Кино халтуурддаг нөхдүүд зөвлөгөөнд ирсэнгүй

Хуучирсан мэдээ: 2011.12.05-нд нийтлэгдсэн

Кино халтуурддаг нөхдүүд зөвлөгөөнд ирсэнгүй

Сүүлийн үед уран сайхны киноны нээлт өдөр алсгасахгүй шахам болж  байна. Өнгөрсөн намар л гэхэд 50 киноны нээлт болох тухай мэдээлэл олон түмнийг гайхашруулж, “Хэдий завандаа ийм олон кино хийчих вэ” гэсэн бодол хэн хүний нүдийг орой дээр нь гаргах шахсан. Үзэгчид шинэ юманд дуртай болохоор үзэж, олонх нь “муу” гэсэн үнэлгээ өгсөн. Өмнө нь “Монгол кино” нэгдэл жилийн турш нэг л кинонд бүхий л анхаарлаа хандуулж хийдэг байсан болохоор чанар сайн байх нь аргагүй биз. Өнөө үед бол нэг киног сарын хугацаанд жинхэнэ “халтуурдаж” өөрөө өөрсддөө сайн үнэлгээ өгөөд рекламдаад байх болсон. Үүнд нь үзэгчид ихэд бухимддаг. Тиймээс энэ талаар албаныхан нь дуугарах цаг нь болсныг ойлгож, өнгөрсөн баасан гаригт Улсын Филармонид Монголын кино уран бүтээлчдийн улсын зөвлөгөөн зарласан юм. Үүнийг Засгийн газар, БСШУЯ, Соёл урлагийн хороо, Нийслэлийн соёл урлагийн газар, Монголын урлагийн ажилтны холбоо хамтран зохион байгууллаа. Хэдхэн жилийн өмнө нийслэлий н хэмжээнд цөөн тооны кино студи иймэрхүү зөвлөгөөн зохион байгуулж байснаас биш, улсын хэмжээнд байгаагүй тул кино уран бүтээлчид идэвхитэй оролцсон. Гэхдээ тэнд сонсох ёстой “халтуурчид” нь ирээгүйд зохион байгуулагчид сэтгэл гонсгор үлдсэн. Уг нь тэдэнд урилга, заллага хүргүүлсэн. Гэмт хүн гэлбэлзэнэ гэгчээр ичих, айх хоёр зэрэгцсэн болохоор ирээгүй биз. Харин зөвлөгөөнд насаараа кино урлагт хүчин зүтгэж үхэхээс бусдыг үзсэн ахмадуудаас эхлээд 300 орчим хүн цугларлаа.

Нээлт эхлэх мөчид танхим руу ороход хананд нь эртний болон сүүлийн үеийн уран сайхны киноны гэрэл зураг байрлуулсан нь уг үйл ажиллагааг илүү тод илтгэж байв. Зөвлөгөөний гол зорилго нь “Кино урлаг манай улсад өнөөгийн байдлаар ямар түвшинд явааг тодорхойлохоос гадна төр ямар бодлого баримтлах гэж байна, шуудайнд хийсэн эвэр шиг олон арван кино студийг нэгтгэж болох уу” зэрэг асуудлыг хөндсөн юм. Нэг үхрийн эвэр доргивол 1000 үхрийн эвэр доргидог болохоор аль хөрөнгөтэй байгууллага кино студи байгуулж, чанар муутай кино хийхэд зөвхөн тус байгууллагынх бус бүх кино уран бүтээлчдийн нэр гардаг болохоор арга ч үгүй биз.

Зөвлөгөөнийг БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр нээж үг хэлсэн юм. Тэрбээр “1921 оны Ардын хувьсгалаар манай улсад шинэ соёл нэвтрэн орж, театрт кино, дуурь, балет зэрэг урлагийн төрөл үүсч, дэлхийн теарт олон уран бүтээлчд хөл тавьсан. Харин кино урлагийг бий болгох гэж төрөөс анхааран 1923 онд кино үйлдвэрийн газрыг байгуулж, ЗХУ-аас кино уран бүтээлчдийг урьж, 1935 онд кино үйлдвэрийг байгуулах түүхэн замнал эхэлсэн. Харин 1990-ээд оны үед цаг үе өөрчлөгдөж, төрөөс анхаарах нь багассан нь үнэн. Гэвч кино урлагт бие сэтгэлээ зориулсан уран бүтээлчид маань сэтгэлээ хоёрдуулалгүй үнэнч зүтгэсээр өнөөдөр “Кино урлагаа цаашид хэрхэн хөгжүүлэх тухай ярилцаж буйг харахад баярлууштай, бахархууштай сэтгэгдэл төрж байна” хэмээсэн. Харин чанарын хувьд ярихдаа “Дэлхийн болон, олон улсын кино наадамд манай улсаас олон кино тэргүүн болон шагналт байр эзэлж байна. Цаашид ч эзэлнэ гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ манай улсад 500 гаруй кино студи байгуулагдсан байдаг юм билээ. Тооны хувьд сайн боловч чанарыг нь орхигдуулж байна. Иймээс кино урлагийнхаа чанарт анхаарах цаг болж. Манай улсад тийм их кино студи байх шаардлагагүй. 100 ямаанд 60 ухана гэдэг биз дээ. Иймд тэд нэгдэж, хэн хэнтэйгээ зөвлөлддөг нэг толгойтой байгууллага болоосой гэж хүсч байна. Ингэхгүй бол аль дуртай нь кино хийчихээд бусдынхаа нэрийг хөөтүүлэх юм. Тэгээд ч өрсөлдөөний эрин үед кино студи хэт олшрохоороо ашгаа илүүд үзэж, чанараа мартдаг нь бичигдээгүй хууль. Сүүлийн үед үзэгчид “Сайн кино болсонгүй гэж ярих болсон. Үүнтэй ч би санал нэгтэй бай­даг” гэсэн юм.  Харин Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг. Соёл урлагийн хорооны дарга Б.Лхагвасүрэн Манай улсын кино урлаг мөхлөө гэж хэлэх хүн олон байна. Би үүнтэй санал нийлэхгүй. Учир нь өчигдөр, өнөөдөр, маргааш гэсэн гурван цаг дор түүх нь бичигдэж байгаа болохоор тэр. Харин чанар нь суларч байна гэхэд зөвшөөрнө. Үүний шалтгаан нь төрийн халамж, хувиа бодсон олон студийн хийж буй ажлаас хамаарна. Нэмж хэлэхэд кино урлаг гэдэг бол мэддэг, чаддаг хүний хийх ёстой ажил болохоос мэдрэмжгүй бусдын чөлөөт цагаараа оролддог зүйл биш гэв. Зохиолынх нь тухай лавлахад “Би цөөн ч гэсэн хэдэн киноны зохиол бичсэний зэрэгцээ энэ албыг хашч буй хүний хувьд хэлэхэд, өнөөгийн кино зохиолоос авах юм алга. Дураараа кино хийж байгаа үл мэдэгдэх улс бидэнтэй нэгдвэл өнөөдөр бид ийм бухимдалтай суухгүй” гэв. Иймээс энэ бүхнийг кино уран бүтээлчид аль хэдийн бодох цаг иржээ. Монголын кино урлаг дэлхийн тавцанд нэрээ мөнхлөх цаг ирлээ гэж ярьдаг ч иргэдийнхээ сэтгэлд нийцсэн бүтээл гүйцэтгэчихээд дэлхийн хэмжээнд өрсөлдвөл зүгээрсэн.

Мөнгө улаан, нүд цагаан гээд зүтгэж яваа хувийн кино, продакшнууд ийм байдаг байж. Жүжигчдийн нь талаар албаны хүмүүсээс нь тодрууллаа. Тэд “Манай улсад кино урлагийн олон сургууль байна. Гэхдээ чадвартай жүжигчин алга. Мөлжүүр ихтэй яс гэдэг шиг драм, хошин урлагийн хэдэн жүжигчнээ л кинондоо тоглуулах юм. Өдийд кино урлагт залуу үе гэж гарч ирэх цаг болсон. Өмнөх жилүүдэд кино, драмын ангийг төгссөн хүүхдүүд хаана яваа нь бүү мэд. Таван жил сурчихаад хөдөө хонины бэлчээр дагасан хүн болчихоогүй л баймаарсан. Залуу насандаа хийе, бүтээе гэсэн эрмэлзэлгүй болсон юм байх даа гэх шахам зүйл цухалдуулсан. Тэд энэхүү бодлоороо дараагийн үеэ гарч ирэхгүй юм биш байгаа гэсэн эмзэг бодол тээж байгаагаа ч нуугаагүй. Сүүлийн үед олны танил, хэн нэгний хайртай дуучин, тамирчин тоглох болсонд ихэд дургүй байсан. Арга ч үгүй биз дээ. Кино урлагийн ямар ч мэдлэггүй хэрнээ кинонд тоглох гээд гүйгээд байгаа юм чинь. Гэхдээ энэ байдлаараа мэргэжлийн сургууль төгссөн дээрх хүүхдүүдтэй харьцуулагдвал авууштай ч юм шиг санагдуулж, ахмад уран бүтээлчдэд өмөөрөх шалтгаан болсон. Гэхдээ даанч чадвар нь хүрэхгүй юм. Санаа байгаад ч сачий нь хүрэхгүй гэдэг дээ. Тийм л зүйл тэдэнд тохиолдож байна. Гэхдээ эдгээр дуучин, тамирчинг буруутгах зүйл алга. Гол буруутан нь кино найруулагч, студи гэнэ. Учир нь аливаа нэг компанитай гэрээ хийж хамтран ажиллахдаа тус байгууллагадаа “Танай байгууллагад тэдэн сарын дараа ашгийнхаа тэдэн хувийг өгнө” хэмээн тохиролцдог аж. Ийм хурдан хугацаанд багтаж ашиг олохын тулд үзэгчдийн сул талыг ашиглаж, хүндэлдэг дуучин, тамирчныг нь кинондоо тоглуулдаг байна. Гэвч тэд нь мэргэжлийн жүжигчин биш ашиг олох нь байтугай эсрэгээр нөлөөлөх нь бий. Энэ аргыг нь мэдсэн үзэгчид сүүлийн үед шинэ кино гарч байсан ч үзэх сонирхолгүй болсон бололтой. Иймээс холбогдох хүмүүс “Гялгар хүмүүсийг тоглуулахаа болиосой. Энэ чинь кино урлагийн нэр хүндийг унагааж байна. Тэдгээр дуучин клипэндээ хүртэл олигтой тоглож чаддаггүй шүү” хэмээн уурлаж байсан.

Кино урлагийн хэллэг гэж айхтар том асуудал байдаг аж. Жишээ нь “Мандухай цэцэн хатан”, “Чингис хаан” зэрэг агуу бүтээлийг дурдаж болно. Сүүлийн үед гарч буй түүхийг кино болгох гэсэн олон студи байдаг аж. Гэвч тэд талын монгол айлд, аргалын утаа баагуулаад хэдэн хонь, хурганы зураг авсан бол кино хийчихсэн юм шиг санадаг. Иймд мэргэжлийн уран бүтээлчид ярихдаа “Түүхэн кино түүхэн өгүүлэмжтэй байх ёстой. Эхлээд хэддүгээр зууны кино хийх гэж байгаагаа мэдэрч, тэр үеийн малчдын хэрэглэж байсан зүйл, яриа, хүнсний зүйлийг нь хүртэл судлах хэрэгтэй. Өмнөх зуунд “Тасархай” гэж хэлдэг хүн байгаагүй. Одооныхоор бол гоё гэсэн үг юм билээ. Тэр үеийн малчид гоё гэдэг үгийг сайхан, аятайхан гэж зөөлрүүлж хэлдэг байсан” гэв. Энэ мэтчилэн ярьвал олон зүйл байна. Цаас, цагийн гарз болох тул ингэсгээд өндөрлөе.

Хурлын үеэр БСШУЯ, Засгийн газраас тодруулсан соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр Монголын шинжлэх ухаан, танин мэдэхүй, байгаль орчны “Хемон” нийгэмлэгийн тэргүүн Д.Сумхүү, Г.Мөнхбат, “Соёл” продакшны найруулагч С.Нэргүй, МҮОНРТ-ийн орч­уул­гын найруулгийн нэвтрүүлэгч С.Батцэцэг, “Dream Life” теле­визийн найруулагч  О.Оюун, хальс сэргээн засварлагч Х.Амгай, Кино урлагийн дээд сургуулийн багш Н.Бат-Амгалан зэрэг 10 гаруй хүнийг урамшуулсан юм.   

У.Баярсайхан

“Өдрийн шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж