдаг. Тэднийг хөдөө бүр сумдад ажиллах хүсэл тэмүүлэлийг төрүүлэхийн тулд мэргэжлийнх нь утга учир, сайн сайхныг нь ойлгуулах нь юунаас ч илүү чухал юм. Тэгэхгүй бол нийгэмд эрэлттэй байгаа ч сонгосон мэргэжлээрээ ажилладаггүй хүмүүс олон. Иймээс л эцэг эх нь хүүхдүүддээ мэргэжил бүхэн сайхан гэдэг ухагдахууныг бага байхаас нь сургах хэрэгтэй. Ингэж сургаснаар ажил мэргэжлийг голох ухаан сурагчдад байхгүй болох эхлэл тавигдах учиртай. Мэргэжил сонголтоо ухаалаг, зөв хийх нь араасаа олон үр дагаврыг дагуулдаг болохоор сайн судлах хэрэгтэй юм шүү.
"Улс төрийн тойм" сонин
