Хуучирсан мэдээ: 2011.12.05-нд нийтлэгдсэн

Тэнцвэргүй тэгш эрх

Хуульч О.Алтангэрэлийн булан үргэлжиж байна.

Найзын маань машиныг цагдаа зогсоогоод “Улаан гэрлээр орлоо, суудлын даруулгаа хийсэнгүй” хэмээн түүнийг 10 мянган төгрөгөөр торгов. Цаашаа явах зуур найз маань бухимдаж байгаа гэж жигтэйхэн. Ганц удаа бүс зүүхгүй явж байхад ингэлээ л гэнэ. Монголын цагдаа нар харьцаа муутай, хөгийн л гэнэ. Манай найз хагас сарын өмнө Америкаас ирсэн бөгөөд тэнд зургаан жил амьдарсан юм л даа. Тэнд байхдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчдөггүй байсныг нь би мэдэх тул Америкт бол 500 ам.доллараар торгуулах зөрчил дээр 10  ам.доллар хүрэхгүй мөнгө өгчихөөд юунд бухимдаад байгааг нь асуувал “Бүгд л дүрэм зөрчөөд байхад яагаад намайг торгож байгаа юм бэ. Зөрж байгаа машинуудыг хар даа, хэд нь бүсээ зүүсэн байна” гэж билээ.

Хүний төрөлх мөн чанараараа шударга бус зүйлд тун дургүй. Энэхүү дургүйцэл өөрт нь болон өрөөл бусдад өөр хэм хэмжээ, хууль дүрэм үйлчлээд байхад бүр ч илүү мэдрэгдэнэ. Хар хор, атаархлаас илүүтэйгээр ийм дургүйцэл нь нийгмийг өөрчлөх хувьсгалд ч хүргэж болохоор маш хүчтэй эд.

Сарын 21 мянган төгрөгөө  авахаар дугаарлаж байтал банкны теллерийн найз өмнүүр чинь орох, тендерт оролцохоор материалаа бүрдүүлээд явж байтал чинь ялагч нь аль хэдийнэ тодорчихсон байх, зодоон хийж, зодуулсан хамаатны чинь хүүхэд хоёр жилээр таслагдаад явахад зодсон нь тэнсэн аваад наранд гарах зэрэг уур бухимдал төрүүлэхээр зүйл манай нийгэмд дэндүү олон байна.

Энэ бүх байдлын эх үндэс нь хууль дүрэм тэгш үйлчлэхгүй байгаа явдал мөн. Ихэнхи хууль нь хариуцлагын зохицуулалт дутмаг, хууль тогтоомж ноцтой зөрчигсдийг багахан мөнгөөр торгох заалттай. Хөрөнгө мөнгө гэдэг нь жам ёсоороо нэгэнд нь их, нөгөөд нь бага байдаг тул торгох гэдэг нь зарим нэгэнд нь томоохон дарамт, өөр хэсэгт нь инээд хүрэм өчүүхэн арга хэмжээ юм.

Хууль, эрх зүйн хэм хэмжээг хэрэглэж бусдад хариуцлага тооцдог, нийгмийн хэв журам болоод аюулгүй байдлыг сахин хамгаалдаг төрийн байгууллага, албан хаагчид ажил үүрэгтээ хуулийн дагуу хандаж чадаж буй эсэхээс хуулийн тэгш үйлчлэл мөн хамаарна.

Гал тогооноос нь жоом, хоолноос нь нян илэрсэн рестораныг зөрчил дээр нь нээнтэглэж халаасандаа хийж авах уу. Эсвэл нэгмөсөн үүдийг нь барьж олон түмний эрх ашгийг хамгаалах уу гэдэг нь мэргэжлийн хяналтын байцаагчийн сонголт биш, хяналт, хариуцлагаар нөхцөлдсөн гарцаагүй үүрэг нь байх ёстой.

Өнөөдөр Улаанбаатарт цаг харгалзалгүй ажиллаж, согтууруулах ундаа зардаг тоотой хэдэн диско клуб бий. Үүдээр нь цагдаа нар эргэлдэнэ. Гэхдээ яагаад ч юм бэ үйл ажиллагаа нь хэвийн явагддаг. Нийслэлийн Засаг даргын захирамж, элдэв хориг энэ тэр уг нь бий л дээ. Тэр нь танил талгүй, хууль дүрэм зөрчихийг хүсдэггүй, хүссэн ч айдаг хэсэгт нь үйлчилнэ. Яг адилхан бизнес хийж байхад нэгнийх нь толгойг илээд, нөгөөдхийг нь нудраад байж болох уу даа ер нь.

Хамгийн хортой зүйл нь манай нийгмийн гишүүд энэхүү шударга бус байдал, хуулийн тэгш бус үйлчлэлд өөрийн эрхгүй дасч эхэлж байна. Мөнгө хөрөнгө, танил тал, албан тушаалтайд нь хууль өөрөөр үйлчилдэг, ер нь бараг үйлчлэхгүй байгаа хэмээх ойлголт хэвшчихлээ.

Албан тушаалтнууд хэрэгт орлоо гэж сонсогдвол хэзээ хэрэгсэхгүй болох юм бол гэж хүлээх, баян нэгэн нь зүй бус авирлалаа гэвэл аргагүй шүү дээ мөнгөтэй хүн гэж бишрэх, албан тушаалтан бусдыг дээрлхэхэд надаас л холуур байвал барав хэмээн хараагүй мэт өнгөрөх зэрэг байж боломгүй авир бидний араншингийн нэгээхэн хэсэг болжээ.

Уг нь Үндсэн хуулиараа бид “Хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй” хэмээн тунхагласан. Тунхаглаад ч зогсохгүй өөр олон хуулиар баталгаажуулсан. Тэрхүү хуулиудыг хэрэгжүүлэх нь дан ганц төрийн үүрэг биш. Эрхээ хамгаалах, шударга бус байдлыг үл тэвчих мэдрэмжтэй байж гэмээнэ шударга ёс тогтоно. Өөрөөр хэлбэл шударга ёсны манаач нь иргэд бид юм. Иргэд энэхүү эрх, үүргээ хэрэгжүүлэхэд туслах үүрэгтэй хүмүүс бол хуульч, өмгөөлөгчид.

Манай нийгэм дандаа ийм шударга бус байгаагүй шигээ дандаа ийм байхгүй гэж би хувьдаа итгэдэг. Бид чинь Их Монгол улс даяар мөрдөгдөж, хожмоо олон улс гүрнүүдийн хууль цаазын үндэс болж явсан Их Засаг хуулийг бүтээсэн, хууль зөрчсөн хэнийг ч болов шийтгэдэг байсан төрт ёсны уламжлал, дэг ёсыг тогтоож байсан ард түмний үр сад шүү дээ.

О.Алтангэрэл

"Улс төрийн тойм" сонин

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж