Мөсний даац аюулгүйн хэмжээнд хүрээгүй

Хуучирсан мэдээ: 2011.12.05-нд нийтлэгдсэн

Мөсний даац аюулгүйн хэмжээнд хүрээгүй

Сүүлийн үед иргэд цаг хэмнэх гэж гол мөрөн, нууран дээр мөсний даац аюулгүйн хэмжээнд хүрээгүй байхад тээврийн хэрэгслээр явснаас болж, мөс цөмөрч амь насаа алдах, эд хөрөнгөөрөө хохирох болсон байна. Тиймээс иргэд Ус цаг уурын хүрээлэнгээс тодорхойлж байгаа цаг агаарын мэдээ, гол мөрний мөсний зузааны тойм мэдээг сайтар үзэж байхыг ОБЕГ-аас анхаарууллаа. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн, Эг, Бэлтэс, Бүгсий голын мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос 5-30 см, Хэнтэй нуруунаас эх авсан Туул, Онон, Хэрлэн, Хангай нуруунаас эх авсан Идэр, Хануй, Чулуут,  Завхан голынх 10-20 см зузаарч, ерөнхийдөө нийт нутгаар гол мөрөн битүү мөсөн бүрхүүлээр хучигдсан байна. Сэлэнгэ мөрөн, Орхон голын дагууд битүү мөсөн бүрхүүл тогтож, зарим газраа харзтай, 30-45 см зузаан мөстэй байна. Хэдийгээр нийт нутгаар ихэнх гол мөрөн нууран дээр битүү мөсөн бүрхүүл тогтож, мөс улам зузаарах хандлагатай байгаа боловч мөсний зузаан олон жилийн дунджаас харьцангуй бага мөн түүнчлэн мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүйн хэмжээнд хүрээгүй байгаа тул мөс цөмрөх аюулаас болгоомжлохыг мөсөн замын тээвэр, аялал хийхээр сонирхож байгаа аж ахуйн нэгж байгууллага болон  ард иргэдэд ОБЕГ-аас анхаарууллаа.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж